Ө.Даваажаргал: “Чадвараараа гэрэлтье” уриатай S+ Урлагийн төв үүдээ нээлээ

Aдмин / Энтертайнмент

“Чадвараараа гэрэлтье” уриатай S+ Урлагийн төв нь хүүхэд, залуус, насанд хүрэгчид, гэр бүл болон байгууллагад зориулсан сургалт, хөгжлийн олон талт хөтөлбөрөөрөө урлагийн боловсрол,бүтээлч байдлыг дэмжин, урлагийн үнэ цэнийг олон нийтэд хүргэхээр үүд хаалгаа нээж байна. Энэ талаар S+ Урлагийн төвийг үүсгэн байгуулагч Ө.Даваажаргалаас тодрууллаа.


-S+ Урлагийн төвийг байгуулах санаа юунаас эхэлсэн бэ?

-Урлаг хүний амьдралын чанар, мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх чадварт их нөлөөтэй. Гэхдээ урлагийн боловсролыг бид ихэвлэн хүүхдийн сургалт эсхүл мэргэжлийн уран бүтээлч бэлтгэхтэй холбож ойлгодог.

Бид үүнийг арай өргөн хүрээнд харсан. Хүүхэд ч, насанд хүрсэн хүн ч өөрийн сонирхол, авьяас, чадвараа нээж хөгжүүлэх боломжтой байх орчин нөхцөлийг нийгэмдээ бид бүтээх ёстой гэж. Гэр бүл хамтдаа бүтээлчээр цагийг өнгөрүүлдэг, байгууллага хүртэл ажилтныхаа хөгжилд урлагийн давуу талыг өөрсдөдөө шинжээж чаддаг байгаасай гэж хүссэн. Ингээд урлагийг хүн бүрд ойртуулсан, суралцахаас гадна өөрийг нээж, бүтээж, бусадтай холбогдох орон зай байгуулах санаа S+Урлагийн төвийн эхлэл болсон. Үүнийг манай Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс дэмжин бид энэхүү хүрээлэнгийнхээ дэргэд төвөө байгуулах боломж бүрдсэн.

-“S+” гэдэг нэр сонирхол татаж байна. Ямар утга агуулгатай вэ?

-“S” үсгийг бид нэг утгаар хязгаарлаагүй. Shine-гэрэлтэх, Skill-чадвар, Song -хөгжим, Studio-бүтээлч орон зай, Stage – өөрийгөө илэрхийлэх гэсэн олон утгыг илэрхийлдэг.Харин “+” нь түүнээс цааш үргэлжлэх боломж юм. Хүн бүрийн “+” өөр. Нэг хүүхэд хөгжмөөр, нөгөө нь зургаар, өөр нэг хүн бүжиг, дуу, тайзаар өөрийгөө нээж болно. Тиймээс бид хүн бүрд өөрийн гэрэлтэх чадвар бий гэж хардаг.Манай “Чадвараараа гэрэлтье” гэсэн уриа ч энэ санаанаас гарсан.

-Сургалтын хөтөлбөрийн талаар тодруулбал?

-Хөгжмийн чиглэлд үндэсний болон сонгодог хөгжим буюу тухайлбал, морин хуур, төгөлдөр хуур, хийл, эвэр бүрээ, бишгүүр, шанз, хуучир, ятга болон бусад сонгодог үлээвэр, цохивор хөгжмийн төрлүүд, гитар гэх мэт олон төрөл сонголттой бол мөн бүжгийн чиглэлд үндэсний, сонгодог, цэнгээнт бүжиг, дууны чиглэлд уртын болон ардын дуу, нийтийн болон орчин цагийн дууны хөтөлбөр хэрэгжинэ. Дүрслэх урлагаар зураг, бүтээлч урлаг, уран бичлэг, гэрэл зураг зэрэг сонголттой.

Үүнээс гадна илтгэх урлаг, монгол бичиг, йог, сэтгэл зүйн болон хувь хүний хөгжлийн хөтөлбөр, лекц, уулзалт, соёлын арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Хөгжмийн сургалтыг шатлалтай байхаар цаашид төлөвлөсөн гэсэн. Энэ талаар та дэлгэрүүлнэ үү?

-Сургалтын үр дүнг зөвхөн “ нэг жил сурсан, хоёр жил явсан” гэдгээр хэмжих нь хангалтгүй гэж боддог. Тухайн суралцагч юу сурсан, ямар чадвар эзэмшсэн, өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн, ахисан гэдэг нь илүү чухал. Тиймээс хөгжмийн сургалтыг анхан, дунд, ахисан шатлалтай, цаашдаа түвшин бүрийн зорилго, үнэлгээ, гэрчилгээтэй уялдсан тогтолцоо болгон хөгжүүлнэ.

-Хүүхдээ сургалтад оруулж байгаа эцэг эхчүүдэд юуг хамгийн түрүүнд хэлмээр байна?

-Хүүхэд бүр заавал мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, зураач болох албагүй. Харин урлагаар хичээллэснээр өөрийгөө таних, сонирхлоо олох, ямар нэг зүйлийг тууштай сурах, бүтээх, өөрийгөө илэрхийлэх туршлага хуримтлуулна. Бид хүүхдийн тэр онцлогийг олж хараад, өөрийгөө сонсож хөгжүүлдэг, мөн бусадтай хамтарч чаддаг, өчигдрийнхөөсөө өнөөдөр нэг алхам ахисан байх орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. Харин насанд хүрэгчдэд бол “Би хүүхэд байхдаа төгөлдөр хуур сурмаар байсан”, “зураг зурдаг байсан ч орхисон”, “дуулах дуртай ч суралцаж байгаагүй” гэж ярьдаг хүн олон.

-Яагаад одоо эхэлж болохгүй гэж?

-Насанд хүрсэн хүн заавал мэргэжлийн түвшинд хүрэх зорилготой байх шаардлагагүй. Өөртөө цаг гаргах, шинэ чадвар эзэмших, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх нь өөрөө үнэ цэнэтэй. Тиймээс манай төвд насанд хүрэгчид ч өөрийн сонирхол, боломжид тохирсон чиглэлээр суралцах боломжтой.

-Гэр бүлд зориулсан хөтөлбөрийг онцолж байгаа нь ямар учиртай вэ?

-Бид хүүхдээ хичээлд хүргэж өгөөд ээж, аав нь гадаа хүлээдэг хэвшмэл байдлыг өөрөөр харж байгаа. Хүүхэд хөгжмийн хичээлдээ сууж байх хооронд ээж нь зураг, иог эсвэл өөрийн сонирхсон хөтөлбөрт, аав нь өөр сургалтад хамрагдаж болно. Эсвэл гэр бүлээрээ хамтран бүтээл хийх, урлагийн арга хэмжээнд оролцох боломжтой.Ингэснээр урлаг нэг хүүхдийн хичээл биш, гэр бүлийн хамтын дурсамж, хамтдаа хөгжих соёл болж чадна. Тиймээс манай үйл ажиллагаанд гэр бүлийн хөгжил, хүүхэд, насанд хүрэгчид, хамтын бүтээл, соён гэгээрүүлэх болон соёлын арга хэмжээ гэсэн чиглэлүүдийг хамтатган авч үзэж байгаа.

-Байгууллагуудтай бас хамтарна гэсэн. Урлагийн төв байгууллагад ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?

-Байгууллагын хөгжил гэдэг зөвхөн мэргэжлийн сургалтаар хязгаарлагдахгүй болсон. Хамт олны харилцаа, бүтээлч сэтгэлгээ, ажилтны оролцоо, өөрийгөө илэрхийлэх чадвар ч чухал.Тиймээс байгууллагын онцлог, хэрэгцээнд тохирсон бүтээлч хөтөлбөр, багийн үйл ажиллагаа, ажилтны хөгжлийн сургалт, гэр бүлийн өдөрлөг, урлагийн арга хэмжээ зэрэг хэлбэрээр хамтран ажиллах боломжтой. Бидний хувьд байгууллагад зориулсан хөтөлбөр нь нэг удаагийн арга хэмжээ бус, урлагаар дамжуулан хүмүүсийг холбох, хамт олны бүтээлч оролцоог нэмэгдүүлэх чиглэл рүү хөгжөөсэй гэж хүсэж байна.

-Танай төвд “сургалт” болон “тайз” хоёр хэрхэн холбогдох вэ?

-Урлагийг сураад л байвал хангалтгүй. Түүнийгээ илэрхийлж, бусадтай хуваалцах хэрэгтэй.Хөгжим сурсан хүүхэд тайзан дээр тоглож үзэх, зураг зурсан хүн бүтээлээ үзэсгэлэнд дэлгэх, дуу, бүжгээр хичээллэсэн суралцагч үзэгчдийн өмнө өөрийгөө сорих нь сургалтын маш чухал хэсэг. Тиймээс бид “сургалт -бүтээл-тайз-хамтын оролцоо” гэсэн холбоог бий болгохыг зорьж байгаа. Ингэж байж суралцагч өөрийн ахиц, хөдөлмөрийн үр дүнг бодитоор мэдэрнэ.

-S+ Урлагийн төвийн цаашдын алсын хараа юу вэ?

-Бид эхлээд сургалтын чанар, багшийн ур чадвар, суралцагчийн ахиц, тогтвортой үйл ажиллагаандаа төвлөрнө. Цаашдаа шаталсан сургалтын хөтөлбөр, үнэлгээ, гэрчилгээ, багшийн арга зүй, тайзны дадлага, бүтээлч төсөл, олон улсын хамтын ажиллагааг нэг системд хөгжүүлж, урлагийн боловсролын цогц тогтолцоотой байгууллага болохыг зорьж байна.Урт хугацаанд олон талт хөтөлбөр бүхий урлагийн боловсролын байгууллага болон өргөжиж, хүүхэд, залуусын ур чадварыг системтэй хөгжүүлэх нь бидний алсын харааны нэг хэсэг.

Энэ дашрамд өөрсдийн хаягаа та бүхэнд хүргэе. S+ Урлагийн төв нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын зам, Яармаг дахь “Futaba” хотхоны 483 дугаар байранд байрлаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7739-9090 утсаар болон www.ArtCenterS.mn цахим хуудсаар авах боломжтой.

Г.БАЛГАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.