Тосонцэнгэл - Нөмрөг - Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа

Aдмин / Орон нутаг

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлыг өнгөрөгч 2018 оны 4 дүгээр сард эхлүүлсэн бол энэ сард Улсын комисс ажиллан, ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагааг Нөмрөг суманд зохион байгууллаа. Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга Я.Санжмятав, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Н.Амарсайхан, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан болон гүйцэтгэгч компанийн удирдлага, авто замчид, орон нутгийн иргэд оролцов.

Энэ жил Монгол Улсын Зам, тээврийн салбарт олон томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэний нэг нь Тосонцэнгэл-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 километр хатуу хучилттай авто замын төсөл. Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд чиглэлийн 5 сум Улаанбаатар хоттой засмал замаар бүрэн холбогдож, 13 сумын иргэд үр шимийг нь хүртэж, иргэдэд богино хугацаанд, тав тухтай зорчих, эмнэлэг, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүртэх, аялал жуулчлал хөгжих зэрэг бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх юм. Мөн энэ сарын 13-ны өдөр нээлтээ хийсэн Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 километр хатуу хучилттай авто замын 50 километр нь Завхан аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа учир энэ жил тус аймагт нийт 217 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулаад байна.

Түүнчлэн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай авто зам, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр автозамын барилгын ажил 2020 онд дуусах бөгөөд ингэснээр Завхан, Говь-Алтай аймгууд Нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил бүрэн хэрэгжиж дуусах юм.

Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн нийт 167 километр замын уртад 180 цэгт хиймэл байгууламж, 3 цэгт 9-18 урт метр төмөрбетон гүүрийг барьж байгуулсан бол авто замын суурийн доод үе 30 сантиметр, буталсан чулуун суурь 20 сантиметр, суурь асфальтбетон хучилт 4 сантиметр, өнгө асфальбетон хучилт 3 сантиметр зузаан. Мөн хайрган хөвөөний өргөн 1.5 метр, бэхэлгээний хөвөөний өргөн 0.5м*2, зорчих хэсгийн өргөн 7 метр юм. Дээрх чиглэлийн авто замын зураг төслийг “Аварга зам” ХХК улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд боловсруулж, зам барилгын ажлыг концесс эзэмшигч “Монгол ЛЗ зам гүүр” ХХК гүйцэтгэн, техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эм Си Пи Си жи ар” ХХК хэрэгжүүлэн ажиллалаа.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:18

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:01:18

Гамбаа [202.179.14.26] 2019-11-19 04:24:14

Монгол улсын засгийн газарт баяр хүргэе мянганы зам бүр урт болтугай

zamtai baih saihan ldaa.. [66.181.182.66] 2019-11-19 02:18:25

undur huutei munguur zam guur barisaar baital urund orj duuslaa shdee.zam tai baih ch goyo l doo urtel baih hetcuu shuu dee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.