Монгол, АНУ, Японы гурван талт хэлэлцээнд оролцов
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Вашингтон хотноо болж буй Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтад оролцох үеэрээ Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД Д.Стилвэллтэй уулзаж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцааг өргөжүүлэх болон бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцож, ярилцжээ. Манай тал ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарахтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд айлын тал тус байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн хоёр тал Монгол, Америкийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2020 оны эхний хагаст зохион байгуулахаар тохиролцож, мөн үеэр Туслах ТНБД Д.Стилвэлл Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв. Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Төрийн департаментын Умард Солонгосын асуудал хариуцсан Тусгай төлөөлөгчийн орлогч А.Вон-той уулзаж, бүс нутаг, түүний дотор Солонгосын хойг дахь сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Талууд асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв. Эдгээр уулзалтад Элчин сайд Ё.Отгонбаяр, ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх, Төрийн департамент, ЭСЯ-ны ажилтнууд байлцав.
Сэтгэгдэл
УИХ-д ЖДҮ,концессчид авилгачид байхад сааралаас салахгүй [202.9.47.7] 2020-01-10 08:26:41
МУ ядуу байж том зааланд том ширээ дээр 2 улсын далбаа тавьж сүржигнэдэг. АНУ нь уудний өрөөндөө энэ хэдэн монголчуудыг шахаж суулгаж байгаад хагас дутуу сонссон болоод хөөгөөд гаргасан бололтой зураг төрх харагдаж байна. УИХ-ын гишүүд, Төр засгийн томчуул нь ЖДҮ,концесс, авилга хусдаг учир саарал жагсаалтаас гарахгүй. 2020-6 сарын Сонгуулийн дүнд шударга хүмүүс орж ирвэл сааралаас хасах эсэхийг судлана гэсэн хариу өгсөн гэсэн үү