Эх орон нь авчирлаа, энд ирээд “томоотой” байх нь тэдний үүрэг

Н.Саранчимэг / Нүүр

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн. Эхний ээлжинд өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдөр БНСУ-аас эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай эхний 244 иргэнийг Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр эх орондоо авчирлаа.

УОК-ын шийдвэрээр өчигдөр 16:40 цагт МИАТ компанийн шинэ коронавирусын голомтот бүс нутаг БНСУ-аас ирсэн учир биеийн байдал, зорчих хөдөлгөөнд хийсэн, оршин сууж байсан газар зэргийг нь харгалзан шууд Чингис хаан нисэх онгоцны буудлын нисэх талбайгаас гурван газарт хуваарилсан. Хамгийн түрүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт, 184 хүнийг “Энх Саран” сувиллын газарт, тус улсын Бусан, Дэгү хотоос ирсэн 10 хүнийг ХӨСҮТ-д хүргэн тусгаарлаж, ажиглалтад авсан байна.

Гадаад улсуудаас ирэх иргэдийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөхдөө “Москва, Берлин рүү өнөө өглөө онгоц ниссэн. Одоогийн байдлаар тэндээс ирэх онгоцнууд дүүргэлттэй байна. Зарим тохиолдолд билетээ буцааж, явахаа больж байгаа тохиолдол ч байгаа. Сая Сөүлийн тохиолдолд паспортоо мартсан, халуунтай байсан зэрэг шалтгаанаар зарим иргэн буцсан.

Истанбулын хувьд бүртгэл хийгдэж байгаа. Нислэгийн зөвшөөрөл авахаар ГХЯ Туркийн талтай ярилцаж байгаа. Захиалга харахад буцаж ирэх нислэгүүд дандаа дүүргэлттэй байгаа” гэсэн.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Тусгаарлах байрны журмыг сахиж чадахгүй хүн тухайн улсдаа үлдсэн нь дээр

Бид шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Нислэгүүд дүүрэн, нэг онгоцонд 250 хүн ирэхээр байна. Тэгэхээр 250 хүнийг аль болох нэг газар л байлгах хэрэгтэй. Хэрэв тараан байршуулбал хяналт тавих, шинжилгээ хийхэд төвөгтэй байдал үүснэ. Моква-Берлиний чиглэлээс гэхэд орон орноос хүн ирнэ. Тиймээс тэдгээр хүмүүсийг нэг том зааланд олноор байршуулах нь эрсдэлтэй. Магадгүй, шинж тэмдэг нь далд үедээ явж байвал бусад нь халдвар авах эрсдэл үүснэ. Тийм учраас нэг дор олноор биш нэг өрөөнд 4-5 хүн, дотроо ариун цэврийн өрөөтэй байх нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж тооцоолж байна.Тусгаарлах байранд дээд зэргийн дэг журмыг сахих ёстой. Тусгаарлах байрны журмыг сахиж чадахгүй хүн тухайн улсдаа үлдсэн нь дээр. Өдрийн гурван хоолтой, 14 хоногийн хугацаанд өөр хоорондоо уулзахгүй, өрөөнөөсөө гарч орохгүй байх тийм л шаардлагыг хангах тусгаарлах байруудыг бэлтгэж байна” гэсэн юм.

Дэлхийн хаана ч байсан Монгол иргэнээ анхаарах болно

Энэ бол хоёр хоногийн өмнө Монгол Улсын Шадар сайдын хэлсэн үг. Тэрбээр “Гадаад улс орнуудад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд байдал амаргүй байна. Тиймээс дэлхийн хаана ч байсан бид Монгол Улсын иргэнээ анхаарах болно. Эхний ээлжинд БНСУ, Япон болон Европын орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдэд тухайн улсдаа коронавирусын халдварын шинжилгээнд заавал орсон байх шаардлага биднээс үл хамаарах шалтгаанаар бүтэхээргүй боллоо. Хэрэв бүгдийг шинжилгээнд оруулна гэвэл цаг хугацаа их алдахаар байна. Ийм учраас аль аль талдаа хүндрэл учруулахгүйгээр иргэдээ хүлээн авах нь зүйтэй” гэдэг үүрэг чиглэлийг өглөө гэж хоёр хоногийн өмнө мэдэгдэж байсан. Үнэхээр ч хэлсэндээ хүрч, Монголын төр иргэдээ эх оронд нь, элгэн саданд нь, эрүүл энх авчирч өглөө. Харин энд ирээд тусгаарлах байранд 14 хоног хэл ам татлалгүй, хэрүүл тэмцэл хийлгүй “томоотой” байх нь тэдний үүрэг болж байна. Яг л цар тахлын голомт Ухань хотоос эх орноо гэж зүтгэж ирсэн 31 оюутан шиг үлгэр жишээ үзүүлж, хорио цээрийн хугацааг дуусгах хэрэгтэй.

Дараачийн нислэгүүд ч товлогджээ

Үүний дараа Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангаад байна.

Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06:30 цагт хийхээр бэлтгэл ажиилдаа оржээ. Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10:00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй юм байна.

Москва-Берлин, Токио, Истанбул хотууд руу тус бүр нэг удаагийн нислэг гүйцэтгэх бөгөөд эдгээр нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, холбогдон гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцахаар болсон. Олон улсын нислэгүүдийг түр зогсоосонтой холбоотойгоор эх орондоо буцах боломжгүй болоод байгаа гадаадын иргэдийг тухайн улсын Дипломат төлөөлөгчдийн газруудын албан ёсны хүсэлтийн дагуу дээрх нислэгүүдээр нэн түрүүнд тээвэрлэх бөгөөд гадаад улсад эмчилгээнд явах шаардлагатай, гадаад улсад оршин суудаг, суралцдаг Монгол Улсын иргэдийг мөн Улаанбаатараас тээвэрлэх ажээ.

Н.Саранчимэг