Сүсэглэх нь чөлөөтэй ч, сүм хийдийг цэгцлэх хэрэгтэй
-2010 оны Хүн ам орон сууцны тооллогоор нийт хүн амын 61.7 хувь нь шашин шүтдэг, 38.3 хувь нь сүсэггүй гэсэн судалгаа гарсан байдаг-
Тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийг хаах санал гаргав
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өчигдөр олны анхаарал татахуйц мэдээлэл гаргасан нь тусгай зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож, хаах саналыг НИТХ-д оруулахаар болсноо зарласан явдал юм. Нийслэлийн Засаг даргын А/108, А/223 тоот сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд НМХГ-ын даргын 02-01/636, 02-01/772 тоот мэдэгдлийг давхардсан тоогоор нийт 662 сүм хийдийн удирдлагуудад хүргүүлж хяналт тавин ажиллажээ. НМХГ-ын хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн байна.
- Нийслэлийн хэмжээнд 46 байгууллага зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус сүм хийдийн үйл ажиллагаа явуулж байжээ.
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж байгаа есөн сүм хийд байна.
- Зарим сүм хийд нь зөвшөөрөгдсөн хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчжээ.
- Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг холбогдох иргэдэд мэдээлээгүй, манаач, хариуцан ажиллах хүнгүй орхисон 32 шашны байгууллага байна.
Монгол Улсад шашны 67 урсгал бий
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн хэмжээнд шашны 15 урсгалын 321 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, буддын 80, христийн 189, шашны бусад урсгалын 52 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна” гэдгийг хэлж байсан. Өнөөдөр 3.2 сая гаруй хүн амтай Монгол Улсад 70 орчим шашны урсгалтай болсныг эрдэмтэн судлаачид сануулаад байгаа. Шашны ийм олон урсгал цэцэглэн хөгжих болсон шалтгаан нь сүм хийдийн үйл ажиллагааг зохицуулсан ямар ч хууль эрх зүйн орчин Монголд байхгүйтэй холбоотой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад шашны 67 урсгал байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг шашин судлаачид хэлж байгаа юм. Учир нь, эдгээр олон урсгал дунд гаж буруу урсгал, гадны улс орнуудад хориглосон шашны урсгал орж ирэх болжээ. 2017 оны статистикийн үзүүлэлтээр шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүм хийд дундаас хамгийн их буюу 189 нь Христийн сүм, хийд дангаараа бүртгэгдсэн байдаг. Үлдсэн хувь нь Будда, Ислам болон бусад хэмээн хуваагджээ. Эдгээр сүм хийд дотор дэлхийн зарим улс оронд хуулиар нь хориглосон, гаж буруу урсгалын жагсаалтад орсон сүм, хийд цөөнгүй. Жишээлбэл, БНСУ-д ид хүчээ аваад буй христийн Шинчонжи урсгалын хэд хэдэн салбар Монголд үйл ажиллагаа явуулдаг байна.
2018-2019 онд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгоогүй
УИХ-аас 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан түүхтэй. Тус хуульд 1994, 1995, 1997, 2014, 2015 онуудад өөрчлөлт оруулсан. Энэхүү хуульд сүм хийд байгуулах иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, НИТХ хянан үзэж зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас 2005 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр шашны байгууллага байгуулах үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг баталсан хууль тогтоомжийн хүрээнд нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрлийг олгож мөн хяналт тавьдаг байна. Гэвч НИТХ-аас 2018-2019 онд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгоогүй бөгөөд энэ хугацаанд 60 гаруй байгууллага зөвшөөрөл авах хүсэлтээ ирүүлжээ.
Гаднаас ямар нэгэн шашны урсгал дэлгэрүүлэхийг хориглоно гэсэн заалт бий
МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн багш, Докторант С.ДЭМБЭРЭЛ “Төр, сүмийн харилцааны хуульд гаднаас ямар нэгэн шашны урсгал дэлгэрүүлэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Гэтэл гадны төрийн байгууллагууд хүртэл Монголд зохион байгуулалттайгаар шашин дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах болсон. Христийн шашин доторх олон урсгал манай улсад олон улсын байгууллага нэртэйгээр орж ирж байна. Ингэхдээ хүүхэд залууст зориулсан спортын үйл ажиллагаа, англи хэлний сургалт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ зэргээр сонирхлыг нь татаж, алсдаа шашныхаа үйл ажиллагааг сурталчилж, түүндээ итгүүлэхийг зорих болсон. Энэ бүхнийг хянаж байдаг нарийн зохицуулдаг төрийн институци манай улсад алга.
Хүн шашин шүтэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй боловч хэрээс хэтэрвэл хүмүүс хоорондоо итгэл үнэмшлээрээ хагарч, талцах асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч болзошгүй” гэж хэлж байсан удаатай.
Тиймээс бид шашны өнөөгийн асуудалд тал талаас анхаарч, төрөөс холбогдох дүрэм журмыг боловсруулах, хууль эрх зүйн орчноо сайжруулж, өнөөгийн нөхцөл байдлыг мэдрэх шаардлага зайлшгүй байгаа юм.
Профессор Н.Икеда: Жийрэг улсын байр суурийг өөрт ашигтайгаар эргүүлэх нь: Япон, Монголыг харьцуулан эргэцүүлбэл…
“Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцсэн нь Монголд ихээхэн хохирол учруулах зорилго бүхий үймээн”
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Гамгүй үрэлгэн улс юм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
“Жангар тууль, Жангар судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
АН-ЫН БҮЛЭГ: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэн
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй ажлын хэсэг Эрдэнэтэд ажиллаж эхэллээ
Л.Энхнасан: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлт болон СЭМҮТ-ийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана