Макрон улс төрийн хямралд сөрөг хүчнийг буруутгав

Aдмин / Гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Газын зурваст гал зогсоох гэрээ байгуулахтай холбоотой олон улсын уулзалтад оролцохоор Египетийн Шарм-эш-Шейх хотноо ирэх үеэрээ Францын улс төрийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийжээ.

Тэрбээр сөрөг хүчний намууд шинээр томилогдсон Засгийн газарт автоматаар итгэлцлийн вотум гаргахыг шаардаж, улс төрийн хямралыг улам хурцатгасан хариуцлагаа хүлээх ёстой хэмээн онцолж, улс төрийн бүх хүчнийг Францын ард түмний эрх ашгийн төлөө хамтран ажиллаж, нөхцөл байдлыг тогтворжуулахад анхаарахыг уриалсан байна.

Макроны хэлснээр, Ерөнхий сайд асан Франсуа Байруд итгэл үл үзүүлэх санал дэвшүүлсэн улс төрийн хүчин, түүнчлэн одоогийн Ерөнхий сайд Себастьен Лекорньюгийн байр суурийг ганхуулах үйлдэлд оролцсон бүх хүчин өнөөгийн улс төрийн эмх замбараагүй байдлын хариуцлагыг бүрэн хүлээх ёстой аж. Харин тэрбээр улсын дотоод асуудалд залгамж халаа, тогтвортой байдлыг хадгалахыг эрхэмлэн ажиллаж буйгаа илэрхийлж, энэ чиглэлд цаашид ч тууштай хичээнгүйлэн ажиллахаа мэдэгдэв.

Төрийн тэргүүн шинэ Ерөнхий сайд Лекорнью болон түүний танхимыг чиглэсэн улс төрчдийн шүүмжлэлийг "өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй" хэмээн дүгнэж, бүх нам эв нэгдэлтэй байж, ард түмнээс итгэл хүлээн авсан мандатын хүрээнд хариуцлагатайгаар ажиллахыг дахин дахин онцлон уриалжээ.

Түүнчлэн Макрон шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнтэй сайд нарын анхны зөвлөлийг мягмар гарагт хуралдуулахаа мэдэгдэж, улс орныг тайван, тогтвортой замаар урагшлуулахын зэрэгцээ улс төрийн хүчнүүдийн хооронд харилцан хүндлэлд суурилсан уур амьсгалыг бүрдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Өнөөдөр дэлхий нийт Франц руу анхаарлаа хандуулж байна. Франц тогтвортой байдал, хүч чадлын дохио илгээх ёстой. Иймд улс төрийн бүх хүчний үүрэг бол тогтвортой байдлыг бий болгоход хувь нэмрээ оруулах бөгөөд харин тогтворгүй байдалд өдөөн турхирах үйлдлээс зайлсхийх ёстой” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн

Ерөнхий сайд Себастьен Лекорнью аравдугаар сарын 12-нд Бүгд Найрамдах Улсын шинэ Засгийн газрыг бүрдүүлсэн бөгөөд Гадаад хэргийн сайдаар Жан-Ноэль Барро, Хууль зүйн сайдаар Жеральд Дарманен нарыг улираан томилсон бол, Дотоод хэргийн сайдаар Парисын цагдаагийн дарга асан Лоран Нуньес, Батлан хамгаалахын сайдаар хөдөлмөр, эрүүл мэндийн сайд асан Катрин Вотрен нар тус тус томилогдсон байна.

Хачирхалтай нь, өмнөх Засгийн газар мөн Лекорньюгийн удирдлага дор бүрдсэн ч сайд нарын нэрсийг зарласнаас хойш 24 цаг ч хүрэлгүй огцорч, Тавдугаар Бүгд Найрамдах Улсын түүхэн дэх хамгийн богино настай танхим болов.

Сөрөг хүчний байр суурь

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа сөрөг хүчний гол намууд болох "Үндэсний Нэгдэл" болон "Эсэргүүцэгч Франц" Ерөнхий сайдаар дахин томилогдсон Лекорньюд итгэл үзүүлэхгүйгээ илэрхийлж, итгэлгүй байдлын санал (вотум) дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа аж.

Бусад улс төрийн хүчин энэ талаар илүү болгоомжтой байр суурь баримталж байгаа бөгөөд Францын Социалист намын тэргүүн Оливье Фор намын гишүүд дээрх саналыг дэмжиж магадгүй байгаа бол “Экологистууд”-ын удирдагч Марин Тонделье Ерөнхий сайдын үгийн дараа ямар нэгэн тайлбар өгөхөөс түдгэлзжээ.

Харин "Бүгд Найрамдахчууд"-ын дотор саналын зөрчилдөөн багагүй байгаа бөгөөд намын дарга Брюно Ретайо Засгийн газарт нэгдсэн гишүүдийг намынхаа бодлогыг зөрчсөн хэмээн үзэж, тэднийг хасах талаар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.