Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы өчигдрийн /2020.04.07/ хуралдаан 15.20 цагт эхэлж, УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хороодын хуралдааны танхимуудад тогтоосон зай хэмжээнд тодорхой тоогоор хуваагдан сууж чуулганы хуралдаанд цахимаар оролцлоо.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан танилцуулсан.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн тархалт нийгэм, эрүүл мэндийн байдалд нөлөөлж, эдийн засгийн хүндрэл үүсч байгаатай холбоотойгоор дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, тариалан эрхлэгчдийг эдийн засгийн бодлого зохицуулалтаар дэмжих, гурилын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, зах зээлд гурилын хангамж, үнийг тогтворжуулах мөн хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор 15.0 мянган тонн улаан буудайн элит үр, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах 160.0 мянган тонн хүнсний улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр ургамлын тосыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

/Төсвийн байнгын хорооны хуралдааны мэдээллийг эндээс үзнэ үү/

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.