Үер, усны ослын 38 удаагийн дуудлагаар 146 хүний амь насыг авран хамгаалжээ

Н.Баярмаа / Нүүр

Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран баяр, наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Баяр наадмын өдрүүдэд нийт нутгаар бороо хур элбэгтэй байснаас амрагч наадамчид үер усны аюулд өртөж үер усанд өртөж эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирсон харамсалтай тохиолдлууд цөөнгүй гарчээ. Цаашдаа амралт зугаалгын улирал үргэлжлэх учраас аливаа байгалийн гэнэтийн гамшгаас үүдэх осол гэмтэл, эрүүл мэнд амь насанд учирч болохуйц эрсдэлээс урьдчилан сэргийлж аялж зугаалахыг онцгой байдлын албанаас сэрэмжлүүлсээр байгаа юм.

Хамгийн их хур тунадас орсон газрууд

Баярын өдрүүдэд Төв аймгийн Батсүмбэрт 61мм, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Партизан орчмоор 59мм, Завхан аймгийн Малчин, Түргэн, Улаангом сумдаар 40-58мм, Булганы Баяннуур орчмоор 48мм, Дархан-Уул аймгийн Орхон суманд 41мм, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Наранбулаг, Өндөрхангай сумдад 34-40мм, Төв аймгийн Эрдэнэ суманд 35мм, Сүхбаатар аймгийн Дарьгангад 37мм хур тунадас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Долдугаар сарын 11-14 өдрүүдэд нийслэл Улаанбаатар болон бусад гурван аймагт гол нуурын усанд 11 хүн энджээ

Тодруулбал, Төв болон Хөвсгөл аймагт тус бүр гурван иргэн, Сэлэнгэ аймагт нэг хүн Говь-Алтай аймагт нэг, Улаанбаатар хотод гурван хүн гол нуурын усанд живж амь насаа алдсан тухай мэдээлж байна. Эдгээр хүмүүсийн дунд 2-11 насны хоёр хүүхэд байжээ.

Налайх дүүргийн нутагт дэвсгэрт 11 настай хүүхэд усанд живсэн гэсэн дуудлагаар очиж Нийслэлийн онцгой байдлын газар бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийг хараахан олдоогүй байгаа аж. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Алаг- Эрдэнэ сум Хөвсгөл нууранд 7-58 насны нэг эрэгтэй, хоёр эмэгтэй нийт гурван иргэн энджээ.

Онцгой байдлын байгууллагаас бага насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулах, хүүхдийг анхаарлын гадна орхихгүй байх, стандартын бус завь хийлдэг гудас ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хараа хяналтаа сулруулахгүй байхыг зөвлөж байна.

Завь, хийлдэг гудас ашиглах үедээ анхаарал сэрэмж алдсанаас үүдэн дараах тохиолдлууд бүртгэгджээ

Дорнод аймгийн Халх гол сум Буйр нууранд 3-6 насны гурван хүүхэд завьтай нуурын гүн рүү хөвснийг онцгой байдлын алба хил хамгаалах байгууллагатай хамтран татан гаргаж авран хамгаалсан.

Долдугаар сарын 12-нд Буйр нууранд дөрвөн том хүн моторт завьтай зугаалж яваад завины мотор эвдэрч нуурын гүн рүү хөвсөн. Онцгой байдлын алба хаагчид эдгээр иргэдийг маргааш өдөр нь нуурын эргээс 16 км улсын хилээс 7 км зайнаас олж авран хамгаалжээ.

Эвдрэлтэй байгаа улсын чиглэлийн зам, гүүрүүд

Мөрөн – Хатгал чиглэлийн мөрөн талаасаа гуравдахь км-т байрлах ус зайлуулах хос төмөр хоолойн хэсэгт замын далан хучилт 5м орчим тасарсан байдалтай байна. Ийм учираас энэ чиглэлийн замын тасарсан хэсгийг нь хаагаад түр замаар зорчуулж байна.

Мөрөн- Улиастай чиглэлд хүчтэй аадар бороо орсны улмаас 3,5км буюу дулааны цахилгаан станцын орчим зам тасарсныг түр замаар зорчуулж байна.

Булган- Мөрөн чиглэлийн авто замын дагуу Мөрөн талаасаа 85,90, 92, 95, 97 км-т 100-300м урттай 5 хэсэг газар үерийн ус замын зорчих хэсэг дээгүүр давж хөвөө далангийн халин налуу угаагдсан байдалтай байна. Энэ замыг “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн ажилчид засаж сайжруулж байна.

Улаангом- Хандгайт чиглэлийн авто замын 32 дахь км-т бага түргэний гүүрний захын бэхэлгээ, далан үерийн усанд угаагдасанаас дамжих хавтан унасан.

Улаангом- Хандгайт чиглэлийн 19 дэх км-т Шургадагийн сайрын гүүрийн захын тулгуурын бэхэлгээ далан үерийн усанд угаагдаж хавтан унасан. Иймээс Увс аймгийн засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

Өлгий- Цагааннуур улсын чиглэлийн Өлгийгөөс 84 дэх км-т Бураатын голын төмөр бетон гүүрийн 2 талын далан угаагдаж дамжих хавтан цөмөрсөн байна.

Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 333-оос 337 дэх км-т зорчих хэсэг дээр үерийн ус давж замын хөвөө, далангын хажуу налуу угаагдаж эвдэрсэн. Хэсгийн шороо, чулууг цэвэрлэж дууссан. Одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үер, усны ослын 38 удаагийн дуудлагаар 146 хүний амь насыг авран хамгаалжээ

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослоор амь насаа алдсан 10 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цогцсыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэдийн 8 нь том хүн, 2 хүн нь хүүхэд байжээ.

Баярын өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Хөвсгөл, Увс аймгуудад айлын гэр, хашаа усанд автжээ. Үүнээс дурьдвал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар 7 дугаар сарын 12, 13-ны өдөр усархаг аадар бороо орсны улмаас үерийн ус зайлуулах далан сэтэрч 34 айл өрхийн гэр, хашаа байшин үерт автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид даланг засах, айлуудын хашаанд орсон усыг соруулах, суваг шуудуу сэргээх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

Мөн Увс аймгийн Улаангом сумын нутгаар 14-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас 3 өрхийн 8 гэр үерт автсан. Улаангом сумын “Гашууны гол”-ын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын гүүр үерийн усанд эвдэрч зорчиж явсан автомашинууд үерийн усанд боогдсон дуудлагаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, үерт өртсөн айлуудын хашаан дахь усыг соруулж, гэрүүдийг нүүлгэн шилжүүлж, үерийн усанд боогдсон 2200 гаруй автомашинуудыг татаж гаргасан байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгаар 13-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабелийн 19.4 км-т гэмтэл гарч, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн засварын баг гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байгаа гэдгийг тус тус мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.