ҮББХ: Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар асуулгын хариуг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төсөл батлав

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаан 14 цаг 13 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд тавьсан асуулгын хариу, Ноос ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав.

Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өглөө

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” асуулгын хариуг хэлэлцлээ. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав. Танилцуулгадаа, “Ховд аймагт оршдог Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар Эрчим хүчний яамны зүгээс үйлдвэр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд ТЭЗҮ батлагдсаны дараа барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулна. Шахмал түлшний үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2021 онд багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Батлагдсан төсвийн дагуу үйлдвэрийн эхний ээлжийг 2022-2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Жилд 50-90 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байна. Энэ нь Ховд хотын гэр хорооллын 7960 айл өрхийн хэрэглээг бүрэн хангах хэмжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн төв, сум, суурин газрын агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэж үзэж байна” хэмээн хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Ш.Адьшаа, Ш.Раднаасэд, Ж.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Хөшөөтийн уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх зорилгоор асуулга тавьсан. Нүүрс түлдэг аймгийн төвүүдэд агаарын бохирдол Улаанбаатарынхаас дутуугүй, хүнд боллоо. Хөшөөтийн уурхайг түшиглэн үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгасан. Гэтэл зөвхөн Ховд аймгийн төвийг түлшээр хангах хүчин чадалтай үйлдвэр барихаар салбарын сайд хариулт өгч байна. Энэ үйлдвэр хүчин чадлын хувьд Ховдоос гадна ойролцоох аймгуудыг хангах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд Хөшөөтийн уурхайн нүүрс сайжруулсан түлш үйлдвэрлэхэд шаардлага хангах уу гэдгийг тодруулав. энэ асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нүүрс нь илчлэгийн хувьд шаардлага хангаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болж чадна. Уурхайн хүчин чадлыг ТЭЗҮ хийгдсэний дараа тодорхой хэлэх боломжтой. Өмнөх Баянтээгийн уурхайг түшиглэж барьсан үйлдвэрт алдаатай зүйл бий. Энэ алдааг давтахгүйн тулд ажиллаж байна хэмээн хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд ТЭЗҮ хийх явцдаа нүүрсээ угаах, хүчин чадал өндөртэй үйлдвэр болгох тал дээр анхаарах, Баянтээг болон Таван толгойн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн аль аль нь гаднаас барьцалдуулагч авч байгаа учир дотоодын материалыг ашиглаж түлшний барьцалдуулагчийн үйлдвэр хамтад нь барих боломжийн талаар тодрууллаа. Энэ асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Хөшөөтийн нүүрсийг угаавал анхны хөрөнгө оруулалт болоод ашиглалтын зардал өснө. Шаардлага хангаж байгаа тохиолдолд заавал угаах шаардлагатай юу гэдгийг бодолцох ёстой. Барьцалдуулагчийн үйлдвэр барих талаар судалгаа, тооцооны шатанд ажил явж байна гээд барьцалдуулагчийн стандарт тогтоох нь сайжруулсан шахмал түлшний чанарт онцгой ач холбогдолтойг тэмдэглэв.

Түүнчлэн Байнгын хорооны гишүүд ТЭЗҮ хэзээ хийж дуусах, нийт ямар өртгөөр үйлдвэр байгуулах, Ховд аймгаас гадна ойролцоох Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудыг түлшээр хангах үйлдвэр болгоход ямар хүндрэл тулгарах зэрэг асуудлуудыг тодруулж, салбарын сайдаас хариулт авлаа.

Ийнхүү хэлэлцсэнээр асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ТЭЗҮ дууссаны дараа зарим асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргах санал гаргасан бол Байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэн эхний ээлжинд бүх талууд ойлголтоо нэгтгээд, ажлаа шахаж хийх чиглэл өгөв.

Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Дараа нь Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг. Манай ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 орчим үйл ажиллагаа явуулдаг. Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2, нэхэх 4, ээрэх 9, нэхээсгүй эдлэлийн 1, угаах 25, хялгас ялгах 23, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны 1, эсгийлэх 120, нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг талаар тоон мэдээллийг дурьдаад ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн хугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулав.

Тогтоолын төсөл болон Ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал нар асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхтэй холбогдуулан ер нь цаашид чөлөөлөөд байх шаардлагтай юу гэдэг талаар, Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх зохицуулалтыг тодруулж, Ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм.

Дээрх асуултуудад Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал “10 их наяд хөтөлбөр”-ийн хүрээнд яригдаж байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх зориулалтаар яригдаж байгаа учир үйлдвэрлэгчид таатай хандаж буй тухай хариулсан бол Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн зээлийг ченжүүдэд өгөхгүй, зөвхөн боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгоно гэж хариуллаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэв.

Ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжиж, баталснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.