Давхар хамгаалалт: Нууцаа битгий алдаарай

Aдмин / Эдийн засаг

Гэрээсээ, эсвэл хүссэн газраасаа ажиллах горим, алсын зайны уулзалтууд шинэ эгэл дэх нийтлэг хэв маяг болсон билээ. Хэдийгээр дижитал шилжилт түргэсэж буй нь хүмүүсийн амьдралыг хөнгөвчилсөн ч үүнийг дагаад цахим халдлагад өртөх эрсдэл нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн мэдээнд, энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хоёр дахин өсчээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л цахим залилангийн улмаас нийт 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж.

ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа цувралын хүрээнд цахим гэмт үйлдлийг таних, урьдчилсан сэргийлэх аргуудыг хуваалцаж буйн учир энэ.

Хуурамч цахим шуудан

Хуурамч и-мэйлийн гол зорилго бол таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг олж авах. Жишээлбэл, банкны нэрийг барьж, тухайн хүн рүү картын хугацаа дууссан тул мэдээллээ яаралтай шинэчилнэ үү, таны данснаас мөнгө гарсан тул энд дарж нууц үгээ солино уу гэсэн агуулгатай и-мэйл илгээн богино хугацааны дотор эргэн хариу өгөх, холбоос линкэн дээр дарж орохыг шаарддаг.

Гэтэл банк харилцагчийнхаа дансны дугаар, нэвтрэх нэр, нууц үгийг и-мэйлээр хэзээ ч асуудаггүй гэдгийг та мэдэх үү?

Тэгвэл энэ төрлийн и-мэйлийг хэрхэн таньж, хуурамч эсэхийг нь нягтлах аргуудаас хуваалцъя:

  1. Хаягийг нягтлах – Банкууд албан ёсны цахим хаягнаас шуудан илгээдэг. Харин гэмт этгээдүүд албан бус и-мэйл буюу idavaadorj@yahoo.com, tsoomoo@t-online.de гэх мэт хувийн хаяг ашигладаг. Энэ бол залилангийн и-мэйл мөн эсэхийг таних хамгийн эхний тэмдэг.
  2. И-мэйлийн зорилгыг судлах – Цахим шууданг ямар зорилгоор илгээсэн байна вэ? Аливаа холбоос линк дээр дарахад хувийн мэдээллээ оруулахыг шаардсан байна уу? Хэрвээ тийм бол энэ нь аюулын дохио юм шүү.
  3. Он, сар, өдрийг шалгах – Дансаар шилжүүлсэн гүйлгээний мэдээллийг банк тухай бүрт нь и-мэйлээр ирүүлдэг. Хэрэв танд ирсэн и-мэйлийн өдөр цаг нь гүйлгээ хийсэн хугацаатай зөрж байвал тухайн и-мэйл сэжиг бүхий гэсэн үг.
  4. Лого зургийг нягтлах – Мэргэжлийн байгууллага и-мэйлийн харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайн и-мэйл профайл зурагтай эсэхийг нэг нягтлаарай.
  5. Нэвтрэх нэр, нууц үг шаардвал хуурамч и-мэйл гэсэн үг. Хэрэв хуурамч и-мэйл бол шилжүүлгийн мэдээлэл агуулсан хавсралт файлыг нээх үед таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг эсвэл ямар нэгэн мэдээлэл оруулахыг шаардана. Банк хэзээ ч хувийн мэдээлэл асуудаггүй.
  6. Дахин нягтлах – Үйлдэл хийхээсээ өмнө илгээгчийн нэр, цахим хаяг, зургийг дахин нэг нягтлаарай. Түүнчлэн, зөв бичгийн дүрмийн алдаа гаргасан, утга найруулга муутай бичсэн эсэхийг анзаарах. Гэмт этгээдүүд ажигч гярхай биш хүмүүсийг онилдог учир зөв бичгийн дүрэм, найруулгад ач холбогдол өгдөггүй. Мөн зарим тохиолдолд орчуулгын програм ашиглан текстийг орчуулсан байдаг нь илт мэдэгдэхүйц дүрмийн болон утга найруулгын алдаатай байдаг. Тэр байтугай хүний анхаарал сул байх цагийг сонгож и-мэйл илгээх нь ч бий.

“Ковид-19”-ийн халхавч

Цар тахал гарч, нийтээрээ түгшүүрт автсан энэ үед тухайн цаг үеийн мэдээллийг өгөөш болгон ашиглаж, жинхэнэ юм шиг харагдах хуурамч мэдээлэлтэй сайт руу оруулах, “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл, тархалтыг харуулах аппликэйшн татуулах зэрэг аргыг ашиглан, хүмүүсийн хувийн санд нэвтрэх, банкны мэдээллийг олж авах бусармаг явдал дэлхий даяар гаарч байна. Тиймээс цаг үеийн шуурхай мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах ёстой. Мөн цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын нэрийг ашиглан иргэдийг хуурч, бүртгэл хийх халхавчаар хувийн мэдээллийг нь авах луйвар ихэсдэг.

  • Цаг үеийн мэдээ мэдээлэл – Мэдээний холбоос дээр дарахад вирус татагдан ажиллаж, таны компьютерт суун төхөөрөмж дээр хийсэн бүхий л үйлдэл, мэдээллийг тань хулгайлна;
  • Хандивын аян – Дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авна;
  • Онлайн бараа захиалга – Дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авна;
  • Олон улсын дуудлага – Автомат дуудлагыг хүлээн авч, зааврын дагуу ямар нэгэн тоон дээр дарснаар та хувийн мэдээллээ алдах, өөр олон хуурамч дуудлагууд хүлээн авах эсхүл таныг нууцлалтай мэдээллээ оруулахыг шаардана;
  • Хуурамч и-мэйлүүд – Хавсралт эсхүл холбоос дээр дарснаар нууц програм ажиллан таны компьютерт суун төхөөрөмжийг тань түгжиж, мөнгө төлөхийг шаардах, төхөөрөмж дээрээ оруулах үйлдэл, мэдээллийг тань бичиж авах, эсхүл регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахыг шаардана;
  • Хуурамч вэбсайтууд – Вэбсайтын URL дээр дарахад вирус татагдаж төхөөрөмж дээр сууна;
  • Олон нийтийн сүлжээн дэх хуурамч мэдээний холбоосууд –Регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг асуух, эсхүл нууц вирус татагдана;
  • Гар утасны хуурамч аппликэйшн – Тагнах зориулалт бүхий Corona Live 1.1 апп эсхүл ижил төрлийн Android апп татсанаар тухайн гар утасны камер, микрофон, файл, байршил, олон нийтийн сүлжээний бүхий л текст, мессежид хандана;
  • Текст мессеж – Холбоос дээр дарснаар тухайн төхөөрөмжийн дэлгэцийг түгжиж, мөнгө төлөхийг шаардана.

Дээр дурдсан цахим гэмт хэргийн төрлүүд нь иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар загварчлагдсан байдаг тул давхар нягтлахаа мартуузай.

image


Сэтгэгдэл

Зочин [172.58.140.65] 2021-04-09 05:30:21

Za za


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.