Иранд интернетийн хязгаарлалт 30 дахь өдрөө үргэлжилж байна
Иранд интернетийн хүртээмж хэвийн үеийнхээс ойролцоогоор 1 хувь хүртэл буурсан бөгөөд хязгаарлалт 30 дахь өдрөө үргэлжилж байгаа талаар интернетийн хяналтын NetBlocks байгууллага мэдээллээ.
Тодруулбал, Иранд интернетийн тасалдал 2026 оны хоёрдугаар сарын сүүлчээс эхэлж, бүс нутгийн цэргийн хурцадмал байдал нэмэгдсэний дараа улам гүнзгийрсэн байна. Интернетийн урсгал богино хугацаанд 98 орчим хувиар буурч, иргэдийн олонх нь олон улсын сүлжээнд холбогдох боломжгүй болсон гэж шинжээчид мэдээлжээ.
Мөн гуравдугаар сарын эхээр Ираны интернетийн холболт хэвийн үеийн ойролцоогоор 1 хувь орчим түвшинд хүрч буурсан бөгөөд саяхны байдлаар тасалдал 30 дахь өдрөө үргэлжилж байгаа талаар дурджээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү интернетийн хязгаарлалт нь:
- Цэргийн ажиллагаатай холбоотой мэдээллийн урсгалыг хязгаарлах
- Иргэдийн хөдөлгөөн, зохион байгуулалтыг сааруулах
- Дотоод нөхцөл байдлын мэдээллийг гадагшлахыг хянах зорилготой байж болзошгүй гэж дүгнэж байна.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр Ираны 80 гаруй сая иргэн гадаад ертөнцтэй холбоо барихад хүндрэл үүсч, гэр бүл, хэвлэл мэдээлэл, бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа аж.
Иранд өмнө нь 2019 болон 2022 онд мөн интернетийн өргөн хэмжээний хязгаарлалт хийж байсан ч энэ удаагийн тасалдал нь хамгийн урт хугацаанд үргэлжилж буй интернетийн хязгаарлалтуудын нэг болж байгааг ажиглагчид онцолж байна.






























































Сэтгэгдэл