Ж.Отгонбаяр: Иргэд хоол, мөнгө гуйгаагүй. Харин эм, витамин гуйж байгаа нь манай төрийн бодит төрхийг илчилж байна
-Та коронавирусийн халдвар авч гэрээрээ эмчлүүлж байгаа шүү дээ. Бие нь сайн уу?
-Коронавирусийн халдвар аваад 10 хонож байна. бараг эдгэрчихсэн болов уу хэмээн таамаглаж байна. өнөөдөр эсрэг биетээ тоолуулна. Нэг удаагийн урьдчилсан тестээр сөрөг гарсан. анх коронавирусийн халдвар авснаа мэдээд нэг их цочирдоогүй. Учир нь эргэн тойронд байгаа таньдаг мэддэг хүмүүс халдвар аваад илэрдэг шинж тэмдэг, хэрэглэж байгаа эмийн талаар ойлголттой болчихсон байсан. Гэнэт толгой өвдөх, нойр хүрэх, ядрах, халуурах, ханиалгах шинж тэмдэг илрээд эхлэх үед интермэд эмнэлэгт шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. хариугаа сонсоод шаардлагатай эмүүдээ авч, өөрийгөө гэртээ тусгаарласан. Ингээд эмээ угаад гэртээ байж байна. анх илэрч байсан шинж тэмдгүүд одоо бараг арилсан байна.
-Эмнэлгийн байгууллагаас ямар эм авч уух талаар зөвлөгөө авсан уу?
-Эмчтэй холбогдож чадаагүй шүү дээ. эмчтэй, эмнэлгийн байгууллагатай холбогдож байгаа хүн цөөхөн байгаа байх. интернэтээс л ямар эм уух, яах тухай мэдээлэл авсан. Коронавирус туссан, эдгэсэн хүмүүсийн групп рүү “манайхаан, шинэ гишүүн байна. Яах билээ” гээд л орсон. хэд хэдэн групп байдаг юм билээ. надтай адил коронавирус тусаад эмнэлгийн тусламж, эмчийн үзлэгт хамрагдаж чадаагүй өөрөө өөрийгөө эмчилчсэн өчнөөн олон хүмүүс байдаг юм байна. жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэж эмч, эмнэлгийн байгууллагын тусламж хүрэлцэхгүй байгаа энэ үед иргэд бие биендээ туршлагаасаа хуваалцаж байна. арбидол хэмээх виру-сийн эсрэг эм, витамин Д,С, норов-7, мана-4, амугцлов гэх вирусний эсрэг хүчтэй эм юм билээ. цаг тухай бүр эмээ уугаад байхаар халуун буурч, үнэрлэх мэдрэмж хэд хоногоос сэргэсэн.
-Гэрийнхэндээ халдвар тараахаас хэрхэн сэргийлэв?
-Нэг өрөөндөө өөрийгөө тусгаарлаад хаалга үүдээ түгжсэн. гэр бүлийн хүн хоол хийгээд үүдэнд тавиад цаашаа явсных нь дараа хоолоо авсан. Ариун цэврийн өрөө орохдоо өөрийгөө бүтэн баглаад ариутгагч цацаж байгаад ордог.
-Та эрүүл мэндийн яамны 11 цагийн мэдээлэлд оролцох үеэр ЭМ-ийн сайдыг “Та яасан худалч юм бэ” хэмээн нэлээд шүүмжилж харагдсан шүү дээ. Яагаад бухимдах болов?
-Тэр нэвтрүүлэгт санаандгүй орсон л доо. эрүүл мэндийн сайдыг оролцоно ч гэж мэдээгүй. ингээд 11 цагийн мэдээлэлд холбогдчихоод байж байхад Эрүүл мэндийн сайд 30 минутын турш худлаа ярихыг нь сонсоод үнэхээр тэсээгүй. Яах ч аргагүй бодит байдлын талаар эрүүл мэндийн сайд хүн худлаа ярьж иргэдийг төөрөгдүүлж болохгүй. сайдын яриад байгаа шиг тийм сайхан зүйл манай улсад алга. Коронавирусийн эсрэг эм нь олдохгүй, PCR-ийн шинжилгээ өгөх цэгүүд нь хүрэлцэхгүй байхад бүх зүйл сайхан байгаа юм шиг ярих нь үнэхээр таалагдаагүй.
-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд нэг өөр юм ярьдаг, хэлдэг. Бодит байдал дээр асуудал тэдний хэлдэг, ярьдгаас өөр байдаг гэдгийг л та хоёрын ярилцлага харуулах шиг боллоо?
-Би нэг байгууллагын удирдлагаар ажилладаг. Манай байгууллагын ажилчид коронавирусийн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэхээр өөрсдийн халааснаасаа 90-120 мянган төгрөг гаргаад шинжилгээ өгч байна. Үнэгүй шинжилгээнд хамрагдана гэсэн ойлголт ерөөсөө алга. Ингээд хариу нь батлагдсан тохиолдолд 14 хоног цалин орлогоосоо тасарч байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын эдийн засаг хүндэрсэн энэ үед коронавирусийн халдвараар өвдсөн ажилчиддаа цалинг нь бүтэн олгож байгаа байгууллага хэд байгаа билээ. Өөрийнхөө ажилчдаар жишээ аваад бодоход байдал асар хүнд байгаа юм. Бид ядахдаа эмнийх нь мөнгийг өгч байгаа юм. Үнэндээ би төрийн байгууллага яагаад ийм хайрцаглагдчихсан юм бэ гэдгийг гайхаад барахгүй байна. Нэг талаас эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа эмч, сувилагч, асрагч гээд голомтод ажиллаж байгаа бүх хүн ажлаа маш сайн хийж байна. Гэтэл нөгөө талаас тэднийг удирдаж байгаа хүмүүс ямар ч менежмэнт байхгүй, төлөвлөгөө, уялдаа холбоогүй ажиллаж байна. Манай улсад тулгамдаад байгаа асуудалд шийдэл олох амархан. Үнэндээ “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г цаг хугацааны хувьд өнөөдөр л авах шаардлагатай байлаа. Сонгуулийн санал авахын тулд тараасан мөнгөө өнөөдөр л айл өрхүүдэд тараах хэрэгтэй байна. Коронавирусийн халдвар эрчимтэй тархсан үед энэ мөнгийг гаргах ёстой гэдгийг тооцох ёстой байсан. Гэтэл өнөөдөр коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн ч PCR-ийн шинжилгээ өгөх 90-120 мянган төгрөг байхгүй. Гэр бүлээрээ долоо, наймуулаа шинж тэмдэг илэрч байгаа, хоногийн хоолныхоо махаа ч авч дийлэхгүй айл өрхүүд олон байна. Бодит байдал ийм байхад бүх зүйл сайхан байгаа мэт ярьж болохгүй. Одоо бол коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажил байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүр хаячихсан юм биш үү.
-Та коронавирусийн халдвар авсан иргэдэд эмийн туслалцаа үзүүлэх ажлыг санаачилсан. Шалтгаан нь юу байв?
Би өөрөө коронавирусийн халдвар аваад эм авахад 200 орчим мянган төгрөг зарцуулсан. Иргэд хүнд, эсвэл хөнгөн туссанаасаа шалтгаалаад 150-250 мянган төгрөгийн эм авч байна. Таван ам бүлтэй айлын гишүүд өвдлөө гэж тооцоход сая төгрөгөөр эм авах болж байгаа юм. Дээр нь чанартай хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Тэгэхээр энэ айл дунджаар 1.5 саяас хоёр сая төгрөг хоол хүнс, эм тариандаа зарцуулах шаардлагатай болж байна. Тиймээс өөрийнхөө хэмжээнд 10 хүнд эм авч өгөхөөр шийдээд аль болох боломж бололцоо тааруу байгаа хүмүүсийг сонгохоор шийдсэн. Гэтэл энэ санааг маань найзууд дэмжээд шууд 30 хүний эмний мөнгө болчихсон. Сүүлдээ гадаад дотоодоос миний энэ санаачилгыг дэмжсэн хүмүүс холбогдож эхэлсэн. Би ямар нэгэн байдлаар аян өрнүүлж, дансаа тавиагүй. Ийм санаа байна гэдгээ цахим орчинд хуваалцсан. Миний эргэн тойронд байгаа хүмүүс сайхан сэтгэлийн үүднээс энэ ажилд өөр өөрсдийн хэмжээнд нэмэр хандив өргөсөн. Цалинтай ээжийн 50 мянган төгрөгөө илүүчилсэн хүн ч бий. Одоогийн байдлаар 800 гаруй иргэн, 400 гаруй өрхөд эмийн тусламж хүргээд байна. УИХ-ын зарим гишүүд ч энэ санаачилгыг дэмжиж өөрсдийнхөө тойрогт эмийн тусламж хүргэж эхлээд байна. Хамгийн гол нь одоо коронавирусийн эсрэг эм нь олдохгүй, байсан ч өндөр үнэтэй байна. Бид чадах чинээгээрээ эмийн багцаа бэлдэж боогоод тусламж хүссэн хаягийн дагуу найзуудаараа хүргүүлж байна. Зарим дүүргүүд дээр өрхийн эмч нартай хамтарч ажиллаж байна. Өрхийн эмнэлгийн эмч нар дугаар хорооны хэний амьдрал ямар байна гэдгийг маш сайн мэддэг учраас тусламж эзнээ олдог.
-Иргэдийн амьдрал ямар байна?
-Айл өрхүүд хүнсгүй болчихсон байна. Бидэнд хов хоосон хөрөгчнийхөө зургийг илгээж байгаа олон хүн байна. Хөргөгчинд нь хатсан талхны булан ч алга. Эмийн тусламж хүргэсэн айлууд дотор “Өнөөдөр сүүлчийн ясаа буцалгаад хэдэн будаа буцалгаад идэж байна” гэсэн айлууд ч бий. Ийм амьдралтай байгаа иргэд нэг хүний 200 мянган төгрөгөөр эмээ авах боломж хаана ч байхгүй шүү дээ. Энэ бол тоглоом биш. Энэ бол тахалт өвчин.
-Таны цахим хаяганд өдрийн дотор 1000 гаруй хүнээс эмийн тусламж авах хүсэлт ирсэн гэж байсан шүү дээ?
-Зарим хүн хөргөгчнийхөө зургийг, өвдөөд хэвтэж байгаа ээж, аав, ах дүү нарынхаа зургийг явуулаад үнэн байдлаа хэлээд тусламж гуйж байна. Тухайлбал, өчигдөр нэг аав холбогдож байна. “Манайх таван хүүхэдтэй. Ам бүл долуулаа. Барилга дээр ажиллаад өдөр өдөртөө цалингаа аваад амьдарлаа залгуулдаг байсан. Гэтэл эхнэр, хоёр хүүхдийн хамт коронавирусийн халдвар авчихлаа. Ийм зүйл гуйсан уучлаарай. Эмийн тусламж үзүүлээч” гэж байна. Ялангуяа залуучууд аль болох өөрсдөө болгочих гээд муу яваагаа хүнд харуулчихгүй юмсан гээд хичээдэг. Болгохын төлөө зүтгэдэг. Гэтэл бодит байдал дээр тэдэнд тусалдаг хүн байдаггүй учраас залуу гэр бүлд түлхүү туслахыг хичээлээ. Настай хүмүүст үр хүүхэд нь тусална. Байг гэхэд тэтгэврийн хэдэн төгрөгөө авчихна шүү дээ. Түүнчлэн заавал гэр хороолол гэлгүйгээр байшин хороололд өрөө түрээсэлдэг, нийтийн байранд амьдардаг, 2-3 лизинг төлдөг хэрнээ эхнэр, хүүхдүүдийн хамт ковидоор өвдчихсөн айл өрхүүдэд тусламжаа хүргэсэн.
-Та бүхэн өөрсдийнхөө чадлын хэрээр айл өрхүүдэд эмийн тусламж хүргэлээ. Гэтэл дахиад тусламж авах хүсэлт илэрхийлсэн иргэд байна уу?
-Одоогийн байдлаар эм дууссан. Гэтэл миний утсанд эмийн тусламж авахыг хүссэн 1000 гаруй иргэний хүсэлт, гуйлт байна. Зарим хүмүүс надтай холбогдохдоо уйлаад утсаар ч ярьж чадахгүй байна. Манай улсын төр засагт эрсдэлийн менежмэнт гэж юу ч алга. Хэдийгээр одоогийн байдлаар 800 гаруй иргэнд эмийн тусламж үзүүлсэн боловч надад хандсан хүмүүсийг орхихгүй. Бүгдэд нь туслахын тулд менежмэнт хийж байна. Нийт иргэдийг дүүрэг дүүргээр нь болоод өвчний хүндрэлээр ангилаад байна. Ингээд тухайн дүүргээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийг уриалж эмийн тусламж үзүүлэхэд гурван цагийн ажил болно. Энэ бол сэтгэл, зүтгэл, хурдны асуудал. Эрүүл мэндийн сайд ийм л ажил хийх ёстой. Гэтэл өрөөндөө хэдэн тоо цуглуулчихаад мэдэмхийрээд сууж болохгүй. Эрүүл мэндийн салбарын ажилчид үнэндээ нуруугаа авахууллаа. Иргэд бухимдалтай байна. Өвдөхөөрөө эмнэлгийн ажилчдыг хараан зүхэж, бухимдлаа гаргаж байна. Гэтэл 20 мянган иргэнд хоёр эмч оногдож байгаа нь бодит үнэн. Ийм байхад тэдний ачаалал, хүрэлцээний талаар ярих хэрэг юу ч байхгүй.
-Эм авах ч мөнгөгүй, эдийн засгийн чадамжгүй байгаа иргэдэд та болон сайхан сэтгэлтэй хүмүүс эмийн тусламж хүргэх биш, төрийн тогтолцоогоороо дамжуулж эрүүл мэндийн даатгалын сангаараа дамжуулаад иргэн бүрд өнөөх багцаа хүргэх ёстой юм шиг санагдаж байна?
-Манай улс “Чи амьдарч чадвал чад. Чадахгүй бол үх” гэсэн бодлоготой шүү дээ. Үнэнийг хэлэхэд, төр нь иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг ажиллаж байна. Төрийн түшээд нь өөрсдөө коронавирусийн халдвар тарааж иргэдээ эрсдэлд оруулж байна.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулийг хэлж байна уу?
-Сонгууль бол нэгхэн жишээ нь. Та бүхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа У.Хүрэлсүх гар барилцаад, үнсэлцээд явахаас бичлэгээс хараа байлгүй. Одоо Ерөнхийлөгчийн албанаас бууж байгаа Х.Баттулга 7500 иргэнд одон медаль гардууллаа. Үүний цаана одон аваад гарч ирсэн хүмүүсийг Сүхбаатарын талбайд 20-30 уулаа тосч баяр хүргэлээ. Цаашлаад 200-300 болж найрлаж, архидаж, баярлаж хөөрч, үнсэлцэж явлаа. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс одонгийн найранд очоод коронавирусийн халдвар авсан хэмээн ярьж байна. Төр өөрөө ийм байхад Эрүүл мэндийн сайд нь “Залуучууд битгий архидаад бай” гээд ичихгүй хэлж байна.
Харин ч залуучуудын харилцаа хандлага, ухамсар асар их өөрчлөгдсөн. Нөгөө талаас Эрүүл мэндийн даатгалын санд нь мөнгө байхгүй. Төр нь аваад үрчихсэн. Тийм биш бол эрүүл мэндийн сангаасаа ийм эрсдэл учирсан үед эмээ үнэ төлбөргүй авах ёстой шүү дээ. Эрүүл мэндийн тогтолцоо нь ийм уналтад байгаа улсын иргэд 40 хэм халуураад хэр удаан тэсэх вэ. Над руу багтраад амьсгалж ч чадахгүй байгаа хүмүүс залгаад эм өгөөч гэж байна. Иргэд хоол, мөнгө гуйгаагүй харин эм, витамин гуйж байгаа нь манай төрийн өрөвдөлтэй бодит төрхийг илчилж байна. Ийм хүнд хэцүү үед эмийн тусламжийг эхлүүлсэндээ баяртай байгаа. Олон иргэнийг эмнэлгийн орон дээр үхэл амьдралтай тэмцэх тэр мөчөөс аварсан гэж бодож байна.
-Бид хамгийн чухал зүйлдээ, хамгийн их анхаарал хандуулж чадахгүй байгаа юм шиг санагдаж байна л даа. Та юу гэж бодож байна?
-Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл барилга биш, усан оргилуур ч биш, харин хүний эрүүл мэнд гэдэгтэй маргах хүн олдохгүй байх. Гэтэл өнөөдөр дөнгөж төрсөн нярайгаас авахуулаад өндөр настай өтгөс буурлууд амьсгалын аппаратын хүрэлцээгүйгээс болж эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барж байна. Бид коронавирусийн халдвараар 500 хүнийхээ амь насыг алдлаа.
Энэ бол гуравхан сая хүнтэй манайх шиг оронд асар өндөр тоо. Гэтэл үүнийг энгийн үзэгдэл мэт хүлээн авч байна. Ингэж болохгүй шүү дээ. Нэг хүн нас барахад бид яаж цочирдож байлаа даа. Дахиад өдөр бүр 10 орчим хүн нас барахад бэлэн болчихоод байна. Гэтэл бодит байдлыг энтертаймантаар дараад байна. Гоё гоё нэвтрүүлгүүд хийгээд, өөр өөр сенсаци тариад иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулж байгаад дургүй хүрч байна. Ялангуяа УИХ-ын гишүүд, НИТХ-ын гишүүд, дүүрэг, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчид орон нутгаас авч буйгаа татвар төлөгчдийн мөнгийг эмээ авч чадахгүй байгаа айл өрхүүдэд ядаж зарцуулах хэрэгтэй. Тэд бүх хүнийг ажилгүй орлогогүй, эдийн засгийн чадамжгүй болгосон.
Тиймээс ядаж эрүүл болгох эмийн тусламжийг үзүүл. Эрүүл болсон хойно учир нь олдоно шүү дээ. Иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал шоуддаг, оноо авдаг ажил биш. Энэ хүнд үед төр асар хурдтай менежмэнт хийж, сэтгэлтэй ажиллах хэрэгтэй байна. Иргэд хариуцлагаа улам сайжруулж гараа угааж, амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Хоёр тун вакцин хийлгэсэн гээд юунд ч битгий найд. Би хоёр тунгаа хийлгэсэн ч өвдсөн шүү. Тиймээс халдвараас хайртай бүхнээ өөрсдөө л хамгаал.
П.БАТЗАЯА
Сэтгэгдэл
Зөв хандлага [64.119.26.42] 2021-06-24 01:10:58
Нийгэмд зөв хандлагад чиглүүлэх ийм хүмүүсийг дэмжмээр юмаа, үгийг нь сонсч хамтарч ажиллаасай даа, энэ сайд дарга нар!!! Тоо нэмээд суухын оронд
зочин [124.44.184.129] 2021-06-23 13:43:08
Татвар төлөгчдийн мөнгөөр ард иргэдэд зориулан худалдан авсан хятад вакцины 2 тун тариулсан мөртлөө коронавирусын халдвар авч өвчилсөн хүмүүс зөндөө байгаа гэсэн биз дээ? Зарим нь эмчид хандаад ч тусламж авч чадахгүй байсан тул өөрсдийгөө тусгаарлаад өөрөө өөрсдийгөө эмчилж эхэлсэн юм биш үү? Халдварын бодит тоо албан ёсны мэдээлж байгаагаас 2-3 дахин их болчихсон юм биш үү? Хот хөдөөгүй энд тэндгүй, эргэн тойрон халдвартай хүмүүс зөндөө болчихсон юм биш үү? Вакцинд хамрагдсан мөртлөө нас барсан тохиолдол цөөн биш гэсэн биз дээ? Ерөнхийлөгчийн сонгуулиар коронавирусын халдвар хавтгай болчихсон юм биш үү? Эрдэмтэд нь одоо бүр халдвар ба нас баралт нэмэгдэх хандлагатай гэж хэлээд сууж байна уу? Худалдаа үйлчилгээний газрууд нь ядахдаа хүний температур хэмжигч, спиртэн гар ариутгагч хангалттай байршуулаач ээ.
Зочин [202.126.88.205] 2021-06-23 06:13:12
Unherer htesuu baina ard tumendee naadam hiih mongooroo huns avch ogoo
зочин [192.82.77.90] 2021-06-23 04:58:51
монголчуудын өмнөөс бүү сэтгэл санаагаа чилээж болохгүй.энэ үхрнүүд өөрсдөө сул дорой арчаагүй учраас ухамсар алга.ийм хүмүүст алт шиг үг хэлээд ч тусыг эс олно.үхвэл үхэж л байгээ.хөдөө аймаг суманд наадам хийнэ гэж солиорч бгаа монголд юу хэлхэв,хөдөө хээр талд очиж аялаж зугаацна гэнэ ийм эргүү тэнэг монголд юу хэлхэв.хөдөө алс хол хээр талд очоод 40хүртэл халуураад толгойн өвдөөд бөөлжиж үхэлээ гэхэд тэр тэнэг монголд туслах эмч,эмнэлэгийн хүчин чадал хүрэлцэхгүй үхэхээс өөр зам үгүй.хөдөө орон нутагт тахал тарааж ирэхээс гадна үхэж үрэгдээд ирнэ шүү дээ.
hatanbaatar [202.126.88.228] 2021-06-23 04:35:08
Mongoliin tur unheer ih huuriilelttei bas ih ayultai dandaa ard tumniihee esreg uil ajilgaa bodlogo ywuulna buudaj alsanch bagdna neriine sonshoos zuragiina haraad zuragtaar hudlaa yriihna uzeed uur hureh yum NAM gedeg Mongold jiriin ard tumen unheer ih ayul daguulj bna alich nam ylgaagui Mongold chimeegui dain bolj bna Dainaar bol zewseg saitai ni uldeh magdaltai odoo ene Dainaar bol Mungtei ni uldeh baih Untaa baidald bgaad sunuh Mongol bna gj bi bodjbna Mongoloo gsn humuus baiwal chimeegui daind Negdej bolno Aluulahaasaa umnu hunnertei uhsem deer
Зочин [64.119.17.253] 2021-06-23 03:46:37
uvchilsun humuusee orhidog n muu bn.yanaa odoo
Зочин [202.21.113.82] 2021-06-23 03:35:36
Бүрэн дэмжиж байна, ёстой үнэн.
зочин [139.5.219.164] 2021-06-23 02:19:40
Үнэхээр анхаарах цаг ирсэн байна хоол ундны хомосдолд орж байгаа хүмүүс их байна