Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 7.1 их наяд төгрөг байна
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 6.4 их наяд төгрөг байна.
Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 90.5 хувийг эзэлж байна. Зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 7.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум төгрөг буюу 51.3 хувиар багаслаа.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 6 дугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 262 (30.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 89.4 (7.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өнгөрсөн 6 дугаар сард 203.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх сарынхаас 172.7 (45.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2021 оны эхний хагас жилд 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.7 (63 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.6 хувийг татварын, 11.8 хувийг татварын бус, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлогын эзлэх хувь 3.6 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 3.4 пункт, ирээдүйн өв сангийн орлого 0.2 пунктээр өсөж, татварын орлого 7.2 пунктээр багаслаа.
Татварын нийт орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (49.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 928.6 (2.0 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 392.1 (41.1 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 208.4 (26.5 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 166.4 (56.5 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 105.6 (31.4 хувь) тэрбум, онцгой албан татвар 30.9 (8.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Татварын нийт орлого 2021 оны 6 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 247 (31.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын албан татвар 76.1 (51.4 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 58.4 (2.7 дахин) тэрбум, нийгмийн даатгалын орлого 36.8 (21.4 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 30.9 (11.6 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 23.3 (41.3 хувь) тэрбум, хөрөнгийн албан татварын орлого 12.4 (83.3 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 9 (10.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Татварын орлогод 2021 оны эхний хагас жилийн байдлаар орлогын албан татвар 33.1, нэмэгдсэн өртгийн албан татвар 24.1, нийгмийн даатгалын орлого 17.8, бусад татвар 10, онцгой албан татвар 7.1, гадаад үйл ажиллагааны орлого 7.9 хувийг эзэлж байна. Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 8.5 пунктээр өсөж, нийгмийн даатгалын орлогынх 3.2, онцгой албан татварынх 2.6, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.1, нэмэгдсэн өртгийн албан татварынх 1.4, бусад татварынх 0.2 пунктээр багаслаа.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (19.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (29.9 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин хөрөнгийн зардал 369.2 (30 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны 6 дугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 89.4 (7.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд хөрөнгийн зардал 66.4 (54.9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө.
Урсгал зардалд урсгал шилжүүлэг 59.2, бараа үйлчилгээний зардал 31.3, хүүгийн зардал 6.4, татаас 3.1 хувийг эзэлж байна. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 17.9 пунктээр өсөж, бараа үйлчилгээний зардлынх 11.5, хүүгийн зардлынх 2, татаас 4.4 пунктээр багасав.
Хөрөнгийн зардал 2021 оны эхний хагас жилийн байдлаар 859.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 369.2 (30 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд барилга, байгууламжийн зардал 273 (35.8 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 66.9 (43.6 хувь) тэрбум, бусад хөрөнгийн зардал 16.3 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Хөрөнгийн зардалд барилга байгууламжийн зардал 57, бусад хөрөнгийн зардал 29.1, тоног төхөөрөмжийн зардал 10.1, их засварын зардал 2.7, стратегийн нөөц хөрөнгийн зардал 1.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь 7.4, их засварын зардлынх 0.1 пунктээр өсөж, тоног төхөөрөмжийн зардлынх 2.3, барилга байгууламжийн зардлынх 5.1 пунктээр багасжээ. Хөрөнгийн зардалд 2021 оны 6 дугаар сард 187.3 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх сараас 66.4 (54.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.88.150] 2021-08-03 02:01:53
ШААРДЛАГАГҮЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ДАРГА НАРЫН УТАС УНААНЫ ЗАРДАЛ, ХАВТГАЙРСАН ХАЛАМЖИЙГ ЗОГСОО ТЭГЖ БАЙЖ ӨРНӨӨСӨӨ САЛНА ШҮҮ.