Өнөөдөр орчин цагийн зэвсэгт хүчинд инженерийн цэрэг үүсэн байгуулагдсан түүхт өдөр
Эзэн Чингис хаан туурга тусгаар Их Монгол улс байгуулж дэлхийн талыг морин дэл дээр тамгалж, олон улс аймгийг нэгтгэн суу алдраа мандуулж, хүчирхэгжсэн нь монгол цэргийн алдар гавьяатай салшгүй холбоотой. Түүхэн цаг үеийнхээ явцад цэргийн урлаг шинэ шатанд хөгжин дэвжсээр дайн тулаанд оролцох, занга, зараа саад бэлтгэх, дайснаас хамгаалах бэхлэлт босгох зэргээр цэргийн урлаг, ахуй амьдралын хэв маягаас инженерийн цэргийн үүсэл тавигдсан.
Монгол ардын журамт цэрэг 1921-1922 онд манай орны баруун ба төв, зүүн хэсгийг цагаантнаас чөлөөлөх байлдааны үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж явуулсан бөгөөд энэ үед инженерийн төрлийн цэрэг албан ёсоор байгуулагдаагүй ч инженерийн хангалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн эртний монгол цэргийн уламжлалыг хадгалсаар ирсэн түүхтэй.
Монгол ардын хувьсгалт цэргийн түүхэнд 1927 оны эцсээр 1 дүгээр морьт хорооны орон тоонд туршилтын журмаар “Инженер-саперын салаа”-г оруулж, 1928 онд “Эвдэх ба сэлбэн засах саперын салаа”-г анхлан байгуулсан нь орчин үеийн инженерийн цэргийн эхлэл байлаа. Тэрчлэн 1940-өөд оноос Монгол ардын хувьсгалт цэргийн төрөл мэргэжлийн цэргийн ангиудыг шинээр байгуулсны дотор 1944 онд инженерийн тусгай рот байгуулагдсан юм.
Ардын хувьсгал ялснаар тухайн үеийн төр, нам засгийн бодлогын дагуу бүх ард түмнийг сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг сайжруулах бүтээн байгуулалт өрнөж барилга байгууламж барих, зам тавих, улс эх орныхоо хөгжил дэвшилд хөтлөхөд Ардын Армийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсноор инженерийн цэргийн хэрэгцээ шаардлагатайг харуулсан юм. Үүнээс үндэслэн орчин цагийн Зэвсэгт хүчинд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1944 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн н/0112 дугаар тушаалаар “Ардын Армийн Сапёрийн тусгай рот” нэртэйгээр анхны инженерийн салбар байгуулагдсанаар Зэвсэгт хүчин хэмээх их айлд Инженерийн цэрэг анх үүссэн түүхтэй.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Инженерийн цэрэг нь үүсэн байгуулагдсан цагаасаа Зэвсэгт хүчний чиг үүргүүдийг гүйцэтгэхээс гадна улс орны энх цагийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд манлайлан оролцож, монгол цэргийн түүхэн уламжлалыг залгамжилж, өмнөө тавигдсан эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөхөд ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байна. Одоо үед Инженерийн цэрэг орчин үеийн техник хэрэгслээр шат дараатайгаар хангагдахын хэрээр гүйцэтгэх үүргийн цар хүрээ өргөжин тэлж, оюун ухаан, инженерийн нарийн шийдэл бүхий ажлуудыг амжилттай биелүүлж байгааг дурдах нь зүйтэй.
Өдгөө Зэвсэгт хүчний инженерийн цэрэг нь хуулиар хүлээсэн үүргүүдийг нэр төртэй гүйцэтгэсээр байгаагийн зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмрээ оруулж байна.
Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн инженерийн цэргийн бахдам амжилт, бахархам түүхийг олон арван жишээн дээр тодотгож болох бөгөөд сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймаг дахь Асгатын мөнгөний орд хүртэлх сайжруулсан зам, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 17,5 км хатуу хучилттай хүнд даацын тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд манлайлагч үүрэгтэй оролцсон.
Зэвсэгт хүчний Жанжин штаб



































































Сэтгэгдэл
Зочин [103.212.118.238] 2021-08-20 05:45:53
Цэргүүдээр төмөр зам бариулаад хийморь сүлд нь зайлаагүй байхад бат үүлийн уншаад байдаг ном хоцрогдсон үзэлтэй ном