Цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуулийн төсөлд ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын саналыг сонслоо

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Засгийн газар “Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"-ийн төслийг боловсруулж байна.

Цар тахлын дараа эдийн засгаа эрчимжүүлэн сэргээхэд ажил олгогч эзэд ,баялаг бүтээгчид, мэргэжлийн холбоод аж ахуй нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд онцоллоо. Цар тахлын үеийн эдийн засгийн шинэ сэргэлтийн хуулийн төслийн үзэл санаа нь бизнес эрхлэгчид хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэдгийг Ерөнхий сайд танилцууллаа.

Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын гишүүд саналаа хэллээ. Монголын авто замчдын холбооны гүйцэтгэх захирал А.Уранчимэг “ Дотоодын авто замын компаниудад дэмжлэг хэрэгтэй байна. Замын тендерийн ажилд тэгш эрхтэй оролцох боломжийг бүрдүүлж өгвөл цар тахлын хямралын үед компаниудад дэмжлэг болно”.

Монголын нүүрс ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батцэнгэл “БНХАУ-ын нүүрсний импортын татварыг тэглүүлэхэд Засгийн газар яриа хэлэлцээ хийх шаардлагатай байна. Томоохон төслүүдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын татварыг хойшлуулах эсвэл тэглэх санал хүргүүлж байна.”

Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Т.Баярсайхан “ Хөдөө аж ахуйн салбарт баримталж буй Засгийн газрын бодлогыг дэмжиж байна. Манай салбарынхан цар тахлын эдийн засгийн хүндрэлтэй үед арьс ширний урамшууллаас татгалзахад бэлэн байна. Харин Эмээлтийн газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэл хувийн хэвшил тус газар биотехнологийн парк байгуулах саналтай байна. Үүнд Засгийн газрын дэмжлэг чухал байна” гэв.

Ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын энэ мэт саналыг Ерөнхий сайд "Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"- ийн төсөлд тусгахаа хэллээ. Төгсгөлд нь Ерөнхий сайд “Өнгөрсөн 30 жилд гарсан алдааг нуугаад халхавчлаад явах биш бүгдийг ил тод яриад хамтдаа шийдээд явъя. Жишээ нь улсын төсвөөс 2 их наяд төгрөгийг халамжид зарцуулж байна. Халамжаас татгалзан ажлын байр бий болгож хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлтэй ажиллаж байна. Асуудлыг шийдэхэд улстөржилтөөс татгалзаж, төр хувийн хэвшлийн ажлыг булаах биш зохицуулагчийн үүрэг гүйцэтгэн дэмжиж ажиллах болно” гэлээ.

Өнөөдрийн уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн “Коронавируст халдвар /Ковид-19 /-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төсөлд тусгах, мэргэжлийн холбоодын төлөөллийг Засгийн газрын байгуулсан 5 дэд хороонд нэмж оруулан ажиллуулахаар боллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.