Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран зохион байгуулж байгаа “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургууль техникийн болон онолын сургалтуудаар үргэлжилж байна.

Өнөөдөр өглөөний үүрээр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг болон оролцогч алба хаагчид бүх нийтээр өглөөний гүйлтэнд гүйж, цэргийн 16 тоот дасгалыг хийж сургалтыг эхлүүллээ.

Маргааш буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Гамшгийн удирдлагын сургалт эхлэх бөгөөд ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Танхимын сургалтаар гамшгийн удирдлагын онол, онцгой байдлын удирдлагын төв, гэнэтийн ослын удирдлагын системийн талаар 4 хоног мэдээллийг оролцогч нарт өгөх юм. Сургалтад 6 аймгийн Онцгой байдлын газрын дарга, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, онцгой комиссын гишүүд хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.