“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 35 дугаарын тойм

Aдмин / Хууль

Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай (Шинэчилсэн найруулга) хууль болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудыг нийтэлсэн.

Уг хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн үзэл санаанд нийцүүлэн, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлсон бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, үйл ажиллагааны зарчим, удирдлагын эрх хэмжээ, нийслэл хотын удирдлагаас төрийн дээд, төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болон бусад этгээдтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлсон бөгөөд төвлөрлийг сааруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол гэх мэт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг харилцааг зохицуулсан. Дээрх зорилтын хүрээнд дараах онцлог зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын статус буюу бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотоос ялгагдах тусгайлсан чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн байдлыг тодорхойлсон;

-Хуулиар зохицуулах харилцааг өргөжүүлж нийслэл хотын төлөвлөлт, хөгжлийн чиг хандлагын дагуу нийслэл хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг байгуулах, нийслэл хот болон дагуул хотын эдэлбэр газар, түүний бүсчлэлийг тогтоох, бүсчлэлийн дүрэм баталж мөрдүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлсон;

-Нийслэл хотыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон бөгөөд хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого нь үндэсний уран барилгын өв уламжлалыг орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэхэд чиглүүлэх ба нийслэл хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт жил бүр тусгах зарчмыг хуульчилсан байна.

Мөн Төрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа чиг үүргийг “тусгай чиг үүрэг” болгон тодорхойллоо. Тухайлбал, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх гэх мэт төрийн дээд, төрийн захиргааны төв байгууллага, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах, олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт болон нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, нийслэлийн нутаг дэвсгэр дэх голын хамгаалалт, тохижилт, нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын чанартай авто зам барих, түүнийг арчлалт, засвар, холбогдох үйл ажиллагаа, нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, нийслэл хотын тусгай чиг үүрэг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга, байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалт зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгахын зэрэгцээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд хэрэгжүүлэх бусад үүргийг тодорхойлохоос гадна нийслэл хотын эдийн засгийн харилцаа, удирдлага, түүний бүрэн эрх, нийслэл хотын удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцаа, дагуул хот, тосгон, нийслэл хотын гадаад хамтын ажиллагаа, хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тодорхойлж, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны асуудал болон олон нийтийн санаа бодлыг судлах судалгаа, шинжилгээний төвтэй байх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ. Тодруулбал, нийслэл хотын дагуул хотын тухайд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг олон төвт хот болгох, хүн амын болон дэд бүтцийн хэт төвлөрлийг сааруулах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор нийслэл хот дагуул хот, эдийн засгийн тусгай бүстэй байхаар тусгаж, дагуул хот, эдийн засгийн тусгай бүсэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ асуудлыг холбогдох салбарын хуулиудаар зохицуулсан байна. Мөн ногоон хөгжлийн бодлого, зорилтыг дэмжихтэй холбогдуулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд нийслэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг дэмжиж, урамшуулах эрх зүйн орчныг бий болгосон.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Журам батлах тухай зарлигийг нийтэлсэн. Иймд “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-тай дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.