“Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга хэмжээ “Эрдэмтдийн үг” хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Тус хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Д.Сэржмядагийн хэлэлцүүлсэн “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх нь: хэрэгцээ, шийдэл” сэдэвт илтгэлдээ гамшгийн эрсдэлийн онцлогийг дараах байдлаар тодорхойлсон байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Үүнд:
- Гамшгийн эрсдэлийн шинж чанар, эрсдэлийг бууруулах үзэл баримтлалын чиг хандлагад гарсан өөрчлөлт нь энэ үйл ажиллагаанд шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийг улам бүр нэмэгдүүлэх болсон.
- Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүн амын өсөлт, технологийн дэвшил, тэгш бус байдал, хурдацтай хөгжлийн нөлөөгөөр гамшгийн эрсдэлийн төрх байдалд өөрчлөлт орж, үүнийгээ дагаад гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хандлага эрсдэлийг бууруулахаас даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэж байна.
- Гамшгийн эрсдэлийг бууруулах нь нийлмэл төвөгтэй асуудал гэдэг утгаараа энэ үйл ажиллагаанд салбар дундын судалгаа, бүх талуудын хамтын ажиллагаа, нийтийн сайн сайханд чиглэсэн нээлттэй мэдээлэл, инновац нэн чухлаар тавигдаж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн дарга, доктор (Ph.D) Б.Эрдэнэцэцэгийн хэлэлцүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл (цөлжилт, ган, зуд, үер, г.м.), түүнийг бууруулахад анхаарах асуудал” сэдэвт илтгэл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд 2100 он хүртэл байгалийн гамшгийн давтамжийн өсөлтийг тооцоолсон байна.
Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор Ч.Одонбаатарын хэлэлцүүлсэн “Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа” сэдэвт илтгэлдээ 2021 оны 01 дүгээр сарын 12–ны 05:32:56 цагт (Улаанбаатарын цагаар) Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 29км-ын зайд болсон магнитуд нь 6.5-тай хүчтэй газар хөдлөлтийн төлөв байдлын зургийг харуулжээ.
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор (Ph.D), профессор М.Алтанбаганын хэлэлцүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлтөөс нийгэм эдийн засагт үзүүлэх эрсдэл, эмзэг байдлын судалгаа” сэдэвт илтгэл Монгол улсын нийгэм эдийн засагт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөө үзүүлж байгааг тооцоолон дараах байдлаар харуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.3] 2021-12-03 06:04:54
Энд ямар онцлох сэдэв хөндсөн зүйл байна.Ийм эрдэмтэд байна гэхээр.... Ядахдаа цаашид ингэмээр ийм гарц гаргалгаа байна ингэж хийх,ингэж анхаарах хэрэгтэй гэсэн санаа хаана байна би ерөөс эндээс олж харсангүй,эсвэл сэтгүүлч маань тэдний гол санааг гаргаж бичиж чадаагүй юм уу? Яг энд бичсэнчлэн хийгдсэн хурал бол зүгээр цаг хугацаа,ажил алдсан хий хоосон цугларалт болж гэмээр.