В.Путин, Ж.Байден нар Украины асуудлаар ярилцлаа

Aдмин / Гадаад мэдээ

СОЧИ. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын хэлэлцээ мягмар гарагт цахим хэлбэрээр болж, хоёр цаг орчим үргэлжилжээ. Уулзалтын гол сэдэв нь Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын тухай байв.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, удирдагчид НАТО-г зүүн тийш тэлэхээс, мөн Оростой хил залгаа орнуудад цохилтын зэвсэг байрлуулахаас татгалзах зэрэг аюулгүй байдлын эмзэг асуудлаар "бодитой зөвлөлдөхөөр" тохиролцжээ. Түүнчлэн Женевт болсон дээд хэмжээний уулзалтын шийдвэрийн хэрэгжилт, кибер аюулгүй байдал, дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаа зэрэг хоёр талын харилцааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн байна.

В.Путиний туслах Юрий Ушаковын хэлснээр, цар тахал, уур амьсгал, эрчим хүч, тэр дундаа хий дамжуулах хоолойн "Умардын урсгал-2" төсөл зэрэг сэдвүүдээр яриа өрнөөгүй байна.

Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал

Украин Минскийн гэрээний хэрэгжилтийг "Шилжилтийн үеийн төрийн бодлогын тухай" хуулийн төслөөр санаатай тасалдуулж байна гэж В.Путин АНУ-ын Ерөнхийлөгчид шулуухан мэдэгдсэн байна. Харин Цагаан ордон мэдээлэхдээ, АНУ Минскийн гэрээний хэрэгжилтийг дэмжихэд бэлэн байна гэжээ.

Ж.Байден Украины хилийн ойролцоо Оросын цэргүүдийн хөдөлгөөнд санаа зовниж буйгаа илэрхийлээд цаашид байдал улам даамжирсан тохиолдолд АНУ болон түүний холбоотнууд хатуу хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг мэдэгджээ. В.Путин хариуд нь НАТО-г цаашид зүүн тийш тэлэх, Оростой хил залгаа орнуудад цохилтын зэвсэг байрлуулахгүй байх найдвартай, хуулиар баталгаажсан баталгааг Цагаан ордны эзнээс шаардсан байна.

Эцэст нь удирдагчид өөрсдийн төлөөлөгч нартаа "эдгээр эмзэг асуудлын талаар бодитой зөвлөлдөх уулзалт" эхлүүлэхийг даалгахаар тохиролцжээ. Ушаковын хэлснээр, Ж.Байден мөн энэ асуудлыг Умард Атлантын эвсэл дэх холбоотнуудтайгаа хэлэлцэхээ амласан байна. Харин Америкийн удирдагчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан мэдээлэхдээ, албан ёсны хэлэлцээний талаар яриагүй ч АНУ ийм яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.

Хоёр талын харилцаа

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, хоёр удирдагч Вашингтон, Москва хоорондын харилцаа хангалтгүй байгааг, тэр дундаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хязгаарласан нь хүндрэл учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Америкийн эрх баригчдын бодлогын үр дагавар гэдгийг В.Путин дурдаад, хуримтлагдсан хязгаарлалтыг хүчингүй болгохыг санал болгожээ.

Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Ж.Байден өөрийн санаачилгаар хөндсөн байна. Ю.Ушаковын хэлснээр, Америкийн удирдагч эхний алхам болгож хэдэн жилийн өмнө хураагдсан дипломат эд хөрөнгийг шалгахыг Оросын дипломатчдад зөвшөөрч магадгүй талаар цухас дурджээ. Харин Цагаан ордон АНУ-ын Ерөнхийлөгч "тодорхой зүйл хэлээгүй" гэж мэдэгдсэн байна.

Хоёр удирдагч мөн 2021 оны зургаадугаар сард болсон Женевийн дээд хэмжээний уулзалтаар хүрсэн тохиролцоог тууштай хэрэгжүүлэх, хоёр талын харилцааны асуудал болон ОХУ, АНУ-ын хооронд үүсэх бусад асуудлыг авч үзэхдээ "Женевийн үзэл санааг" хадгалах нь чухал болохыг онцлон тэмдэглэжээ. Ж.Байден В.Путинтэй дахин нүүр тулсан уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн ч энэ сэдвийг энэ удаад хэлэлцээгүй байна.

Удирдагчид "өнөөгийн бодит байдалд хамтран ажиллахын" үлгэр жишээ болох ёстой Дэлхийн II дайны он жилүүд дэх хоёр улсын холбоотны харилцааг эргэн дурсаад, олон улсын аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөө онцгой үүрэг хариуцлага хүлээдгийг харгалзан Москва, Вашингтон яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Кибер аюулгүй байдал ба Иран

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, В.Путин, Ж.Байден нар кибер аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийх нь чухал болохыг онцлон тэмдэглэж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх бодит хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Женевийн хэлэлцээрийн хүрээнд энэ хамтын ажиллагаа ахиц дэвшилд хүрч байгаад хоёр удирдагч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн гэж Ю.Ушаков мэдээлсэн байна.

Тэд мөн 11 дүгээр сарын сүүлчээр Вена хотноо дахин эхэлсэн Ираны цөмийн гэрээний асуудлаарх хэлэлцээ үр дүнтэй болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

В.Путин, Ж.Байден нарын энэ удаагийн цахим уулзалт нь тэдний хийсэн тав дахь хэлэлцээ байв. Хоёр удирдагч гурван удаа утсаар ярьж, зургаадугаар сард Женевт биечлэн уулзсан юм.

Эх сурвалж: www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.