Сурагчдын 38.7 хувь нь хамран сургах тойргийн бус сургуульд суралцаж байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хамран сургах тойргийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.
2021 оны байдлаар нийслэлд 6-17 насны 353.308 хүүхэд байна. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 129, нийт 281 сургуульд 340.069 хүүхэд суралцаж буй. Сүүлийн таван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургууль 40-өөр, сурагчид 100 мянгаар нэмэгджээ. Төрийн өмчийн сургуулийн нэг бүлэгт 36, төрийн бус өмчийн сургуулийнхад 20 сурагч суралцаж байгаа юм. Нийт 10.256 бүлэг хичээллэж байгаагаас 40-50 хүүхэдтэй 2376 бүлэг, 50-60 хүүхэдтэй 627 бүлэг, 60-аас дээш хүүхэдтэй 33 бүлэг хичээллэж байна. Бүлэг дүүргэлт өндөртэй есөн сургууль байгаагаас 23, 1, 24, 14 дүгээр сургууль тэргүүлжээ. Хамран сургах тойргийн бус сургуульд 131.739 сурагч буюу 38.7 хувь нь суралцаж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 хороо байгаа бөгөөд эдгээрт сургуулийн насны 77.581 хүүхэд амьдарч байна. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 18 хороо сургуульгүй байгаа юм.
Энэ жил улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд өмнөх онуудаас он дамжин хэрэгжиж буй болон 2022 онд шинээр хэрэгжихээр батлагдсан 51 сургууль, 92 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, хоёр дотуур байр, нийт 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
Зөвлөлийн гишүүд хотын төвийн сайн сургуулийн салбарыг хотын зах руу байгуулах, багш, удирдлагуудыг сэлгэн ажиллуулах, мөн гэр хороололд ажиллах багш, боловсон хүчний асуудалд анхаарах, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг санал гаргаж байлаа. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх талаас анхаарах ёстойг онцолж, асуудлыг шийдэх хэрэгтэй байгааг хэлж байв.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнд сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, түгжрэлд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нөлөөллийг багасгах судалгаа хийхийг үүрэг болголоо. Мөн
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын гадна орчны эрсдэлийн үнэлгээг бууруулах, орчныг сайжруулах ажлыг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах
- Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, зохион байгуулалтын арга хэмжээ авах, хяналт тавьж ажиллах
- Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй шинээр болон өргөтгөн барьж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл, арга хэмжээг эрчимжүүлж ажиллах
- Шинээр барьж буй хороолол, хотхон дунд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг төлөвлөх, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгаж ажиллах
- Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн хамран сургах тойргийг хүн амын тоо, сургуулийн хүчин чадалтай уялдуулан шинэчлэн тогтоох, хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын төслийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов
Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмын төслийг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав.
Үндсэн хууль болон холбогдох хуулиудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулжээ. Өмнө нь мөрдөж байсан хууль тогтоомжид хорооны хэсэг, хэсгийн ахлагчтай холбоотой зохицуулалт байдаггүй байжээ.
Өдгөө нийслэлийн 204 хороонд 1700 гаруй хэсгийн ахлагч нийслэл, дүүргээс хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгжид хүргэх үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хэсгийн ахлагч нарыг хорооны Засаг дарга томилох бөгөөд цалин хөлсийг дүүргийн ЗДТГ-аас олгож байгаа юм. Сүүлийн жилүүдэд хэсгийн ахлагч нарын нас залуужиж, боловсрол, мэргэжлийн хувьд ч ахисан үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 80 гаруй хувь нь 50-аас доош насныхан болсон байна. Иймээс ч төрийн үйлчилгээг тогтвортой, түргэн, шуурхай хүргэх үүднээс хэсгийн ахлагч нарыг тогтвортой ажиллах боломж, нөхцөлөөр хангах зорилгоор тус журмыг боловсруулжээ.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гаргаж, журмын төслийг НИТХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:51
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:51
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.161.66] 2022-04-28 13:53:27
Гол нь хувийн сургуульд заагаад байгаад зарим гүнзгийрүүлсэн нэмэлт хөтөлбөрүүд, мөн хэлний нэмэлт сургалт тэр дундаа азийн шилдэг 3 хэл болох Япон, Солонгос, Хятад хэл, мөн европийн шилдэг улс орнуудын хэлнүүд болох Орос, Англи, Франц, Герман зэрэг хэлнүүдийг сурагч болон эцэг эхчүүдийн санал хүсэлтээрээ нэмэлт цагуудаар 12 төгстөл нь заамаар байгаа юм. Тэгэж байж тэр хол зөөх нь багасна ш дээ.ЭСВЭЛ ЭНЭ ХУВИЙН СУРГУУЛИУД НЬ ТЭР ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ УЛСЫН СУРГУУЛЬД ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЗААВАРЧИЛГАА ӨГӨӨД БАЙДАГ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ. ӨӨРСДИЙН СУРГАЛТЫГ УЛСЫН СУРГАЛТААС ИЛҮҮ ХАРАГДУУЛАЖ, ОНЦГОЙРУУЛАХ ГЭЭД ЯНЗ БҮРИЙН АРГА ХЭРЭГЛЭЭД БАЙДАГ Ч БОЛОХ ЮМ. Хүүхэд ер нь хос хэлийг эзэмшиж байж харьцуулан сэтгэх өндөр чадвар эзэмшдэг юм ш дээ. Солонгос Япон хэлийг заахад болохгүй юм байхгүй ш дээ. Хүн бүр л Солонгос яваад байхад ядаж л харьд очоод хүн шиг харилцаад, хүн шиг ажил хийнэ ш дээ.
Зочин [103.57.93.246] 2022-04-28 13:19:51
Хувийн сургуульд төрийн засаг захиргааны албан хаагчийн хэдэн хүүхэд суралцдаг тоог гаргавал төрд ажиллах ямар ашигтайг харж болно.
Зочин [64.119.22.237] 2022-04-28 12:43:36
Tugjreliin gol shaltgaan shuu dee
Цалингаа нэмээчээ Хүүкээ Оюукаа [59.153.114.40] 2022-04-28 12:24:41
Шал худлаа мэдээллээр олон түмнийг мэхэлж байна. Жнь: 6-р ангийн 84-р сургуулийн нэг бүлэг гэхэд 57 хүүхэдтэй ба нарийвчилсан хаягийн бүртгэлээр харъяаллын дагуух 9 сурагч л байна! Зайсан, яармагаас хүртэл хүүхдээ зөөдөг. Энэ олон замбараагүй юмаа зориглон цэгцлэвэл түгжрэл арилнадаа