Иргэний нэхэмжлэлийн дагуу УБЕГ-ын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгожээ
Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас энэ сарын 27-нд хэвлэлийн хурал хийх үеэрээ иргэн Г-ын гэр бүлтэй холбоотой цахим орчинд өрнөөд буй асуудлаар тайлбар мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, "2021 оны аравдугаар сард иргэн Г-оос УБЕГ-т “2016 онд бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэл хүчингүй болгуулъя. Би өөрийн биеэр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй. Энэ гэрлэлт хууль бус” гэх гомдол мэдээлэл ирүүлсэн. Энэ дагуу холбогдох хяналтын улсын байцаагчийн хүчингүй болгох шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбоотойгоор нөгөө талын иргэн Захиргааны хэргийн шүүхэд хандсан, шүүхийн шатанд явж байгаа байх” гэсэн юм.
Тэгвэл нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Х.Я-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцжээ.
Нэхэмжлэгч Х.Я Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Я-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.О-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.23] 2022-04-29 06:21:02
Би ч авгайд хэлээд байсан иймэрхүү гоншгоносон уйламхай нөхөр худлаа шүү гээд минийх зөв байншдээ