Б.Отгонгэрэл: Цахим системд газраа амжиж бүртгүүлээгүй бол газар нь хүчингүй болно гэдэг ташаа мэдээлэл
Улаанбаатар хотын иргэд газар өмчлөхтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга Б.Отгонгэрэлтэй ярилцлаа.
-Монгол Улсын иргэн нэг удаа гэр бүлийн хэрэгцээний газраа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй. Хуулийн энэ зохицуулалтын хүрээнд нийслэлийн хэчнээн иргэн газар өмчлөөд байна вэ?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 2008 оны нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон. Нийслэлийн хэмжээнд 2022 оны байдлаар 204287 иргэнд 10858.8 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн байна. Мөн 71640 иргэнд 3591.5 га газрыг цахим системээр нийслэлийн иргэдэд өмчлүүлсэн байна.
-Улаанбаатар хотын 1.3 сая иргэнээс 200 мянга гаруй нь газар өмчилжээ. Зургаан хүний нэг нь газар өмчилсөн гэхээр иргэдэд газар эзэмшиж, өмчлөх хэрэгцээ байсаар байна. Ер нь нийслэлд өмчлөх газрын нөөц байгаа юу?
-Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөлт хийсэн газрын нөөц өнөөдрийн байдлаар дууссан бөгөөд дахин төлөвлөлт хийж, шинээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол буюу 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийг хөгжүүлэх 2021-2025 оны үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй
уялдуулж ажиллах ёстой. Энэ жил Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны төлөвлөлт хийгдэж байна. Эдгээр төлөвлөгөө батлагдаж, суурьшлын хил зааг тодорхой болбол төлөвлөлтийн дагуу иргэдэд шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
-Тэгэхээр цаашид хотын төвөөс алслагдсан газруудад газар олгож таарах нь ээ?
-Суурьшлын бүсийн дотор талд шинээр газар олгох газрын нөөц байхгүй. Харин хөдөө орон нутагт боломж нээлттэй.
-Нийслэлийн иргэн аль нэг аймаг, суманд газар авах хүсэлт гаргахад тухайн орон нутаг нь “Нутгийнхаа иргэдэд л газар өмчлүүлнэ” гээд хүсэлт хүлээж авдаггүй тал бий. Ингэж болох уу?
-Аймаг, сумын Газар зохион байгуулалтын алба болон газрын даамал ийм хариу өгөх ёсгүй. Иргэний хүсэлтийг судлаад асуудлыг хуулийн хүрээнд нь шийдвэрлэх үүрэгтэй юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас egazar.mn цахим сайт ажиллуулж, аймаг, сум, нийслэл, дүүргүүдийн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухайн төлөвлөлт, байршлыг оруулж байна. Аль байршлуудад, ямар зориулалтаар олгох газрын бүх мэдээллийг агуулсан. Хүсэлтээ өгөхөд татгалзсан хариу өгөх нь тухайн төлөвлөлт, байршилд тусгагдаагүйгээс бусад үндэслэлээр татгалзах боломжгүй юм. Харин иргэд дээрх төлөвлөлт, байршилд тусгагдаагүй тохиолдолд дахин өөр байршилд газар сонгох эрхтэй. Хэрэв нэг байршилд хоёр иргэн хүсэлт гаргасан бол эхэлж өргөдлөө өгсөн иргэний асуудлыг шийдвэрлэнэ.
-Хүүхэд газар өмчлөх эрхтэй юү?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт орсноор 18 нас хүрээгүй хүүхэд ч гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авах эрх нь нээгдсэн. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох гэж заасны дагуу жил бүр Засгийн газраас иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоон баталдаг. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 121 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд 315.17 га газарт 5538 иргэнд эзэмшиж буй газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн ба иргэд төлөвлөгөөнд туссан эсэхээ Газрын нэгдсэн удирдлагын цахим систем www.egazar.gov.mn-ийн батлагдсан төлөвлөгөөнүүд хэсгээс харах боломжтой.
-Манай улсын хэмжээнд хуулийн этгээдийн газар өмчлөлийн шинэчилсэн бүртгэлийн ажлыг хийж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Яагаад шинэчилж бүртгэж байгаа вэ?
-Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн систем (Лэнд Менежер)-ийг улсын хэмжээнд 2018 оноос нэвтрүүлсэн. 1997-2018 оны хооронд газар авсан иргэн, аж ахуйн нэгжүүд мөн зөрчилтэй нэгж талбар бичиг баримт дутуу, мөн хуучны газрууд мэдээллийн санд бүртгэгдээгүй үлдсэн байдаг. Ийм иргэн, аж ахуйн нэгжүүд egazargov.mn сайтад хандаж өөрийн газраа бүртгэлтэй эсэхийг шалгаад үзээрэй. Хэрэв бүртгэлгүй байвал харьяа газрын албанд хандаж бүртгүүлэх ёстой.
Ингэснээр газартай холбоотой бүх мэдээллээ цахимаар авах боломж бүрдэнэ. Энэхүү нөхөн бүрдүүлэлтийн ажил энэ он дуустал явагдана.
-Шинэчилж бүртгэл хийснээр кадастрын гэрчилгээ хүчингүй болно гэсэн үг үү?
-Цахим системд газраа амжиж бүртгүүлээгүй бол газар нь хүчингүй болно гэх асуудал байхгүй. Харин иргэн, хуулийн этгээд өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно.
-Газрын бүртгэлтэй холбоотой ямар асуудал, зөрчлөөр иргэд ихэвчлэн ханддаг вэ?
-Өөрсдийн буруугаас хуулийн хугацаанд газрын гэрчилгээний хугацааг сунгуулаагүйн улмаас газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон шалтгаан байгаа. Мөн эдгээрээс гадна газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нэгж талбарууд байдаг бөгөөд энэхүү нэгж талбаруудыг нөхөн бүрдүүлж мэдээллийн санд бүртгэх ажлыг улсын хэмжээнд өрнүүлээд байна.
Хэрэв таны газар www.egazar.gov.mn цахим системд ямар нэг бүртгэлгүй газрын мэдээлэл гарч ирэхгүй байгаа бол харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандаж газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг авчирч бүртгүүлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл
Зочин [99.230.64.174] 2022-05-01 16:33:19
Газрын албаны ажилчид харьцаагүй, хахуул харсан хүмүүс байдаг шдээ,,,
Иргэн [150.129.141.243] 2022-05-01 16:05:15
Нийслэл, дүүргийн газрын албаныхаН аймаар луйварчин, дээрэмчид, Эзэнгүй газар кадастрлуулахаар эзэнтэй байна гэж хэлээд өөрсдөө авчихдаг. Энд тэндгүй улсаас идэж уудаг юмнууд ичиж үхээсэй!!’
Зочин [103.10.21.239] 2022-04-30 09:02:42
Газрын албаны нөхдүүд нь тайлбар хийх ч чадваргүй харьцаагүй нөхдүүд байдаг энэ ажилчдаа харилцааны соёлд сурга нүсэр ажлаа бэлтгэлтэй эхлүүл хүүхээн