Ерөнхий сайд аа "Хүүхдийн төлөө фонд"-ны мөнгөнөөсөө нэг амь ч болов авраач!!!
Өдөр өнжөөд л нэг өвчин зовлонтой шаналсан хүүхдийн мэдээлэл явах боллоо. Дандаа Монголд эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай. Эмчилгээний төлбөр нь багадаа 300 сая төгрөг гэх юм. Арга барахдаа аав ээж нь ард түмнээс хандив гуйж азтай нэг нь хандиваа босгож байна. Аз дутвал тэгээд хандиваар цугларсан хэдэн төгрөгөө өдрийн эмчилгээнд зарцуулаад шаналан сууна. Яагаад энэ хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардлыг “Хүүхдийн төлөө фонд”-ноос гаргаж болохгүй гэж. Тэртээ тэргүй ард түмэн хүүхдийн төлөө хандивласан мөнгө шүү дээ. Хүүхдийн төлөө зарцуулахгүй юм бол өөр юунд зарцуулна гээд хадгалаад байгаа юм. Ерөнхий сайд аа "Хүүхдийн төлөө фонд"-ны мөнгөнөөсөө нэг амь ч болов авраач!!!
Уг нь 2020 он дуусахын өмнөхөн “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээж цахим тоглолт зохион байгуулж 43 мянган аж ахуй нэгж, иргэнээс 2.2 тэрбум төгрөгийн хандив төвлөрүүлсэн байдаг. Улмаар Засгийн газраас 10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр баталсан. Хүүхдийн нэр барьж төрийн бус байгууллага байгуулж, хандив цуглуулж хууль зөрчсөн үйлдлийг анх удаа Соёлын дэд сайд М.Батбаяр гаргаж байв. Энэхүү үйл явдлыг олон нийтийн нэлээд шүүмжилсэн. Ингээд “Хүүхдийн төлөө фонд”-ны 2.2 тэрбум төгрөгийг 2021 оны дундуур буюу тавдугаар сард Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд хүлээлгэж өгсөн билээ.
Товчхондоо уг мөнгө Төрийн санд төвлөрсөн гэсэн үг. Тэгвэл үүнээс хойш уг мөнгийг юунд зарцуулав. Салбарын сайдын мэдээллээр бол хүүхдийг хөгжүүлэхэд, гадагшаа дотогшоо тэмцээнд явж амжилт гаргаад ирэхэд зарцуулна гэж байсан. Гэхдээ энэ Монголын бяцхан үрс чинь эрүүл саруул байж тэр дараагийн асуудал яригдах ёстой биш гэж үү. Жилдээ хэдэн хүүхдийн эмчилгээний зардалд тэдэн төгрөг зарцуулна гээд бүр төсөвлөчихвөл зүгээр юмсан.
Саяхан залуу гэр бүл талбай дээр гарч хандив гуйлаа. Гурав хоногийн дотор хандив нь бослоо. Гуйж чадахгүй яваа олон эцэг, эх дотроо нурж яваа. Ард түмэн ч яахав, өр зөөлөн юм хойно хүн бүр чадлынхаа хэрээр хандив цуглуулаад өгч байна. Гэхдээ ард түмний хандивын мөнгийг төр нэр дээрээ төвлөрүүлчихсэн бэлэн сан байгаагийн хэрэг юу билээ.
Өмнө нь Монголын эмэгтэйчүүдийн холбоо олон мянган эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө дуугарах байтал хэдэн зуун сая төгрөгөөр ганцхан кино хийсэн гашуун сургамж бидэнд бий. Тиймээс Ерөнхий сайд аа “Хүүхдийн төлөө фонд”-ны мөнгөө хүүхдийн нэр барьсан хэдэн кино, жүжигт битгий зарцуулаарай. Маргаашийн төлөө цохилох бяцхан зүрх, Монголын үрсийн амь чухал шүү...
Д.ДАВААСҮРЭН
Эх сурвалж www.tentsver.mn
Сэтгэгдэл
Зочин [202.9.41.19] 2022-05-06 18:42:12
Энэ хандив гуйж уйлж бга хүүхэдүүдэд тэр сангаас нь мөнгө өгөөчээ арга хэмжээ аваачээ мөнгө өгөхгүй юмаа гэхэд эмнэлэг бараадуулж өгөөчээ эмяны сайдаа
Зочин [66.181.185.101] 2022-05-04 02:31:30
Бага насны ерон хуухдийнэрхийн талаар олон хууль тогтоомж бдг ч биелэлт нь маш муу хэт олон дамжлагаас болоод асуудлыг орхигдуулдаг юм билээ тэнд ажиллагсад нь мэрэгжлийн бус хун ч байдаг болтойм билээ тэгэхээр ажил явахуу зумуусээ сайн сургаж сайн хариуцлага ярих хэрэгтэй
Зочин [66.181.185.101] 2022-05-04 02:26:33
ЭМД н сангаас энд эмчилгээнуй гадна эмчлэх боломжтой гэсэн эмнэлгийн заалтыг нь ундэслээд нэг удаагийн дэмжлэг бага ч болов узуулэх шаардлагатай тор нь хаядаг ард иргэд нь хандив цуглуулаад эмчилдэг байх нь ямар нийгэм ямар систем бэ
Иргэн [192.82.74.45] 2022-05-03 16:54:09
Нялх буюу бага насны охидын хүчин хирээс хэтэрсэн тул охидыг хамгаалахад мөнгө зарцуулаачээ!
Зочин [192.82.91.103] 2022-05-03 14:24:38
Ёстой зөв дэмжиж байна
. [64.119.25.228] 2022-05-03 10:13:23
Үгүй ээ, өвдсөн зовсон хүмүүс ард түмнээсээ хандив ав, бид нар ямар аргаар яаж мөнгө хүүлэх вэ гэж байхад
dd [192.82.80.183] 2022-05-03 05:27:31
МҮОНРТ-ийг тараагаад хэмнэсэн мөнгөөр хүүхдүүдийнхээ амь аврах хэрэгтэй, тэртэй тэргүй хэнч үзэхээ больсон тв
Өвгөн [122.201.24.135] 2022-05-03 13:51:15
Байдаг юм болуу даа тэр мөнгө нь