ШУА, СЭЗИС инновац, технологийг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллана
ШУА, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж өнөөдөр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр нар үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийн зорилго нь ШУА-ийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон СЭЗИС-ийн 2021-2031 оны стратегийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтуудын хүрээнд талуудын эрдмийн хамт олны үйл ажиллагааны нийтлэг чиг хандлага, материаллаг баазад түшиглэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх, талууд харилцан өөрсдийн харьяа лаборатори, хүрээлэн болон бусад судалгааны баазыг түшиглэн эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд, ахисан түвшний суралцагчдын судалгааны ажил хийх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Санамж бичигт дараах чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
· Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, боловсролын байгууллагын хамтын оролцоог хангасан “Салбар дамнасан жишиг төслүүд”-ийг хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх;
· Талуудын хүний нөөцийг чадавхжуулах, нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, шинжлэх ухааны ололт амжилтад суурилсан ахисан түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, СЭЗИС-ийн профессорын баг, тэнхимүүд болон ШУА-ийн хүрээлэнгүүд үр дүнтэй хамтран ажиллах оновчтой арга хэлбэрийг хөгжүүлэх;
· Төсөл, хөтөлбөр, судалгаа, зөвлөх үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, бүс нутаг болон олон улсын төсөл хөтөлбөрт хамтарсан судалгааны баг байгуулан оролцох;
· Нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах;
· Талууд нөөц, боломжоо зохистой хуваарилах замаар харилцан туслалцаж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан тэнхим, гарааны компани байгуулж ажиллуулах;
· ШУА-ийн харьяа хүрээлэнгээс СЭЗИС-ийн ахисан түвшний сургалтад хамрагдаж байгаа судлаачдаас олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл хэвлүүлсэн, өндөр ур чадвартай судлаачдад сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх;
Дээрх санамж бичгийг 4 жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд талууд хамтын ажиллагааны санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллах юм.
Төлөвлөгөөнд:
· Эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнд бий болсон инновац, технологийг зах зээлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах
· Эрдэмтдийн боловсруулсан технологийг хамтран эзэмших замаар бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх
· Инновацын бизнес загварыг боловсруулж, хөгжүүлэх, инновацын экосистемийг хөгжүүлэх
· Гарааны бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтарч ажиллах /засаглал, санхүүгийн модель боловсруулан хэрэгжүүлэх/
· Олон улсын имфакт фактор бүхий сэтгүүлд хамтарсан бүтээл хэвлүүлэх
· Шинжлэх ухааны академийн судалгааны сан, өгөгдлийг хуваалцах
· Шинжлэх ухаан, технологийн болон суурь судалгааны төслүүдийн санхүүгийн тооцоолол, өртөг зардлыг тооцох аргачлал, мэдлэгийг хуваалцах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх
· Салбар дундын болон салбар дамнасан судалгааг хөгжүүлэхэд хамтран ажиллах
· Ахисан түвшний хамтарсан салбар дундын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
· Байгаль орчин, эдийн засаг, нийгмийн уялдаа, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилсан дундын тэнхим байгуулах
· СЭЗИС-ийн гадаад, дотоодын докторын түвшний оюутнуудын судалгааны ажлыг удирдах
· СЭЗИС-ийн ахисан түвшний оюутнууд, багш, судлаачдыг ШУА-ийн хүрээлэнгүүд дээр дадлага хийлгэх, эрдэм шинжилгээ, судалгааны туслах ажилтнаар ажиллуулах (research assistantship)
· ШУА-ийн дадлагажигч хүлээн авах хөтөлбөрт хамруулах
· СЭЗИС-ийн ахисан түвшний сургалтад хамрагдаж байгаа ШУА-ийн ЭША-ны эрдэм шинжилгээний багц цагийн 20 хүртэл хувийг эрдэм шинжилгээний ажлын оноогоор тооцох.. зэрэг ажлууд багтжээ.
Сэтгэгдэл
Зочин [27.122.14.71] 2022-05-05 03:13:16
энэ зөнөг залгасан Рэгдэл гэж өвгөн зайлаагүмүү
Зочин [27.122.14.71] 2022-05-05 03:12:07
естой үнэн хэлжээ
Нэргүй [202.179.21.205] 2022-05-05 00:40:10
Энэ ШУА-г ер ойлгохгүй юмаа энд тэнд очиж төрийн болон бусад байгууллагуудтай гэрээ л хийдэг ажилтай өөрсдөө юу хийдэг юм бэ.Гэрээ хийхээс өөр ажилгүй бол татан буулгаж өвгөдийг тэтгэвэрт нь суулгах хэрэгтэй.