Бараа бүтээгдэхүүний хаяг, орц, найрлагын зөрчлийг 115 тусгай дугаарт авч байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утас болон тус веб хуудсаар дамжуулан бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, орц, найрлагын зөрчлийн талаар мэдээлэл авч байна. Иргэдийн өгсөн гомдлын дагуу ШӨХТГ-аас холбогдох арга хэмжээг авч ажиллаж буй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд зааснаар хэрэглэгч нь барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй. Үйлдвэрлэгч бараа, ажил үйлчилгээг зах зээлд нийлүүлэхдээ түүнийг хэрэглэх заавар, хадгалах, тээвэрлэх, ашиглахад дагаж мөрдөх аюулгүйн заавар, анхааруулга, үйлдвэрлэсэн он, сарыг худалдааны баримт бичиг, хаяг, шошго дээр хэрэглэгчид ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байхаар тусгах үүрэгтэй байдаг.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж, ахуй эрхлэгчдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна.
Үүнд:
1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандартыг мөрдөж ажиллах
2. Хэрэглэгч бараа, бүтээгдэхүүний талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангаж ажиллах
3. Бараа бүтээгдэхүүний хаяг шошгололтод тусгагдсан мэдээлэл нь үнэн зөв, бодитой байгаа эсэхэд анхаарч, дотоод хяналтыг сайжруулах
4. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж чанартай, аюулгүй бараа, бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ хангаж, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулах юм. Цаашид дээрх алдаа дутагдлыг гаргасан тохиолдолд холбогдох хувь хүн, аж ахуй нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна хэмээн ШӨХТГ-аас газраас мэдээллээ.
Сэтгэгдэл