Одоогоос наймхан сарын өмнө “Боксын тамирчин Б.Чинзоригт Армийн дэлхийн аварга боллоо” гэж улс даяараа бахархан ярьж байсан. Ирэх зургаан сард сагсан бөмбөгийн Армийн Азийн аварга болно. Түүнд оролцохоор Алдар спорт хорооны “Алдар Танан Гарди баг” бэлтгэлдээ гарчээ. Үеийн үед Армийн дэлхийн аварга, Цэргийн нэгдсэн их наадам гэсэн томоохон тэмцээнд монгол тамирчид ид хаваа гайхуулж оролцдог. Хэрвээ спорт хороод үгүй болвол эдгээр тэмцээнүүдэд хэн оролцох вэ, ямар амжилт гаргах вэ гэдэг нь асуулт болж үлдэнэ. Армийн дэлхий аваргад алдар цуугаа мандуулж явсан “Алдар” спорт хорооны гавьяат тамирчин Г.Мандахнаран “Хүчний байгууллагуудын тамирчид маань олимп, дэлхийн медалиудын 70-аад хувийг авчирсан статистик байдаг юм билээ. Спорт хороод чинь үндэсний шигшээ багт нэг үгээр хэлбэл улс орноо төлөөлөн олимп тив, дэлхий, олон улсын хэмжээнд өрсөлдөх, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах тамирчид бэлтгэдэг суурь нь юм шүү дээ. Энэ асуудал бол хүнийг цэцэрлэг, 10 жилийн боловсрол эзэмшүүлэхгүйгээр шууд их сургуульд суралцуулна гэсэнтэй агаар нэг. Хэмнэх биш спортын салбараа уналтад оруулвал, эргээд сэргээх гэж олон жил, илүү их хөрөнгө зарцуулна. Таван жилийн дараа дэлхийд өрсөлдөх тамирчингүй болсон хойно амаа барих вий дээ” гэсэн юм.
С.Шижирбат: Спорт урлагийнхнаас болж Монгол улс хүнд байдалд орсон юм уу?
Бөх тайлбарлагч С.Шижирбат Спорт хороодыг татан буулгах асуудлаар нийгмийн сүлжээнд өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. “Олон жилийн түүхтэй хууль хүчний байгууллагуудын спорт хороод Монголын их спортод үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тусгаар тогтносон улсынхаа төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлдэг ганц спортын салбараа юунд ад үзээд байна.
Дэлхийн хүн төрөлхтөн спорт, урлаггүйгээр амьдарч чадахгүй. Дан ганц улсын шигшээ багийн хэдхэн тамирчид спортыг авч явдаггүй. “Алдар”, “Хүч”,
“Хилчин”, “Сүлд”, “Аврагч” гэсэн спорт хороодыг татан буулгавал Монголын их спорт сүйрэл рүү явна.
Төсвийн хэмнэлтэнд бусад танаж болох өчнөөн зүйлүүд байгаа шүү дээ. Бусад орны тамирчдын цалин хангамжийн дэргэд манай тамирчдынх санаа зовмоор бага. Бүх улсын хууль хүчний байгууллагууд спорт хороотой байдаг. Үүнд албан хаагчдын бие бялдрын хөгжил, нийтийн биеийн тамир, цэрэгжилтийн биеийн тамир багтсан. Урт наслахын үндэс нийтийн биеийн тамир шүү дээ. Манай татан буулгах гээд буй спорт хороодод олон тамирчин байдаггүй. Байгаа хэд нь харьяа газартаа үндсэн ажлаа хийгээд хажуугаар нь бэлтгэлээ хийдэг. Мөн цалингийн доод хэмжээгээр цалинждаг” гэсэн байна.
Тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Ж.Ганбат “Тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу гэдэг асуудал бий” гэж байсан. Энэ талаар аймгийн хурц арслан Б.Баянмөнхөөс тодруулахад “Би Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин. Ахлах ахлагч цолтой албан хаагч. Сошиал орчинд хүмүүс урлаг, спортынхон ажил хийхгүй цол авчихлаа гэж шүүмжилдэг. Миний хувьд цагдаагийн байгууллагад 10 гаруй жил алба хааж, эргүүл хамгаалалтад гарч, хийх ёстойгоо хийгээд авах журмынх нь дагуу цолоо авсан. Зуны хугацаанд бусдын адил 1-2 сарын чөлөө аваад баяр наадамдаа зодоглодог. Үүнийг хамт алба хааж байгаа бүх хүн мэдэж байгаа. Зарим барилдаан, тэмцээний үед ээлжээ солих дараа нь нөхөж гарахаар зохицуулдаг” гэв. Энэ мэтчилэн тамирчид тухайн хүчний байгууллагадаа алба хааж, ажил хийдгээ илэрхийлж байлаа. Монголын спортыг "Хүч"-гүй болгосон саяхны гашуун түүх арилаагүй. Харин одоо "Алдар"-гүй, "Сүлд"-гүй болгохоор зэхэж байна. Манай орны спортыг үүрч явдаг хэдэн спорт хорооны намтар гунигтайгаар төгсвөл Монголын спортын хөгжилд шууд уналт болно. Олон зуун тамирчдын ирээдүйд хортойгоор нөлөөлөх юм. Өсвөр үе, залуучуудын шигшээ багууд, секцүүд үгүй болно. Хэмнэх гэж байгаад намначих вий дээ.
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин