Н.Батчулуун: Дотроо худал, хуурмаг хэр нь гаднаа шударга харагдах гэж хичээдэг хүмүүс олон болсон

Aдмин / Нүүр

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтэн комиссар Н.Батчулуунтай авлига хээл хахууль түүний хор уршгийн талаар ярилцлаа.

Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл өгнө үү?

-Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, төрийн 45000 албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн өргөн оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулдаг онцлогтой. Бид авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлж, жилд дунджаар 30-40 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны байдлаар 96,2 тэрбум төгрөгийг Сангийн яам, Хөгжлийн банканд шилжүүлсэн, 10 их наяд төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх ажлыг хийж, төрөөс алдагдсан хөрөнгийг илрүүлэн хамгаалаад байна.

Авлига гэдгийг олон нийт хамгийн энгийнээр юу гэж ойлгох вэ, түүний хор хөнөөлийг тайлбарлана уу?

-Монгол хэлний тайлбар толь бичгээс үзэхэд “авлигал” гэсэн үг байдаггүй харин “авлига” гэсэн үг байдаг. Энэ нь “ёсон бусаар шунаж авсан эд юм” хэмээх тайлбартай. Мөн 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуульд “авлига” гэдгийг тодорхойлсон байдаг. Энгийнээр хэлэхэд авлига нь эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглахыг хэлнэ. Авлигын түвшин өндөр газар мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс албан бусаар хаан шиг амьдарч хуульд захирагдахгүйгээр бусдын боломжийг хулгайлдаг. Гэтэл авлигын хор хохирлын хамгийн хүчтэй цохилтыг энгийн иргэд өдөр тутамд авдаг. Тухайлбал, хүрэлцээгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх, эмнэлэгт цаг авсан ч урт дараалалд зогсох, эм тариа нь тасрах, эмч нар нь хувийн эмнэлэгт шинжилгээ хийх арга замыг зааж өгөх, цэцэрлэгийн хүрэлцээ байхгүйгээс сугалаа нэртэй хуйвалдаанд өртөх гэх зэргээр бид өдөр тутамдаа авлигын хор хөнөөлөөс болж эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах үндсэн эрхээ зөрчүүлсээр байна. Тэгээд ч авлига өгөх авах, үйлдэл далд, нууц орчинд үйлдэгддэг шигээ хохирол, хор уршиг нь ил харагддаггүй. Ер нь бол бид өдөр тутамдаа авлигачдаас болж хохирч байдаг гэсэн үг. Энэ бол нийгмийн шударга ёсыг гажуудуулж байдаг хамгийн том хүчин зүйл.

Хүн төрөлхтний түүхэнд эртнээс нэг нэгэндээ ямар нэгэн байдлаар бэлэг, сэлт өгдөг, дамжуулдаг байсан харилцааг авлига гэж тооцох уу?

-Хүний нийгмийн соёл иргэншил бүрэлдэн тогтсон үеэс л авлигыг жигшин зэвүүцсээр ирсэн. Эртний Грекийн сонгодог философи, Күнз, Буддын сургаалд хүртэл ёс суртахууны доройтлын шинж нь “авлигажсан“ нийгэм хэмээн сургасаар иржээ. Эргэн сануулахад, феодалын үеийн үлгэр домгуудад алба гувчуураа үнэнчээр төлдөг хамжлагууд болон олзоо харамгүй хуваалцдаг өглөгийн өгөөмөр эздийг магтсан эшлэлүүдтэй их тааралддаг. Өнөөдрийг хүртэл харилцан бэлэг сэлт өгөх нь олон соёл иргэншлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэвээр байсаар байна. Өнөөгийн бидний ойлгож буй улс төрийн авлига хэмээх ухагдахууны тодорхойлолтыг “орчин үеийнх” хэмээн дүгнэж болно. Учир нь өмчийг нийтийн болон хувийн гэдэг ангилалд хуваах болсон үеэс л “төсвийн мөнгөнөөс хувьдаа ашиг унагах зорилгоор буруугаар ашиглах, завших” гэдэг ойлголт бий болсон.

Гэхдээ садан төрөл, танил талаа бусдаас илүү харж хандах, үнэнч аялдан дагалдагчдадаа олсон ашгаасаа хүртээх, хүмүүсийн хувийн харилцаа холбоон дээр түшиглэсэн энэ мэт тогтолцоо нь хүн төрөлхтний эртний түүхээс ч өмнө бий болсон болов уу. Хахууль өгдөг, авдаг харилцааны дээрх арга хэлбэрүүд нийгмийн харилцаанд тодорхой үүрэг гүйцэтгэсээр ирсэн нь үнэн.

Азийн улс орнууд, тэр дундаа монголчуудын сэтгэхүй, уламжлал нь авлигатай тэмцэхэд сөргөөр нөлөөлж байна уу?

-Авлигатай тэмцэнэ гэдэг нь эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцно гэсэн үг. Ийм учраас төвийг сахисан байр сууринаас авлигатай тэмцэх боломжгүй. Зүүн Азийн улс орнууд эрдэм ном заасан багшийн гарыг цайлгах, өвчнийг анагаасан, хүүхдийг эх барьсан эмчдээ гарыг нь цайлгах зэргээр бэлэг сэлт өгөх тохиолдол эртнээс байсаар ирсэн. Одоо ч энэ хандлага бий. Тухайлбал, Солонгос улс хэдхэн жилийн өмнө багшид цэцэг болон бусад бэлэг өгөхийг хориглох шийдвэр гаргасан ч энэ асуудал одоо хэр нь арилахгүй байна. Иймд тэд саяхнаас бэлэг өгөх дээд хэмжээг 30,000 вон буюу 60,000 төгрөгөөр тогтоож, бэлэг өгөхийг зөвшөөрсөн нь тодорхой түвшинд боловсролын салбарт гарах авлигаас сэргийлсэн үр дүнтэй арга болсон байна. Мөн Зүүн Азийн улс орнуудад шашны холбогдолтой тоо, мухар сүсэгт итгэх түүнээс шалтгаалсан онцлог хэрэг зөрчлүүд гардаг.

Манай улсын хувьд 1990-ээд оноос хойш автомашины улсын дугаараар гангарах, түүнийгээ азын, нэр төрийн гэх тодотголтой дугаар болгон маш үнэтэй дамлан зарах тохиолдол их гарч байсан. Ийм дугаарыг энгийн иргэд төдийлөн авч чаддаггүй, чинээлэг иргэдийн эрх мэдэл, албан тушаалынх нь гангараа болж, нийгэмд ялгаатай байдлыг олон жил үүсгээд байсныг та ч бас мэдэх байх. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар судлан үзээд иргэд хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг чөлөөтэй солилцох боломжийг олгох, иргэдийн сонирхлыг татсан азын гэх тодотголтой 400 дугаарыг дуудлага худалдаагаар борлуулах замаар хүссэн иргэн авах боломжийг тэгш нээсэн. Дуудлага худалдаанаас 2021 оны жилийн эцсийн байдлаар 4,2 тэрбум төгрөгийн орлого орж, Хүүхдийн төлөө санд төвлөрүүлээд байна.

Зарим хүмүүс авлига, хээл хахуульд орооцолдчихсон гэдгээ өөрөө ч мэдэхгүй явж байхтай таарч байсан. Уг асуудлаас хүн өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, хүүхэд залууст энэ талын мэдлэгийг хэрхэн олгож байна вэ?

-Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, тэдэнд авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг татан оролцуулах нь авлигаас урьдчилан сэргийлэх бодлогын салшгүй хэсэг юм.

Авлигын нийгмийн хор аюулыг иргэд, олон нийтэд ухуулан таниулах ажлыг нийгмийн салбар, бүлэг тус бүрээр ангилан авч үзэж, тухайн салбар, бүлгийн онцлогт тохирсон агуулга, хэлбэрээр зохион байгуулан ажилладаг. Авлигын эсрэг сурталчилгааг видео болон радио контент, зурагт хуудас, нугалбар, подкаст, мэдээллийн самбар, цахим хичээл, нийтийн тээврийн сурталчилгаа, нийтлэл, нэвтрүүлэг гээд олон төрлийн хэлбэрээр бэлтгэн, түмэнд түгээдэг. Хүүхэд залуусын дунд хэрэгжүүлсэн онцлог ажлуудаас дурдвал, оюутан залуусын дунд “Залуус өөрчлөлтийн төлөө” үндэсний хөдөлгөөн, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “New generation-No corruption” илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн, Увс, Ховд, Завхан,Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн залуучуудын дунд “Орон нутгийн төсвийн ил тод байдал хакатон” уулзалт хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулсан. Бага насны хүүхдүүдэд “Шударга тоглоё” хүүхэлдэйн зохиомж, дунд сургуулийн сурагчдад зориулан “Шударга ёс” цувралын эхний анги болох “Хичээл дээр” теле зохиомжийг мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран бүтээх зэрэг маш олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

Нийгмийн сэтгэхүй, ард түмний дунд авлигын эсрэг хууль тогтоомж сул байна гэж их ярьдаг. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Авлигатай тэмцэх байгууллага байгуулагдаад 15 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын авлигын эсрэг төрийн бодлого, чиглэлийг тодорхойлсон үндсэн баримт бичиг бол 1996 онд анх батлагдаж, Авлигын эсрэг хуулийг 2006 онд шинэчлэн баталсан. Уг хуульд 2008-2020 оны хооронд нийт 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд цаашид ч бодлогын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулах, магадгүй шинэчлэн найруулах нийгмийн шаардлага гарч ирж байгаа. Авлигын гэмт хэрэг нь ахуйн хүрээнд үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэргээс тэс өөр. Авлигын гэмт хэргийг эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, тусгай мэдлэг бүхий өндөр боловсролтой албан тушаалтнууд үйлддэг. Ийм хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг илрүүлж мөрдөн шалгаж нотлох нь мөрдөгчөөс ур чадвар, цаг хугацаа, зардал шаарддагаараа бусад төрлийн гэмт хэргээс онцлог ялгаатай. Хоёр этгээдийн хооронд гэрчгүй үйлдэгддэг. Авсан, өгсөн талуудын аль алиных нь хэрэг бүтэх тул сэтгэл ханамжтай үлддэг. Ил биш, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг гэж ойлгож болно. Ямар гэмт үйлдлийг авлигын гэмт хэрэг гэж тооцох, тэдгээрт ямар ял шийтгэл оногдуулах гэх мэт асуудлыг Эрүүгийн хуульд тодорхойлсон байдаг. 2002 оны Эрүүгийн хуульд 12 төрлийн гэмт хэргийг “Албан тушаалын гэмт хэрэг” гэж нэрлэж байсан бол 2015 оны мөн хуульд 11 төрлийн гэмт хэргийг “Авлигын гэмт хэрэг” гэж нэрлэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан 11 төрлийн гэмт хэргийг АТГ харьяалан шалгадаг.

Тухайлбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах зэрэг болон өөрсдийн илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдсэн гэмт хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг прокурорын байгууллагын хяналт дор явуулж байна.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, урьд нь албан тушаалын байдлаа хортойгоор урвуулан ашиглаж үлэмж хэмжээний буюу 9,600,000 төгрөгөөс доош хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх боломжгүй байсныг өөрчилж, “Төрийн албан хаагч албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүйгээс өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” хохирлын хэмжээнээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, ял оногдуулахаар хуульчилсан.Өөрөөр хэлбэл, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар авлигын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Хохирол шаардахгүйгээр хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт оногдуулж байгаа ял, их хэмжээний хохирол учруулсан албан тушаалтанд оногдуулж байгаа ялын санкц нь ижил байгаа. Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг НҮБ-аас баталсан Авлигын эсрэг Конвенцын шаардлагад нийцүүлсэн нь Монгол Улсад хариуцлагатай, шударга төрийг бэхжүүлэхэд чухал алхам болсон гэж дүгнэж болно. Төрд ажиллаж байгаа албан тушаалтнууд, улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл зориг үүнд чухал ач холбогдолтой.

“Транспэрэнси” интернэшнл ТББ-аас Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлог эерэг арга хэмжээг авч байна гэж дүгнээд бүс нутгийн улс орнуудаас хамгийн анх Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн шүгэл үлээгчийг хамгаалах болон сэтгүүлчийн мөрдлөг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг энд онцлон дурдахад таатай байна.

Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүмүүс авлига, ашиг сонирхлын зөрчилд орж байгаа тохиолдлуудын талаар дурдана уу?

-Авлигатай тэмцэх газрын иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авах 110 тусгай дугаарын утсаар Батлан хамгаалах салбартай холбоотой гомдол мэдээллийг сүүлийн хоёр жилийн байдлаар авч үзэхэд, 2020 онд 16, 2021 онд 5 гомдол, мэдээлэл ирсэн байна. Өргөдөл, гомдлын тоо, зөрчлийн төрлөөр нь авч үзвэл захиргааны шийдвэр гаргалт, тендер худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт, төсөл, хөтөлбөр, хүний нөөц, томилгоотой асуудлаар голчлон ирдэг. Гэхдээ авлигын гэмт хэрэг, зөрчил тус салбарт гарсан эсвэл, гараагүй нь гол асуудал биш, албан хаагчид нийтээрээ албандаа шударга ханддаг, үүрэг хариуцлагатай, ёс зүйтэй байх юм бол нийгэм маань илүү аюулгүй болох, хамт олны уур амьсгал сайжрах, ажлаас авах сэтгэл ханамж нэмэгдэх сайн талтай гэдгийг нийт цэргийн алба хаагчид ойлгоосой гэж бодож байна. Мөн тухайн салбарын удирдах албан тушаалтны манлайлал, шударга ил тод байдал чухал.

Цаашид Батлан хамгаалах салбартай хамтран хэрэгжүүлэх ямар ажлууд байна вэ?

-Манай байгууллагаас "Зөв зөвд шударга зөв" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, үнэн зөв мэдээ мэдээллийг бодит эх сурвалжаас түгээх зорилготой “Авлигатай тэмцэх газар” пэйж хуудас, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, шударга байдлыг нэмэгдүүлэх, ёс зүйг дээшлүүлэх зорилготой “АТГ-Олон нийтийн төв” фэйсбүүк пэйж хуудсыг хөтлөн ажиллаж байна. Батлан хамгаалах яамны хувьд төрийн тусгай байгууллага хэдий ч авлигын эсрэг манлайллыг үзүүлж, түүчээлэн ажиллаж байгаа гэдгийг энд онцлон хэлье. Энэ хүрээнд Батлан хамгаалах яамны Ёс зүйн зөвлөлтэй хамтран тус яамны харьяа байгууллагуудад, мөн Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, 084, 150, 350 болон Зэвсэгт хүчний 013, 017 дугаар ангиудын бие бүрэлдэхүүнтэй “Авлига түүний нөхцөл, шалтгаан, авлигын хор уршиг” сэдвээр сургалт, соён гэгээрүүлэх өдөрлөгүүдийг амжилттай зохион байгуулсан. Цаашид Батлан хамгаалах салбарын шударга байдлын үнэлгээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Авлигын эсрэг хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Авлигаас урьдчилан сэргийлэх бодлогын нэг чухал чиглэл бол авлигын шалтгаан нөхцөл, авлигын ерөнхий нөхцөл байдлыг судлах, дүн шинжилгээ хийх ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ.

Энэ асуултыг танд үлдээе...

-Та өөрөөсөө ёс зүйтэй ажиллах гурван асуултыг үргэлж асууж байгаарай. Энэ шийдвэр ёс зүйд харшлах уу? энэ шийдвэр хуульд харшлах уу? би энэ шийдвэрийг гаргаснаараа өөрөөрөө бахархах уу? гэж. Зөв байх шударга ёсыг хүн хамгийн түрүүнд өөрөөсөө хайх хэрэгтэй. Нэг талаар шударга ёс гэдэг хүний дотор оршдог. Гэтэл өнөөдөр дотроо худал, хуурмаг хэр нь гаднаа шударга харагдах гэж хичээдэг хүмүүс олон болсон. Жинхэнэ шударга байхын тулд дотроосоо, хүн талаасаа зөв байх ёстой байх.

Ахмад М.МӨНХЗОРИГ

Эх сурвалж: "Соёмбо "сонин


Сэтгэгдэл

Болортуяа [202.55.188.93] 2022-05-10 09:11:02

Үнэн шдээ. Дотроо ялзарсан мөртлөө гаднаа дүр үзүүлэгч жүжгээнүүд их болсон.

Amjilt [203.91.115.55] 2022-05-10 05:56:09

Unen unen neeh shudarga tsarailsan novshnuud er ni hamgiin hogiin garuud bdg shde muruuruu ajilaa hiigeed yavj bgaa humuus hezee ch shudarga tsaraildaggui urdah ajilaa sain hiiged l yavj bdg yag unen helsen bn

Зочин [66.181.160.25] 2022-05-10 04:46:04

Өнөөгийн хүмүүс үнэхээр л гаднаа их шудрага ариун дүр эсгээд/Алтанхуяг шиг/дотроо яаж авлига авах тухай байнга бодож явдаг бололтой.Ялангуяа мөнгөнд ойрхон эрх мэдэл бүхий албан тушаалтнууд жишээ дурьдвал Замын үүдийн ямарч дарга гэлээ нэг хүүхэн чинь хэдхэн сарын дотор орлого нь хэд дахин өссөн гэснээс харахад хуулинч сул,тооцох хариуцлага ч сул хүмүүсийн ухамсар дорой болсоных уу шунал нь дэндсэнийх үү гэмээр цагаандаа гарчихсан харагдах юм.Тиймээс Төрийн Мерит зарчим,тухайн албанд тавигдах шалгуураа маш чанга баримталмаар юм даа. Энэ хүүхэн зөв л хэлж.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.