Б.Агар-Эрдэнэ: Нэг зөрчилд давхардуулж хэд хэдэн шийтгэл оногдуулж байгаа нь завхрал

Aдмин / Хууль

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манайд нэг үйлдэлд давхар шийтгэл оногдуулдаг жишиг байх юм. Замын хөдөлгөөнд оролцогч хурд хэтрүүлсэн тохиолдолд жолоочийн оноо хасаад, давхар торгуулийн арга хэмжээ авдаг шүү дээ. Нэг үйлдэлд давхар шийтгэл оногдуулдаг үйл явцыг та хэрхэн харж байна вэ?

-Эхлээд онцлоход, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэнд нэгдсэн бүртгэлд байгаа түүнд хуваарилагдсан оноог хасах, хуульд заасан хувь хэмжээ, нэгжээр торгох, зөрчил үйлдэхэд ашиглаж байсан тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд оруулах буюу ачих гэсэн хэд хэдэн давхар хариуцлага оногдуулж байгаа нь эрх зүйн хэм хэмжээний санкцыг хэтрүүлэн хэрэглэж байгаа үйл явц, хатуухан хэлэхэд завхрал юм. Даруухан хэлбэл, нэг зөрчилд олон хариуцлага оногдуулах хэм хэмжээ нь буруу гэж үзэж байна.

Аливаа иргэн, хуулийн этгээдийн үйлдсэн үйлдэл нь эрх зүйн хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, зөрчлийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд түүнд оногдуулах хариуцлага нь дээрх хэм хэмжээний зорилгод нийцсэн байхыг шаарддаг.

Дээр дурдсан хэм хэмжээний зохицуулалтуудын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нэгдсэн журам тогтооход оршдог.

Бодит байдал дээр болоод байгаа нэг үйлдэлд хэд хэдэн хариуцлага оногдуулах нь зорилгодоо нийцэж байгаа юу. эрх зүйн хэм хэмжээний хувьд тохиромжтой юу? Зохицуулалтынхаа ач холбогдлыг гаргаж чадаж байна уу гэдэг хэд хэдэн асуултыг тавьж үзэх хэрэгтэй.

Эрх зүйн онолын өнцгөөс харж үзье л дээ. Эрх зүй нь нийгмийн харилцааг хамгаалах, зохицуулах зорилгоор уг харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхойлно, тодорхой хүрээнд заавал биелэгдэх шинжтэй байна, төрийн албадлагаар хамгаалагдаж, зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн үр дагаврыг бий болгодог.

Нийгмийн харилцааг хамгаалах зорилгоор гаргаж буй зохицуулалт бүхий давхар хариуцлага нь нийгмийн харилцааг хэрхэн хамгаалж байгаа талаар тоон судалгаа байх зайлшгүй шаардлагатай. Замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, энэ төрлийн зөрчлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч байгаа үйлдлийг багасгаж, бодитоор урьдчилан сэргийлж чадаж байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй.

Нэгэнт зөрчил гаргаж буй үйлдлийнхээ хариуцлагыг авч байгаа иргэнд давхар хариуцлага оногдуулснаар зөрчил дахин гаргахаас сэргийлж чадаж байгаа нь эргэлзээтэй байдаг. Нөгөө талаараа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр иргэдийн эдийн засагт давхар хариуцлага, дарамт учруулаад байж болохгүй. Жишээ авч үзье л дээ. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ...”, тус зүйлийн 5-т “... Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна ...” гэж тус тус заасан байдаг.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-т “... Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна ...” гэж заасан бөгөөд шүүхээр хариуцлага оногдуулахдаа 5 дахь хэсгийг үндэслэн оногдуулж байна.

Мөн энэ заалтуудад дурдагдаагүй машин ачилт (тээврийн хэрэгслийг түр саатуулах) хариуцлага байгаа. Энэ нь өөрөө нийгмийн амьдралыг зохицуулж, аюулгүй байдлыг хамгаалах гэхээсээ илүү иргэдэд эдийн засгийн дарамтыг бий болгож, зөрчлийг ухамсарлах сэдлийг бус хариуцлагаас зугтах сэдлийг төрүүлдэг.

-Олон улсад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ. Манайхтай ижилхэн үү?

Эрх зүйн хэм хэмжээний агуулгыг онолын түвшинд ойлгож, хэрэглэж зохицуулалт хийж байгаа улс орнуудын түвшинд эрх зүйн нэг зохицуулалтад нэг хариуцлага оногдуулж, түүний үйлдлийг ухамсарлуулах, дахин гаргахаас сэргийлэх зорилготой байдаг. Аливаа этгээдийн үйлдэлд тохирсон хариуцлага оногдуулах шаардлагатай. Гэвч тухайн этгээдийн үйлдэлд нэг л удаагийн шинж чанартай хариуцлага оногдуулах ёстой.

-Бусдад анзаарагдахааргүй газар хурд хэмжигч тавиад л жолооч нарыг торгодог жишиг манайд бий. Эдийн засаг ийм хүнд үед иргэдийн халаас руу гар дүрж байгаа энэ үйлдэлд шүүмжлэлтэй хандах нь бий. Таны байр суурийг сонсъё.

-Энэ асуултын хүрээнд нэгдүгээрт “Иргэдийн халаас руу гар дүрж байгаа” гэх агуулгын хүрээнд дараахь өөрийн хувийн байр суурийг илэрхийлье. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотойгоор иргэдэд оногдуулж байгаа хариуцлагыг хувь иргэн талаасаа харвал хэт их мөнгөн дүнгээр хэмжиж, иргэдэд эдийн засгийн дарамт үүрүүлж байна гэж харж байна. Дээр дурдсанаар эрх зүйн хэм хэмжээний зөрчилд оногдуулж байгаа хариуцлага нь урьдчилан сэргийлэх, ухамсарлуулах, зорилгодоо нийцсэн байх шаардлагаа алдаж байна гэж үзэж байна.

Хурд хэмжигчийн хувьд гэвэл иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй байх нь зайлшгүй байх үүрэгтэй. Хурд хэмжигч байхгүй газраас хурд хэтрүүлж болно гэсэн үг биш шүү дээ. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв л байх шаардлагатай гэдгийн адилаар замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдын дээд хязгаарыг аль ч замаар явахдаа дагаж мөрдөх шаардлагатай.

ӨДРИЙН СОНИН: ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.8] 2022-05-15 12:25:34

Хурд хэтрүүлсэн гээд 1 жилээр жолоо барих эрх 50к торгодог юм байна лээ

Зочин [66.181.191.153] 2022-05-12 14:41:54

Тиймээ ЗЦ гэж хүнийг буруутган өө эрж торгох шийтгэхээ урдаа барьсан адгийн шаарнууд.

Тор маа [203.91.115.51] 2022-05-12 04:55:00

Архи айраг үнэртвэл 1. Машин ачна 2. Торгоно 400к 3. Жолооны эрх хасна 2 жилээр 4. Баривчилна 72 цаг ийм л байна да 4н давхар

Зочин [202.126.92.99] 2022-05-12 08:15:16

архи айраг ууж хэн чамайг машин барь гэсийн архи уусан айраг уучанг чинь хэн нотлохийн үнэртсэн л болоо юм биш үү. хүн алж шоронд орхоос чинь л сэргийлсэн байна эргүү мал минь. ийм арчаагүй архичин юмнууд л машин барьч яваад хүн алж 1 нь шоронд нөгөө нь шороонд булагдаж байгаан эргүү минь. уусан бол бүү жолоод тэнэгээ

..... [203.91.115.51] 2022-05-12 04:51:39

Согтуу машин барьсан гэвэл 1. 400к торгууль 2.машин хурааж авна 3. Эрүүлжүүлэх 4. Жолооны эрх 2жилээр хасна гээд байсан

Зочин [66.181.180.200] 2022-05-12 04:16:09

Үнэн шүү. Зуслангийн уруу зам дээр 64 км/цагийн хурдтай явж байтал нуугдаж байгаад гэнэт машины урдаас дохиураараа чичлэн байж зогсоогоод л хурд хэтрүүлсэн гээд л 50.000₮ торгоод дээр нь жолоочийн 2 оноог хассан байсан. Угтаа бол хурд хэтрүүлээд байсан юм байхгүй, уруу газар бага зэрэг хэтэрсэн байх, сануулж болно шүү дэ. Зарим цагдаа нар харьцааны доголдолтой төрийн хувцас өмссөн гэдэгтэй их дээрэнгүй бдаг. За тэгээд жаахан өөдөөс нь юм хэлвэл бичиг баримт аваад өгөхгүй. Нэг зөрчил дээр 2 арга хэмжээ авдаг асуудлыг цэгцлэх цаг болсон шүү.

Тогтох [202.55.191.194] 2022-05-12 03:46:10

Манайхан шиг 2 гурван давхар хариуцлага ногдуулдаг орон байхгүй.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.