IPO хийхийг дэмжинэ, дэмжихгүй

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцүүлсэн нь маргаантай сэдвийн нэг байлаа. УИХ-аас өнгөрсөн онд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд ирэх сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Харин Эдийн засгийн байнгын хорооноос системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Засгийн газар байнгын хорооны саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай. Энэ шалтгааны улмаас инфляцийн өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төвбанкууд бодлогын хүүгээ өсгөж байна.

Нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг зургаан хувь болгон бууруулсныг гуравдугаар сард есөн хувь болгож өсгөсөн. Дэлхий дахинд үүссэн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал, үнийн өсөлт нь инфляцид нөлөөлж байгаа тул Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлагатай 11 асуудлыг онцлон авч үзжээ. Хуулийн төсөл батлагдсанаар банкуудын активын чанарын үнэлгээ бодитой гарах, ингэснээр хөрөнгө оруулагчдад үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, дотоодын хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Харин гишүүд төслийг дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр талд хуваагдаж, маргаан өрнүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Хуулийн төсөлд банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгахаар тусгасныг зарчмын хувьд дэмжиж байна. Олон улсын байгууллагын зөвлөмжийг хүлээн авч, Засгийн газрын санал санаачилгыг УИХ дэмжиж ажиллах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Хуулийн төслийг батлуулах гэж 2021 оны нэгдүгээр сарын 28-нд бөөн юм болсон. Хэл ам болж баталсан хуулийг жилийн дараа хойшлуулъя гэх зохимжгүй. Энэ бол банкны салбарт хийх том реформ. Заавал хийх ёстой. Янз бүрийн шалтгаанаар банкны IPO хийх үйл явцыг зогсоож болохгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Хугацааг хойшлуулж буй биш, сунгаж буй өөрчлөлт юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Эдийн засгийн байнгын хороо ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Эдийн засгийг “алаад” байгаа юм биш үү. УИХ дараа нь тарах ч нөхцөл үүсэж мэднэ. Олон банк хүнд байдалд орох байх.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

-Орж ирж буй хуулийн төслийг дэмжихгүй. Парламентын гаргасан хууль, судалгаа шинжилгээтэй, оновчтой байх ёстой. Жилийн дараа болохгүй гээд буцаах нь. Монголбанкны ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө банкууд IPO гаргахад бэлэн гэж ярьж байсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Т.Аубакир гишүүн ээ, нэг хүний санал бус Засгийн газрын санал. Засгийн газар олон улсын байгууллагуудтай зөвлөлдөж, Монголбанк болон холбогдох газруудаас санал авч оруулж ирж байгаа. УИХ-аас 25 компанийн IPO 34 хувийг гаргахаар шийдвэрлэсэн. Зах зээлд зэрэгцэж хэрэгжих багтаамжгүй. Цар тахал, дайны нөхцөл байдалд бүх орон зай хумигдмал байна.Түүнээс биш IPO гаргах шийдвэрээс ухрахгүй.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Гаргасан хуулиа хэрэгжүүл­дэггүй, буцаадаг жишиг тогтох вий. IPO гаргах асуудал хэдэн жилийн дараа хэрэгжиж дуусна гэж та бүхэн харж байна вэ. Уг нь энэ байдлаараа хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийг тэлэх, санхүүгийн зах зээлийг эрүүл болгох ажлыг үе шаттай хийх учиртай.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт:

-Төрийн өмчит компаниудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30 гэж тохирсон.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Манай эдийн засаг 2.5 хувиар агшиж байна. Эдийн засгийн таатай бус нөхцөл байдалд IPO хийх хугацааг хэрэгжүүлнэ гээд явах эрсдэлтэй. Засгийн газраас оруулж ирсэн бодлогын арга хэмжээг бид дэмжих ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Энэ асуудлыг дэмжихгүй. Хууль 2021 оны нэгдүгээр сард батлагдсан. 2022 оны зургадугаар сард хийе гэж ярьж тохирсон. Энэ хооронд Богд банк амжилттай IPO хийчихлээ. Таван банктай ярилцаад дарааллыг нь тогтоож чадахгүй юу хийж яваад байгаа юм. Олон улсын нөхцөл байдал энд ямар хамаатай юм.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Хуулийн төслийг дэмжиж байна. IPO хийх буюу капитал марктай хөгжүүлэх нь зөв. Харамсалтай нь өнөөдөр цаг хугацаа нь биш байна. Яагаад гэвэл дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2022 оны I улиралд дэлхий даяар нийт IPO 10 дахин багассан. Энэ жил 500 сая ам.доллараас дээшх IPO хоёр хийгдсэн. Том IPO хийх нь цаг хугацааны хувьд тохиромжгүй байна. Би Лондонд хоёр IPO хийж байсан. Хойшлуулдаг зүйл байдаг. Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Макро эдийн засаг талдаа 500-600 тэрбум төгрөг банкуудын хадгаламжаас очно. Тэгээд тэнд гацчихсан байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хуулийн төслийг дэмжихгүй. Анхнаасаа энэ хуулийн төслийг оруулж ирж байхад эргэлзэж байсан. Төрийн компаниудыг олон нийтийн болгох асуудал нэг өөр. Төр нь даварсаар бүхэл бүтэн салбарыг ямар өмчлөлийн хэлбэртэй болохыг заадаг болоод байгаагийн бодит илэрхийлэл нь энэ. Бүх банкийг та нар олон нийтийн өмчлөлийн хэлбэртэй бол гэж заах нь байна.

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн ч Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Ч.ОЛДОХ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.