Манайд ХАОАТ-ын шаталсан хэлбэр тохирох уу

Aдмин / Нүүр

ХАОАТ-ыг олон шатлалтай болгох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг ОУВС-гаас манай улсад 2018 онд зөвлөж байсан бол энэ жил дахин үүнийг сануулж зөвлөсөөр байгаа юм. Ингэснээр инфляц буурахад ч нөлөө үзүүлнэ хэмээн анхааруулсаар байгаа билээ. Дэлхийн 147 улсааас 100 орчим орон шаталсан татвартай байна. Харин манай улс тогтмол татвартай оронд багтдаг. Гэхдээ тогтмол татвартай улс орны давуу тал нь хэрэглэхэд хялбар, татварын залилан гарах магадлал бага.

Мөн илүү хөдөлмөрсөн хэсгээсээ нэмж татвар авдаггүй онцлогтой. Харин татварын дарамт бага-дунд орлоготой иргэдэд өндөр, бодлогоор тусгайлсан салбар, үйл ажиллагааг дэмжиж чаддаггүй сул талтай. Тэгвэл шаталсан татвартай байснаар татвар төлөх чадвартай хэсэгт ачааллыг илүү үүрүүлдэг түүнчлэн орлогын ялгааг бууруулах, эдийн засгийн хүндрэлийн үед татварын хувь хэмжээ буурдаг зэрэг давуу талтай. Гэвч хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг бууруулах, илүү чадвартай хэсэг тухайн улсаас зайлсхийх эрсдэлтэй. Түүнчлэн татвараас зайлсхийх үйлдэл, залилан гарах магадлал өндөр гэж шинжээчид дүгнэж байна.

Гэхдээ баялгийн тэгш бус хуваарилалтыг бууруулах үндсэн зорилгоор дэлхийн ихэнх улс ХАОАТ-ыг шатлалтайгаар ногдуулж байна. Ингэхдээ хувь хүний нийт орлогод ногдуулдаг бөгөөд зөвхөн цалингийн орлогод ногдуулдаггүй аж. Шаталсан татвартай улсыг нэрлэбэл, Норвеги 8-25 хувь буюу таван шатлалтай бол Австрали 19-45 хувь хүртэл дөрвөн шатлалтай. Харин Япон 0-45хувь, Хятад 3-45 хувь хүртэл тус бүр долоон шатлалтай бол Бельги 25-50 хувь хүртэл дөрвөн шатлалтай. Түүнчлэн Энэтхэг, Австри мөн 4-7 шатлалтай татвартай байна. Тэгвэл тогтмол буюу нэг шатлалтай улсад Казахстан 10, Монгол 10, Унгар 15 хувийн ХХОАТ-авдаг. Түүнчлэн Беларусь 13, Гүрж 20,Боливи 13, Болгар 10 бол Эстони 20 хувь байх жишээтэй.

“Дэлхийн бусад улсад чинээлэг болон амьжиргааны түвшин доогуур байдлаас шалтгаалж орлогоос нь хамаарч төлөх татварын хэмжээ өөр, өөр байдаг. Монгол Улсын хувьд бүгд ижил хэмжээгээр татвар төлдөг. Татварын орчинг сайжруулах, ядуурлыг бууруулахад хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Иймээс бусад улстай ижил ХАОАТ-ыг шаталсан хэлбэрээр тогтоох юм. Тухайлбал, зарим оронд чинээлэг иргэд нь 27 хувийн ХАОАТ төлж байна. Өөрөөр хэлбэл, орлогоос нь хамаарч өсгөх шатлалтай байх хэрэгтэй” гэж ОУВС-ийн шинжээч онцолсон.

Хөрөнгийн татварын тухайд Монгол Улс 0.6-1 хувийн татвар авдаг бол Норвеги 2-4 хувь, ОХУ 0.1-2.0 хувь, Япон 1.70, Кригизстан 0.35-0.8 хувь Хятад 2.0 хувь зэрэг нэлээн хэлбэлзэлтэй байх жишээтэй. Хэлбэлзэлтэй буюу шаталсан татвар нь хуримтлал өндөр бүлэгт татварын ачаалал илүү үүрүүлдэг. Түүнчлэн баялгийн тэгш бус байдлыг бууруулах, баялгийн эздийн ажлын байр бий болгох сэдлийг нэмэгдүүлэх сайн талтай ч давхар татвар үүсэх, чинээлэг давхарга дүрвэх, татвараас зайлсхийх, залилах үзэгдэл нэмэгдэх, татвар тооцох, бүртгэхэд хүндрэл ихтэй зэрэг сул талтайг судалгаа харуулсаар. Ямартаа ч манай улс ОУВС-гийн зөвлөмжид анхаарал хандуулах шаардлага үүссэнийг эдийн засагчид хэлж байна.

Тогтмол татвартай байснаар орлогын тэгш бус байдал нэмэгдэж ядуурал ихсэхээр байгааг анхааруулж байгаа юм. Нэг үгээр хэлбэл орлого өндөр хэсгээс илүү татвар авах нь зүйд нийцэх хэдий ч эргээд тэрхүү төлсөн татвар нь эдийн засаг болоод нийгмийн сайн сайханд зориулагдах учиртай. Цаашид манай улс хөдөлмөрлөж буй хэсэгт татварын дарамт үүсгэх биш далд эдийн засагтай хэсгийг ил болгож татварыг өндөр тогтоох хэрэгцээ байгааг олон нийт хэлдэг. Гэхдээ эдийн засгийн суурь судалгаагаа сайн хийх хэрэгтэй гэдгийг ч мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.