СЗХ: Орон нутаг дахь төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо
Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарын эрх зүйн орчин, холбогдох дүрэм, журмуудыг баталж, зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиглэлд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх болон зохицуулалтад шинэ салбар нэмэгдэж буйтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны орон нутаг дахь төлөөлөгчдөд зориулсан цахим сургалтыг энэ сарын 16-нд зохион байгууллаа. Энэ үеэр виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, зохицуулалтын арга хэмжээний талаар сургалт, мэдээллийг олголоо. Мөн санхүүгийн залилан, луйврын схем, олон шатлалт санхүүгийн пирамид зэрэг санхүүгийн гэмт хэрэг нь орон нутаг руу илүүтэй чиглэсэн эрсдэлтэй тул энэ талаар мэдээлэл өгөх, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцсон.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээг эрхлэх боломжгүй. Мөн хуульд заасны дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй компани буюу Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор бүртгэсэн шийдвэр гараагүй байхад виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл