ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний халдвараас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхийн 11 улсад Сармагчны цэцэг өвчний 80 гаруй тохиолдол батлагдсаныг ДЭМБ-аас мэдээлж, цаашид халдварт тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар энэ өвчний вирус Итали, Бельги, Герман, Франц, Швед, Испани, Португали, АНУ, Канад, Австрали, Британи зэрэг улсуудад бүртгэгдсэн байна. Одоогоор сэжигтэй 50 гаруй тохиолдлыг судалж байгаа юм байна. Европын холбоо мөн уг вирусний тархалтыг ойроос хянаж ажиглаж байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ энэ өвчний вирус хүнээс хүнд дамжих чадвар нь сул учраас цар тахал болж өргөжих магадлал бага гэж үздэг юм байна.

ДЭМБ сармагчны цэцэг өвчний вирус өмнө нь халдвар гарч байгаагүй улс орнуудад илэрч байгаатай холбогдуулан баасан гарагт энэ сэдвээр шуурхай хуралдаан зарласан. ДЭМБ энэхүү өвчний ажиглалт тандалтыг өргөжүүлэх, зааварчилгааг нэмэгдүүлэх чиглэлд халдвар илэрсэн орнууд болон бусад улсуудтай хамтарч ажиллаж байгаа юм байна.

ДЭМБ-ын санааг зовоож байгаа 3 зүйл байна. Үүнд Сармагчны цэцэг өвчин өмнө нь халдвар гарч байгаагүй улсуудад бүртгэгдэж байгаа нь хэвийн бус үзэгдэл юм байна.

Хоёрдугаарт ихэнх тохиолдлууд бэлгийн эрүүл мэндийн үзлэгээр илэрсэн, тэдний дотор ижил хүйсийн харьцаатай эрэгтэй хүмүүс голлож байна. Сая эхний тохиолдол илэрснээс хойш богино хугацаанд Европын олон оронд бүртгэгдэж байна. ДЭМБ илэрсэн тохиолдлуудын холбоо хамаарлыг судалж, вирусний генийн дарааллыг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор хүнээс хүнд бэлгийн замаар халдварладаг гэж үзэхэд эрт байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Түүнчлэн энэ өвчний улмаас хувь хүн болон улс орныг ялгаварлан гадуурхахгүй байхыг ДЭМБ-аас анхааруулж байна. Өөрөөр хэлбэл уг өвчний улмаас ялгаварлан гадуурхах үзэл тархвал халдвар авсан хүн өвчнөө нуух, улмаар олон нийтийн дунд тархах аюулд хүргэж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Испани улс одоогоор уг вирусээс хамгаалах зорилгоор цэцэг өвчний вакцин олон мянган тунгаар худалдаж авч байгаа бол Перу улс халдвараас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, нисэх буудлууд дээр уг өвчний шинжилгээ авч эхэлжээ. Сармагчны цэцэг өвчин төв болон Баруун Африкийн алслагдмал бүс нутгуудад ихэвчлэн тохиолддог, анх сармагчнаас илэрч байсан, зэрлэг амьтантай хэт ойр харьцсан тохиолдолд хүнд халдварладаг, Африк тивээс гадна илэрсэн тохиолдол маш цөөн байдаг.

1970 оноос хойш сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан тохиолдлууд Африкийн 11улсад илэрч байжээ. Нигери улсад 2017 оноос хойш халдварын дэгдэлт тасраагүй, 2022 онд гэхэд 46 сэжигтэй тохиолдол илэрснээс 15 нь батлагджээ. Сармагчны цэцэг өвчний халдвар авсан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинж илэрдэг, хэдэн долоо хоногийн дотор эмчлэгддэг гэж Их Британийн үндэсний эрүүл мэндийн газрын мэдээнд онцолжээ.

ДЭМБ-ын мэдээгээр Халдвар авсан 10 хүн тутмын 1 нь нас барах эрсдэлтэй байдаг. Одоогоор энэ вирусний эсрэг вакцин гаргаж аваагүй ч салхин цэцэг өвчний вакцин энэ вирусээс 85 хувийн үр дүнтэй хамгаалдаг юм байна.


Сэтгэгдэл

Oogii [202.9.46.48] 2022-05-22 20:02:36

Er xvntei sex xiixgvi bol boloo biz dee.

Зочин [202.9.46.233] 2022-05-22 18:37:16

Зөвхөн бэлгийн замаар халдварладаг өвчин гэсэн.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.