Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзав

Aдмин / Нүүр

ДЭМБ: УОК, ЭМЯ гэрээр тусгаарлан эмчлэх тактикийг нэвтрүүлсэн нь шинэлэг бөгөөд оновчтой шийдвэр байсан...

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, ковидын дараах урт хугацааны менежментийн төлөвлөгөөг Эрүүл мэндийн яамтай хамтран боловсруулж буй талаар танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар ковидын үед маш шуурхай хариу арга хэмжээ авч, оновчтой шийдвэр гаргаснаар цар тахлыг харьцангуй хүндрэл багатай даван туулсан гэж ДЭМБ-аас үзэж буй. Ялангуяа өнгөрсөн 2021 оны 6-10 дугаар сард УОК, ЭМЯ-наас өвчтөний биеийн байдлыг үнэлэн тодорхойлж, эрэмбэлэн ангилалт хийн, гэрийн тусгаарлалт, гэрийн эмчилгээг зохион байгуулсан нь маш шинэлэг бөгөөд оновчтой шийдвэр байсан гэдгийг энэ ташрамд хэлье. Цаашид Ковидын дараах хүн ардын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, урт хугацааны тогтвортой менежментийн төлөвлөгөөг гаргаж ажиллах нь чухал” хэмээн ярилаа.

ДЭМБ-аас урт хугацааны тогтвортой менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд аливаа халдварт өвчний үед нэн шаардлагатай геномын дараалал тогтоох технологийг манай улсад нутагшуулахаар ажиллаж байна. Ингэснээр Ковид 19-ийн дараа дараагийн хувилбаруудыг тогтоох боломжтойгоос гадна сүүлийн өдрүүдэд дэлхийн зарим улсад дэгдээд буй сармагчны цэцэг өвчний үед ч хэрэглэх чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр “Дэлхий нийтэд нүүрлээд байсан Ковид 19-ийн цар тахлын хэцүү цаг үед Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ДЭМБ-ын тусламж дэмжлэг, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлэхэд таатай байна” хэмээгээд цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, Эрүүл мэндийн салбарын чадавх, эм, эмийн бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлтийг улам сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх нь хэзээ ч орхигдуулж болохгүй чухал зүйл. Иймд ковид 19-ын эрсдэл байсаар байгаа энэ цаг үе, мөн цааш цаашдийн хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-тай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.