Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"

Aдмин / Нүүр

Зургаадугаар сарын нэгэн. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Гэвч бид хүүхдийн баяр хэмээн хэлж заншиж, хүүхдүүд ч хүсэн хүлээж, хөөрөн догдолдог энэ өдөр бяцхан үрс маань аав ээж, эмээ өвөө, ах эгчдээ дураараа эрхлэн наадаж, амттанд умбаж ёстой л эрхээ эдэлнэ.

Түүх сөхье. 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.

1959 оны 11 сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. 1989 оны 11 дүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенц НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, үүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чаджээ.

1925 оны 5 сарын 8-нд манай улсад Их зохиолч Д.Нацагдорж журмын нөхдийн хамт санаачлан хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийг бий болгосон түүхтэй. 2002 оны 6 сарын 1-нд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Хүүхдийн эрхийн өдрийг өдгөө дэлхийн 40 гаруй орон өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ингэхдээ өөр өөрсдийн онцлог, уламжлал, ёс заншлаар. Тухайлбал, Украин улс маш өргөн цар хүрээтэй наадам зохион байгуулж, шилдэг хүүхдүүдэд Засгийн газрын шагнал олгодог. Польш улсад үзвэр үйлчилгээ, худалдааны газрууд хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилж телевиз зөвхөн хүүхдэд зориулсан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэдэг байна.

Мозамбик улсын Засгийн газраас зорилтот бүлгийн хүүхдүүдэд амин дэм, амттан өгдөг аж. Харин Лаосчууд хүүхдийг сүмд мөргүүлж, элдэв муу ёрын сүнсийг үргээх зорилгоор хонх цохидог уламжалтай. Дараа нь гэр бүлээрээ цуглаж баярлацгаадаг. Никарагуа улс өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч ерөнхийлөгч нь хүүхдүүддээ зориулан мэндчилгээ дэвшүүлдэг. Европын зарим улс орон хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг. Тодруулбал, Германд есдүгээр сарын 20, Кубад долоодугаар сарын эхний ням гарагт, Бразилд 10 дугаар сарын 12, Мексик улс дөрөвдүгээр сарын 30, Япон, Өмнөд Солонгост тавдугаар сарын 5-нд, Турк дөрөвдүгээр сарын 23, Нигерь улс тавдугаар сарын 27, Иранд 10 дугаар сарын 8, Камерунд 12 дугаар сарын 25, Египет, Финлянд, Канад, Ирланд улсад 11 дүгээр сарын 20-нд тус тус тэмдэглэдэг байна.

Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг. 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр 2022 оны энэ өдөртэй золгож буй нь энэ...

Монголын нийт хүүхэд багачууддаа Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргэж, аз жаргалтай инээд хөөрөөр насан туршдаа бялхаж, гэр бүлээрээ энх мэнд байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!


Сэтгэгдэл

MARSHIL.L.D.ERSENEBAT. [150.129.143.227] 2022-06-01 10:52:00

DELXIN.BYX.XYYXEDYYD.EEJYYDED.OLON.ULCIN.EX.YRCIN.BAIAR.MENDIG.XYRGE.

Зочин [64.119.27.3] 2022-06-01 05:08:32

tov zamaa mashingui odor bolgohgui yaasiin beee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.