Ч.Өнөржаргал: Ерөнхий прокурорт тавигдах шаардлагыг хасна гэдэг гэмт хэрэгтэй тэмцэх төрийн хүчийг сулруулна
Хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай Прокурорын тухай хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн өөрчлөлтийг даган Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Хуулийн өөрчлөлтөөр ерөнхий прокурор, орлогч прокурорт тавигдах шаардлагыг хассан нь анхаарал татаад байгаа. Энэ өөрчлөлт дээр хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Аливаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэнтэй холбогдуулан дагалдах хууль болон тогтоолд өөрчлөлт ордог. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлтийн үзэл баримтлал, танилцуулга зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Прокурорын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүсээгүй байгаа юм. Хуулийн үзэл баримтлалын 4-д “Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын олон Улсын гэрээ, бусад хуультай уялдсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна” гэж заасан нь маш ойлгомжгүй үзэл баримтлал байна. Өөрөөр хэлбэл, үүнийг хуулийн хулгай хийх гэсэн санаархал гэж үзэж болно.
-Хуулийн хулгай гэснээс хуулийн гол байгууллагыг удирдах хүнд шаардлага тавигдахгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Энгийн хуульч, эрх зүйчдэд гэхэд нэлээд шаардлага тавигддаг байх аа?
-Шүүгчийн туслахад гэхэд хуульчийн лицензтэй эрх зүйчийг ажиллуулах шаардлага тавьдаг. Гэтэл бүхэл бүтэн Прокурорын байгууллагын удирдлагыг “Монгол Улсын иргэн” буюу ямар ч хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлага тавихгүй байгаа нь гэмт хэрэг, гэмт явдалтай тэмцэх төрийн хүчийг сулруулах аюултай нөхцөл байдал үүсэхэд хүрнэ. Энэ тухай хуульч бүр сэрэмжилж байгаа гэж бодож байна. Хуульчид ялангуяа прокурорууд мэргэжлийн бус хүнээр удирдуулахыг дотоод итгэл үнэмшлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар прокурорын байгууллагад ажиллаж байгаа хуульчдын хувьд мэргэжлийн кареер хийх сонирхол, хүсэл эрмэлзэлгүй болгоход хүрнэ. Одоо прокурорын байгууллага хүний нөөцийн хувьд маш хомсдолтой байгаа. Энэ байдал улам ихэснэ.Прокурорын байгууллага хуульд заасан чиг үүргээ мэргэжлийн хэмжээнд гүйцэтгэхэд улам их хүндрэл үүсч болзошгүй.
-Түүнчлэн энэ заалт нь прокурорт мэргэжлийн хүмүүс биш улстөрчид орж ирэх үндэслэл болох нь гэсэн хардлага ч яригдаж байгаа. Бүр тодруулбал, Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржид зориулсан заалт гэж үзэх нэг хэсэг байна. Үнэхээр ч үгүйсгэж болохгүй хардлага юм?
-Үндсэн хуулийн 56 дугаар зүйлийн 2-д “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан буюу Прокурорын тухай хуульд заасан хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлагыг хангасан хуульчийг Ерөнхийлөгч томилох бүрэн эрхтэй. Тэгэхээр Ерөнхий прокурорт тавих Хуульчийн мэргэжлийн болон бусад шаардлага байхгүй болсон тохиолдолд хэн ч Ерөнхий прокурорын албан тушаалд томилогдох боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй ойр улстөрчид л томилогдох нөхцөл байдал үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ дагаж гарах хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Прокурорын тухай хуульд оруулах өөрчлөлтийг дэмжихгүй талаар байр сууриа олон нийтэд илэрхийлснийг харсан.
-Нөгөө талаар энэ өөрчлөлт нь прокурорын байгууллагад салхи оруулах боломж байсан гэж зарим хуульчид онцолж байгаа. Та юу гэж үзэж байна вэ?
-Аливаа байгууллагын, ялангуяа хуулийн мэргэжлийн байгууллагын тогтолцооны шинжтэй асуудлыг дагаж маш олон эерэг болон сөрөг үр дагавар гардаг. Жишээ нь, Ерөнхий прокурорт тавих шаардлагыг багасган нөхцөл байдлаар хуульчлагдсан тохиолдолд хуульчид Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд мэдээлэл гаргахад хүрнэ. Түүнийг шийдвэрлэх хүртэл сөрөг үр дагавар нь үргэлжилсээр л байх болно. Тиймээс ядаж сөрөг үр дагавар бүхий өөрчлөлт оруулахгүй байх талаар хуульчид болон иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй.
Хууль санаачлагч хүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай байтугай хаа хамаагүй энэ мэтээр дагаж гарах хуульд өөрчлөлт оруулах эр зоригтой байдаг юм байна. Би хуульчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хяналтын прокурорууд дээд шатны прокуроруудад хамааралгүйгээр бие даасан шийдвэр, үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар өөрчлөлт оруулж өгөх санал гаргаж байна.
Прокурорын байгууллагын хэт нэгдсэн, босоо удирдлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг удаашруулах болон нөгөө талаар хяналтын прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд дээд шатны прокуроруудын нөлөөллөөр шударгаар шийдвэрлэгдэхгүй байх сөрөг үр дагавар үргэлжилсээр байна. Энэ мэт Прокурорын байгууллагын тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг хийхийг хуульчид олон жил ярьж, бичиж ирсэн. Энэ бол хийж болох өөрчлөлт. Шүүгчид бол бие даан шийдвэр гаргах эрхтэй байдаг шиг прокурорт бүрэн эрхийг нь олгох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд хариуцлага механизм нь сайн ажиллах хэрэгтэй.
-Эцэст нь хуулийн төслийг татан авахаар болсныг Засгийн газраас зарласан. Ер нь хуулийн төсөл гэдэг удаан хугацаанд боловсруулагдаж, мэргэжлийн салбарынхан болон олон нийтийн санал шүүмжлэлийг авч байж сая хууль тогтоох субьект рүү шилжих ёстой баймаар?
-Аливаа хуулийн төсөл Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хууль тогтоомж санаачлах, төлөвлөх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах гэсэн үе шаттайгаар явагддаг. Харамсалтай нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг дээрх хуулиудыг хэрэглэн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч, хуульчдаа хангалттай хэмжээнд хэлэлцүүлэгдээгүй. Дээрх дөрвөн хуулийг хоёрхон цагийн дотор хэлэлцүүлсэн. Энэ бол хангалттай цаг хугацаа биш гэдэг нь ойлгомжтой. Бичгээр ажлын хэсэгт санал гарга гэх байдлаар ханддаг. Бичгээр санал гаргасан хуульчдын саналыг тусгахгүй өнгөрөх тохиолдол дийлэнх. Одоо нэгэнт дээрх дөрвөн гол хуулийн төсөл өргөн баригдсан. Би хувьдаа хууль тогтоогчид уг хуулийг буцаах санал гаргахыг хүсч байна.
Саяхан эрх баригч намын нэр бүхий 12 гишүүн төслүүдтэй холбогдуулан санал, зөвлөмж гаргасантай танилцсан. Тодорхой саналуудтай нь санал нийлж байгаа. Тухайн саналд дурдагдаагүй нэг асуудал байгааг тодруулж хэлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн 1.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг харгалзаж, энэ хуулийг баримтална” гэх заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөлд орсныг дэмжихгүй байгаа. Энэ заалтыг хасах ёстой. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч прокурор, шүүгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээг баримтлан хэргийг шийдвэрлэх болохоос харгалзан үзэх ёсгүй.
ӨДРИЙН СОНИН: БААСАНЖАВЫН ЭНХЗАЯА
Сэтгэгдэл
Toli [83.215.197.107] 2022-06-03 21:07:45
Uls torin namuud oorsdin medlege bolowsrolgui humuus ee tomiloh urdchilsan nohzolo bolomjoo l burduulj bna. Uuniig oilgoj tailbarlahin tuld olon ug hereggui
Зочин [103.26.195.147] 2022-06-03 09:53:40
Ёс зүйгүй алхам болно