Б.Энхбайгаль: ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГТ МАХНЫ АСУУДЛААР ИЖ БҮРЭН ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ!
ҮАБЗ ЯАРАЛТАЙ ХУРАЛДАХ ЁСТОЙ!
2019 онд ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Захирал байх үедээ санаачилж, махны үйлдвэр бойны газруудаас дээж авч шинжлүүлээд холбогдох байгууллагуудад дүгнэлт саналын хамт хүргүүлсэн. Түүнээс хойш бүтэн гурван жил арга хэмжээ авч ажиллах боломж зөндөө байлаа.
Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр, бойны газрууд, махны худалдааны орчноос 1411 дээж авч ХӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд нийт 29 төрлийн бактери илэрсэн. Тэртэй тэргүй дүр зураг ойлгомжтой. Мах бэлтгэх үйлдвэрүүд, бойны газрууд, Хүчит Шонхор, худалдааны төвүүд, мах тээвэрлэлт, хадгалалт, орон нутгийн мах бэлтгэл бүгд яг адилхан асуудалтай. Тэр бүгдийг энд нуршимгүй байна.
Үүнийг нотлох гэж хагас дутуу оролдож явахын оронд эхлээд ядаж цөөн хэдэн ажил хий. ХХААЯ, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлэг, бусад байгууллагууд асуудлаа мэдэхгүй биш мэдэж байгаа ч авилгадаа автаж, мэдлэг чадвар нь хүрэхгүй нь нэрмээс болоод өдий болтол юу ч хийсэнгүй.
Энэ асуудлыг шийдье гэж байгаа бол ҮАБЗ яаралтай хуралдаж, арга хэмжээ аваач ээ. Салбарын яам, мэргэжлийн байгууллагууд ажиллаж чадахгүй байгаа үед ҮАБЗ шуурхай шийдэх нь зөв. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярт бидний өгсөн судалгааны ажлууд дүгнэлттэйгээ, саналтайгаа хамт архивт нь байх л ёстой. Хийх ажлын дэлгэрэнгүй жагсаалт ч өгсөн. Хэрэгтэй гэвэл би яваад очьё.
Хүнсний гол салбараа гадны мэдэлд өгдөг ямар ч улс орон байхгүй. Эхний ээлжинд визгүй гадны иргэдийг шалга, гадагш нь гарга. Хятад ченжүүд махны үнэ хөөрөгддөг. Зөвшөөрлийг дахин шалга. Махны үйлдвэрүүдийн ихэнх нь гадныхны мэдэлд байгаа нь нууц биш. Нэг талдаа гаргах ҮАБЗ-ийн бодлого, шийдэл хэрэгтэй.
Энэ салбарт цогц шинэчлэл хэрэгтэй. Иргэдийн эрүүл мэнд, амь нас, улсын эдийн засаг, экспортын аль аль нь хохирч байна.
Хамгийн эхэнд хийх наад захын ажлууд:
1. НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын мах бэлтгэлийн стандартыг бүрэн нэвтрүүл! Олон асуудал шийдэгдэнэ. Ядаж л амьтан тамлахыг болино.
2. Цэвэр ус, бохирын шугам, цаг тутмын орчны ариутгал, өдөр бүрийн ариутгал, ариутгалын бодисын хэрэглээ, 3-аас 5 хоног тутмын иж бүрэн их цэвэрлэгээ-ариутгалыг хатуу шаард. Нөхцлийг биелүүлээгүй бол ажиллахыг хоригло.
3. Ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн үзлэгийг нямбай болго, стандартыг нь өндөржүүл. Ажиллагчдын ихэнх нь хелико, элэгний вирус, бусад өвчлөлтэй. Мах бэлтгэлд ажиллаж байгаа хүмүүст маск, бээлийг хатуу шаард. Гар зүсэгдсэн, арьс шалбарсан тохиолдолд шууд тэр өдрийн ажлаас нь чөлөөлдөг бол. Хүндээ ч, үйлдвэрлэлийн ариун цэвэр талаас ч өөр аргагүй.
Үйлдвэрүүдээс илүү бойны газрууд аюул дагуулж байгаа. Эрүүл мэндээ огт анхаардаггүй ажилчидтай, модон жорлонд цугласан нян бохироо гутлынхаа уланд нааж ирээд махан дээгүүр гишгэлж гишгэлж нийслэлийн хүн амын хүнсэнд нийлүүлдэг. Жорлонд хийж хутгаад гаргаж ирээд өгснөөс ямар ч ялгаагүй. Бактери вирус гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй. Үүнийг хангалттай баримтжуулж, тодорхой саналтай өгсөн шүү дээ.
Нийслэлийн хүн амын өвчлөлийн эх үүсвэр энд байгаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар эдгээр бактериудын ихэнх нь цельсийн 170-аас доош хэмд устахгүй. Хоол боловсруулах, шөл буцалгах, чанаж шарах үед бактери вирус устахгүй байна. Энэ чинь төрөөд удаагүй, дөнгөж бор хоолонд орж байгаа хоёр сартай хүүхдийн аманд шөл, бантантай нь хамт бүх төрлийн өвчний вирусыг хийж байна гэсэн үг.
Бэлчээрээс ирсэн эрүүл малын махыг мах бэлтгэх явцад их хэмжээгээр бохирлож, хүн амын эрүүл мэндэд шууд сөргөөр нөлөөлж байна.
Ийм мах хэрэглэж байгаа иргэд тэр дороо биш ч гэсэн хэдэн жилийн дараа өвдөх магадлал өндөр. Өвчлөлүүдийн үүсгэвэр бидний бие махбодод аль хэдийн бий болсон, суурь нь тавигдсан гэсэн үг юм. Хавдрын суурь, дархлаа унах шалтгаан эндээс эхэлж байна.
Дотооддоо эхэлж ийм асуудлаа шийдчихээд дараа нь экспортын тухай ярь л даа. Ийм махыг гадагш нь хулхидаж нүд хуурч байгаад экспортлоно гэж бүр саналтгүй шүү! Экспортлоё гэж байгаа бол эхлээд ийм асуудлуудаа л шийдчих.
Хүнсний лабораториудынхаа шинжилгээний чадавхи сул байгаа. Тоног төхөөрөмж нь байлаа ч урвалж байхгүй, үнэтэй, олдохгүй, хүмүүс нь бэлтгэгдээгүй гээд асуудал зөндөө. Энэ асуудлыг ч бас бид хөндөж бүрэн судалгаа хийж өгсөн. ХХААЯ, Мэргэжлийн хяналт үүний дагуу ажил хийсэн л байх ёстой ч чадсангүй.
Үндэсний аюулгүй байдал дотооддоо ийм асуудлаа шийдэхээс эхэлнэ. Мах бэлтгэл, хүн амын эрүүл мэнд, хүнсний лабораториудыг чадавхижуулах асуудлуудаар судалгаа, саналаа бид тухайн үед холбогдох байгууллагуудад нь хүргүүлсэн. Нийт хүн амын эрүүл мэндийн төлөө төр ийм асуудлаа шийдчих хэрэгтэй. Мэргэжлийн хяналт, ХХААЯ ийм асуудлаа шийдчихэж чадахгүй байгаа бол одоо ҮАБЗ нэн яаралтай хуралдаж чиглэл өгөх хэрэгтэй байна. Өөр аргагүй.
Монгол хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй шүү!!!
Энэ асуудлыг Төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-өөс яаралтай анхаарч шийднэ үү.
Сэтгэгдэл
Иргэн [122.201.31.64] 2022-06-06 16:34:18
Мөнгөнд шунаж гадныхантай нийлж заваан юм хийдэг монголчууд зөндөө байгаа учраас ийм юм болж байгаа юм!!!