“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль эхэллээ
“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан 18 дахь удаагийн сургууль Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх сургуулийг нээж үг хэллээ.
Тэрбээр Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн алба хаагчдаа илгээн идэвхтэй оролцсоор байгааг тэмдэглэв.
Монгол цэрэг энхийг эрхэмлэгч улс гүрнүүд, түүний дотор хоёр хөрш болон АНУ, ХБНГУ, БНСУ, Япон, Энэтхэг, Турк, Катар зэрэг улстай хамтран сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулдагийн нэг нь “Хааны эрэлд” сургууль гэдгийг хэлэв.
Энэ удаагийн сургуулийг хамтран зохион байгуулж байгаа АНУ болон оролцогч бусад улс орон, тэдгээрийн Зэвсэгт хүчний удирдлага, нийт энхийг сахиулагчдад талархал дэвшүүллээ.
Монгол Улс цаашид ч энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг тууштай баримталж, даян дэлхийн шударга улс түмэнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал хамтран “Хааны эрэлд” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулийг 2003 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын хамтарсан сургууль болгосон юм.
Энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх сургуульд 15 улсын 1,000 орчим цэргийн алба хаагч оролцож, команд штабын сургууль, салааны түвшний хээрийн сургалт, дадлагад хамрагдана. Салааны түвшний сургууль гэхэд л эргүүл, цувааны хамгаалалт, хүмүүнлэгийн тусламж, энгийн иргэдийн хамгаалалт зэрэг чиглэлээр болно.
Энэ удаагийн сургуулийн үеэр анх удаа “Эмэгтэйчүүд энх тайван, аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулах бөгөөд энэ нь Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын Нэгдсэн штабын дарга, бригадын генерал Вэйн Дон болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, цэргийн атташе нар оролцлоо.
Сэтгэгдэл
7 [202.126.92.98] 2022-06-06 08:58:55
Ямар хаанаа алдчихаав. Махны хятад хаанаа хайж байгуу юм уу ха ха ха
Зочин [122.201.24.242] 2022-06-06 09:03:08
Chi hutsalgui duugaa l bj bldaa, erguu chii