Бурхан багшийн их дүйчэн өдөрт
Одоогоос 3000-аад жилийн тэртээ зуны тэргүүн сарын шинийн 15-нд Бурхан багш эхээс мэндэлж, түүнээс 36 жилийн дараа тэр л өдрөө төгс гэгээрлийн хутгийг олоод, 45 жилийн турш гүн дэлгэр номын хүрдийг эргүүлсээр мөн л тэр өдрөө 81 насандаа нирваан дүрийг үзүүлжээ.
Эл өдрийг "Бурхан багшийн их дүйчэн" өдөр хэмээдэг агаад дэлхийн олон оронд буян ном, ариуслын өдөр болгон тэмдэглэж байна.
Сүсэгтэн бидний хувьд энэ өдөр арван цагаан буяныг туурвих ёстой. Үүнд:
1. Хорхой шавьжнаас аваад алив амьтны амь хөнөөхийг цээрлэж, аврал өршөөх арга замыг барин дагах
2. Юм өгөөгүй харамласан хүнд гомдохгүй, авахыг бодолгүй, харин өөрөө өгөх
3. Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэх
4. Хов зөөх, хутган үймүүлэхийг жигшин, хүлээцтэй, тайван, амирлангуйг хичээнгүйлэх
5. Худал хэлэхийг цээрлэж, шударга занг эрхэмлэх
6. Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэж, нийлэмжтэй зөөлөн харилцах
7. Ашиг хонжоо хичээсэн далд зальхай үгийг тэвчээд, чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байх
8. Бусадтай арцалдах, элдэв хорт сэтгэлийг үл агуулан чин сэтгэлийн үгийг ил тод хэлэх
9. Хомхой шунаг сэтгэлийг цээрлэж, бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг барих
10. Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд, эвсэг зөөлөн, хүнлэг сэтгэлийг баримтлах
10 цагаан буяны тухай дэлгэрэнгүй дурдваас: Өчүүхэн бага буяны үрээс хэмжээлшгүй их амгалан гарах буюу өчүүхэн бага нүглийн үрээс тэсэшгүй их зовлон гарч болзошгүй. Иймд буян, нүглийг бага гэж үзэж болдоггүй бөлгөө. Бусдын хийсэн үйлийн үрийг өөр нэгэн үл эдлэх ба өөрийн хийсэн үйлийг бусдад шилжүүлж үл болох бөгөөд өөрийн хийсэн үйлийг зөвхөн өөрөө л эдлэнэ.
Сайн муу бүхний шалтгаан болсон буян, нүглийн үйлийг эс хураавал түүний үр болсон амгалан, зовлонг хэзээд үл эдэлнэ. Үйл нь олон галваар дамжсан урт хугацаанд ч хорогдон алга болдоггүй төдийгүй шалтгаан нөхцөл нь бүрдсэн үед боловсрон гарч ирдэг байна.
Сэтгэгдэл
Зочин [103.10.21.250] 2022-06-08 04:33:40
Бүх нийтээрээ амрах шаардлагагүй л юм бнашдээ ламбагуай нар өөрсдөө ёсоо үйлдээд болоошд