ХХААХҮЯ: Үйлдвэрт нийлүүлсэн 19 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-хүнс үйлдвэрлэл” зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжлэв.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Монголд хүнс боловсруулах 1900 гаруй үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын цаг үед манай боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэлийг өргөжүүлсэн таатай мэдээтэй байна. Өвөл, хаврын улиралд үйлдвэрт нийлүүлсэн 19 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг шийдэв.
Тухайлбал, энэ төрлийн үйлдвэрлэлийн орлого 2021 онд 2.8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрийн эзлэх хувийн жин сүүлийн арван жилд дөрөв дахин, хүнсний дотоодын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1.5 дахин нэмэгдсэн” байгааг дуулгав.
Цар тахал, Орос, Украины дайнаас шалтгаалан хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байгаатай холбоотой Монгол Улс эх орны хөрсөнд ургуулсан, эрүүл хүнс үйлдвэрлэлдээ гойд анхаарна. Хүнсний салбараа бодлогоор дэмжсэнээр хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй эдийн засаг, үйлдвэрлэлээ бэхжүүлэх юм. Ийм боломж ч бүрэн бий.
Монгол Улс өнгөрсөн онд 291.5 сая ам.долларын 16 гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн импортолжээ. 2020 онтой харьцуулахад 25 хувиар өссөн байна.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын хамаарлын 2021 оны түвшинг 2010 онтой харьцуулахад гурил 30%, гурилан бүтээгдэхүүн 9%, төмс 5%, цөцгийн тос 0.6%-иар тус тус буурчээ.
Харин сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, өндөг, ургамлын тос, сахар, чихрийн зүйл, загасны мах, хүнсний ногоо 38.4-100% хамааралтай хэвээр байгаа гэх тооцоо гарчээ.
Тиймээс хүнсний салбарыг дэмжих зайлшгүй шаардлага бий. Энэ хүрээнд Засгийн газраас энэ жил дотоодын улаанбуудай, тосны ургамал худалдан авсан 11 үйлдвэрт 42.4, нийслэлийн хүн амын хэрэгцээнд мах нөөцөлж, нийлүүлж буй 23 аж ахуйн нэгжид 96 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, арилжааны банкны эх үүсвэрээр олгожээ.
Засгийн газраас 7.65%-ийн хүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. Ингэснээр зах зээлийн үнээс 30-40 хувиар хямд 12 мянган тонн мах, 80 мянган тонн гурилыг сүүлийн зургаан сард тогтвортой үнээр хэрэглэгчдэд нийлүүлсэн.
Хүн амын 2022-2023 оны хэрэгцээнд зориулж, 15.0 мянган тонн мах, 90.0 мянган тонн гурил үйлдвэрлэх, зохистой дадлын шаардлага хангасан хүнс боловсруулах, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэх, гол нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, худалдаалах, агуулах зоорийн үйл ажиллагаа эрхлэх хүнсчдэд зориулж 3 хувийн нэн хөнгөлөлттэй хүүтэй, хоёр жилийн хугацаатай 550 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Мөн импортын хамаарал өндөртэй цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөв.
Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлох, тулгамдаж буй богино, дунд, урт хугацааны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, гадаадын төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэйг зөвлөгөөнд оролцсон албаныхан онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.
Сэтгэгдэл
Тэжээл үйлдвэрлэгч [146.59.18.159] 2022-06-10 17:20:14
Хаха, найзын хэлснээр манайхан сэргэлэн шүү дээ. 8 литр сүүн дээр 2 литр ус нэмж зараад л урамшуулал авна. Тэжээл өгөхгүйгээр Рашаантын худгийн ус ийм үнэ хүрдэг гэж хэн мэдлээ. Юун койн. Энэ Сайд гээд тэнгэр харахаас өөр юм хийж чадахгүй нөхрийг МАН-ын Ерөнхийлөгч их л чирэх юм. Тийм л их өртөй юм байх даа МУ-ын ХАА-н салбарын хувь заяагаар тоглуулж чадаж байна. Сайд хийчих мундаг гавьятууд зөндөө л байна.
иргэн [192.82.91.8] 2022-06-08 07:59:15
Иргэндээ хүрч амжаагү Шагналаа зогсоо!!!!!!бүх зүйл чинь шагналаас өөр зүйл үгүй юм.!!!!!!өрөө төлцөгөө !!!!!!!!
Зочин [202.126.88.158] 2022-06-08 07:54:16
үүнийг ер ойлгодгүй юм хувийн малаа саагаад сүүгээ зархаар нь урамшуулал гэээд улсаас мөнгө өгөөд байдгийг энэ бол манай томчуудын сайхан нэртэй хулгай
Иргэн [202.179.4.249] 2022-06-08 06:29:27
Наад урамшуулал нэртэй татварын мөнгийг үр ашиггүй үрдэг ажлаа зогсоогооч. Улсын мөнгийг хэн авсан нь тодррхойгүй хэдэн тэрбумаар нь зарах юм. жирийн иргэд л лав нэг төгрөг ч авдаггүй. Том компаниуд, хөрөнгө мангатэй улс авдаг шүү дээ.