Үндэсний үйлдвэрлэлд “Хар хайрцаг”-ны бодлого хэрэгтэй
“Өөрийгөө хангадаг улс” (Самадостаточная страна) гэдэг ойлголт бий. Бүх хэрэгцээгээ дотоодоосоо хангаж, гаднаас огт хамааралгүй бие даасан байдлаар орших чадварыг ингэж хэлдэг. Дэлхий хавтгай болж, нэг, нэгнээсээ хамааралгүй оршиж чадахаа больсон өнөө үед энэ ойлголтод 100 хувь тохирох улс мэдээж байхгүй. Гэсэн ч “Хар хайрцагны бодлого”-оо ямагт барьж, гамшиг тохиох, эсвэл нийлүүлэгч улстайгаа харилцаа муудах үед зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг дотооддоо хийхийг эрмэлзэнэ. Монгол Улс өөртөө найдахаас өөр аргагүй болсны шалтгаан энэ удаа цар тахал байна. Энэ үед эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл чухал ч ганц байсан зүү, тариурын үйлдвэр нь бараа бүтээгдэхүүн нь борлогдохгүй дампуурсан байсныг “бөөндөө мэдсэн”.
Манайд үнэндээ 100 хувь дотоодынхоо түүхий эдээр бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрлэгч алга. Адаглаад л сав баглаа боодлоо гаднаас авч байна. Энэ өнцгөөс харахад, Монгол Улс одоо “Өөрийгөө хангаж, гаднаас хамааралгүй орших чадвар хэр байна вэ” гэвэл ямар ч эргэлзээгүй муу дүн авахаар байна.
Тэгэхээр, дахиад хэзээ ч магадгүй, цар тахал гарахад, эсвэл зүгээр хоёр хөрш жаахан “чангалья” гэж бодоход л хадны завсар хавчуулагдаж үлдэхээ мэдэрсэн халиуны зулзага монголчууд юу хийх ёстой вэ гэдгээ маш тодорхой болгож авъя. “Стратегийн” гэхээс гадна ер нь л чухал хэрэгцээтэй гэсэн бүхий л үйлдвэрүүдээ тодорхойлоод түүхий эдийг нь Монголоосоо олборлох, болохгүй бол нөөц бүрдүүлэх зэргээр бодлоготой баймаар байна. Тэр “хар хайрцгийн” үйлдвэрлэлийг дампууруулах, хүчгүйдүүлэх хууль санаачилсан этгээдийг цагийн уртад хожигдож биш, тухайн үед нь мэдэж, санаархлыг нь таслан зогсоодог баймаар байна. Тэр тусмаа “хар хайрцаг”-ны бодлогоор хамгаалах учиртай үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ “хар хүч”-ээр дайрч няцаамааргүй байна, төр нь.
Гэвч бид тэгж чадахгүй, бүгдийг эсрэгээр нь хийсээр өнөөдөртэй золголоо. Энэ өдрүүдэд үргэлжилж байгаа мах тойрсон хэрүүлээс харахад л эцсийн дүндээ үндэсний үйлдвэр нь “хохирч үлдэх” нөхцөл байдал л үүсээд байна. Өмнө нь бид цементийн үйлдвэрлэл рүү ямар байдлаар хандаад, өнөөдөр цементийн үнэ ямар болж өсөөд байгаа билээ. Ийм байж хүнсний гол хэрэглээ болсон махаа “магнаг” болгох хэмжээнд дайрч, давшилж болохгүй. Үндэсний үйлдвэрлэгчид чухлыг, хүнсний аюулгүй байдал онцгой анхаарал шаардаж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч илэрхийлээд байна. Харамсалтай нь, үндэсний үйлдвэрлэл дээр “хар хайрцаг”-ны бодлогоо зарлаж, өөрийн байр сууриа илэрхийлсэн Ерөнхийлөгчийн үгтэй зэрэгцэн үндэсний үйлдвэрүүд рүүгээ төрийн хяналт шалгалт нь нэмэгдэж байх жишээтэй. Уг нь хэдхэн хоногийн өмнө болсон “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөн дээр Төрийн тэргүүн хэлэхдээ онцгойлж хэд хэдэн санааг дэвшүүлсэн. Тэр тусмаа хүнсний аюулгүй байдалд анхаарч, “Хүнсний хувьсгал” хийх хэрэгтэйг сануулсан байдаг. Тэрээр, “Дэлхий дахинд өрнөж буй нөхцөл байдал, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, хүнсний хомсдол ч монголчууд биднийг хүнсний хувьсгал хийхийг шаардаж байна. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал гэдгийг Та бүхэн ухааран мэдэж байгаа. ... Гэтэл манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 2021 онд гэхэд нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон байна. Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл бараг 100 хувь гаднаас импортоор авч байна. Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын сүүгээр боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.... Алийн болгон бид айлаас гуйж амьдрах вэ.
Өвөг дээдсийн ахуй амьдрал, түүхэн туршлага, социализмын үеийн он жилүүдээс харахад монголчууд бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэдэг.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбарын нөөц, чадавх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг онцгой анхаарах ёстой. Мөн төр, засгийн бодлого нь баялаг бүтээгч, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, хамгаалах, хөгжүүлэхэд тууштай чиглэгдэх ёстой. Ялангуяа дараах асуудлуудад төр, хувийн хэвшил тал талдаа онцгой анхаарч, шаардлагатай бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гээд дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжих, баялаг бүтээгчдээ хамгаалах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх, шинэчлэх шаардлагатайг онцолсон байдаг юм. Гэвч бодит байдал дээр...
Сэтгэгдэл
яах вэ? [150.129.142.190] 2022-06-12 20:38:53
Төрд гарсан Авлигачид ГОЛ хүнс МАХАА хятадуудын гарт өгсөн байна. Яамны авлигачид АВЛИГА авахад хятадууд амар учраас хятадуудад бүх зөвшөөрөлийг өгч байгаа. БИД хэзээ төрийн бүх шатанд байгаа АВЛИГАЧДААС салах юм вэ? МЭДЭЭЖ төрийн 3 өндөрлөг хүсвэл ИХ цэвэрлэгээг бүх түвшинд хийнэ. ХҮСЭХГҮЙД л учир байна.
Зочин [202.9.47.13] 2022-06-09 00:23:38
Ядаж хүнсээ зуун хувь дотооддоо өөрсдөө үйлдвэрлэдэг болчихвол.