ТБХ: Дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.06.08) хуралдаан 12 цаг 15 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх аудитын тайланг сонсов
Дараа нь Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцлээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аудитын газрын гүйцэтгэх аудитын сэдвийг үндэслэн Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийснийг тодотгоод аудитыг Засгийн газрын шугамаар олон улсын байгууллагаас авсан зээлийг үр дүнтэй ашигласан эсэх, хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан тусламжийн ашиглалт үр дүнтэй эсэх зорилтод чиглүүлсэн гэв.
Мөн Засгийн газрын гадаад зээл, тусламжийн байдал, түүнд нөлөөлөх гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа, шинжилгээ, тайлан, төслийн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангууд, дамжуулан зээлд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын зээлтэй холбогдох үйл ажиллагааны мэдээлэл, тайлан, бусад нотлох баримт материалд үндэслэн Засгийн газрын гадаад зээл тус 2018-2020 оны үйл ажиллагааг хамруулан гүйцэтгэсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор онцолсон.
Ингээд Төрийн аудитын төв байгууллагын аудитын үр дүнг танилцуулсан. Тухайлбал, уг дүгнэлтэд Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох” гэж заасан боловч УИХ-аас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, зорилттой уялдуулсан гадаад зээлийн талаар баримтлах бодлогыг батлаагүй байна. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ гадаад зээл, тусламжийг түлхүү ашиглаж байгаа нь өрийн ачааллыг нэмэгдүүлж буй тул санхүүжилтийн бусад эх үүсвэр ашиглах бодит шаардлага бий болсон байна. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаагүй 30.0 тэрбум төгрөгөөс доош өртөгтэй төсөл, арга хэмжээг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтгүйгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.3-т заасан шаардлага хэрэгжихгүй байгааг дурджээ.
Мөн Засгийн газрын шугамаар шинээр авах зээл нь гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх хүсэлт илгээхэд төслийн баримт бичгийг ямар түвшинд боловсруулсан байх, техник, эдийн засгийн үндэслэлийг төслийн аль үе шатанд хийх, баримт бичгийн үнэлгээг хэрхэн хийх талаарх хуульд нийцсэн аргачлал байхгүйгээс Өрийн удирдлагын тухай хуулийн 18.5.3, 18.5.4, 18.5.7-д заасан шаардлага хангасан эсэх дүгнэлтийг Сангийн яам гаргадаггүй байна. Энэ нь төсөл, арга хэмжээний хэрэгжилт удааширч, үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Сангийн яам гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахдаа Засгийн газрын 2006 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журам”-ын 4.2, 4.9, 4.10, 4.11-т заасныг мөрддөггүй, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналт болон хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах ажлыг зохион байгуулах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүйгээс нийт дотоодод дамжуулан зээлсэн зээлийн 47.0 хувь нь эргэн төлөгдөөгүй, энэ нь улсын төсөвт ачаалал үүсгэж байна. Өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг үндэслэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар 2018-2019 онд хандивлагч орон, олон улсын байгууллагаас нийт 882.9 тэрбум төгрөгийн гадаад зээл авсан бол 2020 онд түүнээс 2.2 дахин их буюу 1,978.1 тэрбум төгрөгийн зээлийг авч ашигласан нь сүүлийн 3 жилд ашигласан нийт гадаад зээлийн 44.1 хувийг эзэлж байна. Гадаад зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдлыг санхүүжүүлж байгаа өнөө үед улсын төсвөөс зарцуулах нийгмийн халамжийн зардал өсөж, төсвийн үр ашиг урт болон дунд хугацаанд буурч байна гэж дүгнэлтэд дурдсан байлаа.
Дэлхий нийтийг хамарсан коронавируст (Ковид-19) цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд буурсан боловч 2021 оны эхний улирлын байдлаар өсөх хандлага ажиглагдаж, эдийн засаг сэргэж гадаад валютын эрэлтийг өсгөж, төгрөгийн ханш сулрах нөхцөл бүрдэж байгаа үед Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон хязгаар зөрчигдөх, гадаад валютын эсрэг төгрөгийн ханш 5.0 хувь сулрахад өрийн үйлчилгээний зардал 2021-2025 оны хооронд 309.3 тэрбум, 10.0 хувь сулрахад 618.5 тэрбум төгрөгийн бодит ханшийн алдагдал хүлээх, төсвийн ачаалал нэмэгдэх эрсдэлтэй тул зээлийг үр ашигтай зарцуулах нь чухал байна. Гадаад тусламжаар хэрэгжүүлж байгаа 29 төслийг төсвийн багцад тусгаагүйгээс ашиглалтын дүнг бүртгэдэггүй, тайлагнадаггүй, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэггүй нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс төслийг давхар санхүүжүүлэх эрсдэлтэй байна. Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын улирлын мэдээг Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2-т заасны дагуу Сангийн яам мэдээлэх чиг үүрэгтэй боловч зээл, тусламжийн ашиглалтын мэдээллийг бүрэн байршуулаагүй, 2018-2020 оны байдлаар 3,024.8 тэрбум төгрөгийн зээл, тусламжийн ашиглалтыг мэдээлээгүй, иргэд, олон нийтэд мэдээллийг нээлттэй, ил тод болгоогүй байна. Гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо, дүн тогтмол өсөж, Сангийн яамны гүйцэтгэх ажлын цар хүрээ нэмэгдсэн боловч тус яамны орон тоо дээд хязгаартаа хүрээгүй, дутуу, төсөл, арга хэмжээний санхүүжилт, хэрэгжилт, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, бодлого боловсруулах, шинэ зохицуулалтыг санаачлах, хэрэгжүүлэх зэрэг яамны хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд зөвлөх авч, өндөр зардлаар гүйцэтгүүлснээр зээлийн хүүгийн төлбөрт төлсөн нийт зардал нь цалингийн зардлаас 1.5 дахин өндөр байгаагаас үзэхэд гадаад зээлийн хөрөнгийг арвилан хэмнэлтгүй, үрэлгэн зарцуулж байна гэж уг дүгнэлтэд дурдсан байлаа.
Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Х.Баделхан, Д.Өнөрболор, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, гадаадын зээл тусламжийн ашиглалт, түүний үр өгөөжийг сайжруулах, гэрээний эрх зүйг хангуулах асуудлыг онцгой авч үзэх цаг болсныг тодотгоод аудитын байгууллагаар хийлгэсэн тайлан, дүгнэлт, зөвлөмжийг бодит ажил болгоход бид анхаарч ажиллах, эрх зүйн зохицуулалтыг нь сайжруулж, боловсронгүй болгох шаардлагатай байна гэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, гадаадын зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнд хяналт тавих нь чухал гэдгийг онцлоод холбогдох Байнгын хороод чиг үүргийн хүрээнд харьяалагдах салбаруудад хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнүүдийн үр дүнгийн талаар хяналт тавьж, аудитын дүгнэлтийг сонсдог болох шаардлагатай байна гэв. Мөн тэрбээр, бид цаашдаа үр дүн тааруу зээл, тусламжаас татгалзаж сурах нь зүйтэйг онцлоод Үндэсний аудитын газраас энэ чиглэлийн зээл, тусламжийг авахгүй байхад анхааруулсан тусгай зөвлөмжийг Улсын Их Хурал, Төсвийн байнгын хороонд гаргаж өгөх хэрэгтэй гэсэн саналтай байлаа.
Гишүүдийн зүгээс дамжуулан зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй нийт 73 төсөл арга хэмжээний зээлийн 47 хувь эргэн төлөгдөөгүй байгаа шалтгаан, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын талаар лавлахын зэрэгцээ Сангийн яамны зүгээс зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илүүтэй тодруулав.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, төрийн өмчит компаниуд 969.6 тэрбум, яамдуудад 887,6 тэрбум, Улаанбаатар хот болон нийслэлтэй холбоотой байгууллагуудад 486.6 тэрбум, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгууд 195,6 тэрбум төгрөг, Хөдөө аж ахуйг дэмжих санд 182.7 тэрбум, Төв банк 37.5 тэрбум, арилжааны банкууд дээр 14.8 тэрбум, орон нутгийн өмчит компаниуд 12.5 тэрбум, бусад 320 гээд нийтдээ 3.1 их наяд төгрөгийн дамжуулан зээлийн өрийн үлдэгдэлтэй байна гэж байлаа. Мөн тэрбээр Сангийн яамны зүгээс сүүлийн жилүүдэд зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад эрчимтэй ажиллаж байгааг онцлоод Сангийн сайдын тушаалаар баталсан дамжуулан зээл олгох журамд зээл авахын өмнө эргэн төлөх чадварт эрсдэлийн үнэлгээ хийгээд үүнийгээ Үндэсний аудитын газарт явуулж хянуулж, баталгаажуулдаг болсноор багагүй дэвшил гарсан гэв.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, тайлан мэдээллийг сонсоод өнгөрөх бус энэ нь гадаадын зээл, тусламжийн эргэн төлөлт, хяналт, бүртгэлтэй холбоотой чухал асуудал тул Үндэсний аудитын газрын тайланг үндэслэн гишүүдээс гаргасан саналыг тусгаж, Засгийн газарт чиглэл өгөх Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээрээ хэлэлцүүлэхээ мэдэгдлээ.
“Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт”-ийн талаарх аудитын тайлантай танилцлаа
Хуралдааны төгсгөлд "Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт, үр нөлөө"-ний талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоол, “Төрийн аудитын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай”-г үндэслэн “Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт” сэдвээр Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэлийн аудит хийлээ. “Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт”-д гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж, Улсын Их Хурал болон холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилт чиглэсэн болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдлаа.
Мөн аудитад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, төсвийн ерөнхийлөн захирагчид болон тэдгээрийн харьяа агентлаг, төрийн байгууллагуудын дотоод аудитын үйл ажиллагааг хамруулсан гэж байлаа.
Аудитын нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дүгнэлт гаргасныг Д.Занданбат дарга танилцуулав.
-Дотоод аудит нь байгууллагын эрсдэлийн удирдлага, хяналт, засаглалын үйл явцын үр нөлөөг үнэлж сайжруулах арга хандлагыг нэвтрүүлэх замаар тухайн байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус зөвлөх үйлчилгээг үзүүлэхгүй, зөвхөн санхүүгийн хяналт шалгалтаар хязгаарлагдаж байна;
-Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр ... дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж дотоод аудитын тогтолцоог төвлөрсөн бус загвартай байхаар заасан боловч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.16-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх” гэж төвлөрсөн загвартай байхаар заасан нь дотоодын аудитын чиг үүрэг давхардах, үр нөлөө буурах, нэгдмэл удирдлагыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахуйц байна;
-Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь “Төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах” бүрэн эрхтэй гэж тодорхойлсон нь дотоод аудитыг арга зүйн удирдлагаар хангах субъектийг хуульд тодорхой тусгаагүй, дотоодын аудитын эрх мэдэл, гүйцэтгэх үүрэг хариуцлагын эрх зүйн зохицуулалт дутмаг, хангалтгүй байна;
-Төрийн байгууллагуудын дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаа төлөвшөөгүй, дотоод аудитын нэгжүүд ихэвчлэн санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэж, дотоод аудитыг хангалттай хэмжээнд хэрэгжүүлдэггүй, нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүй байна;
-Дотоод аудитын нэгжийн зарим дотоод аудиторууд дотоод аудитын дүрэмд заасан мэргэжлийн шаардлага хангахгүй, тогтворгүй ажиллаж байгаагаас дотоод аудитын төлөвшил, чанарт сөргөөр нөлөөлж байна;
-Захиргааны ерөнхий хуулиар албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлын талаарх холбогдох байгууллагуудын дүн мэдээлэл зөрүүтэй, нэгдсэн мэдээллийн сан бүрдээгүй, дотоод аудитын нэгжид ногдуулсан чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэлтэд дурджээ.
Аудитаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 3, төсвийн ерөнхийлөн захирагчдад 2, нийт 5 зөвлөмжийг өгч 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэхийг даалгажээ.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл