Уриалга: Чихэрлэг хүнсний сурталчилгааг хориглоё
ТЕЛЕВИЗИЙН СУРТАЛЧИЛГААНЫ 90 ГАРУЙ ХУВИЙГ ЭРҮҮЛ БУС ХҮНС ЭЗЭЛЖ БАЙНА
Сүүлийн долоон жилд 7-11 насныхны таргалалт долоо дахин нэмэгдсэн судалгаа гарчээ. Үүнээс үүдэн УИХ-ын эмэгтэй гишүүд Онцгой албан татварын тухай хуульд чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэх нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Ингэснээр үйлдвэрлэгчдийн чихэрлэг ундааны сахарыг багасгаж, экспортыг бууруулан, эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжинэ гэдгээ гишүүд илэрхийлсэн юм. Тэгвэл чихэрлэг ундааны хэрэглээг багасгахад эрүүл бус хүнстэй холбоотой зар сурталчилгааг хязгаарлах нь хамгийн оновчтой шийдэл гэдгийг судлаачид онцолж байна.
Тухайлбал, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 30 сургуулийн эргэн тойрон дахь 500 метр зайд байрлах хүнсний зар сурталчилгааны 92 хувийг эрүүл бус хүнсний сурталчилгаа эзэлж байна. Үүнээс гадна нийт сургуулийн 67 хувь нь эрүүл бус хүнсээр үйлчилдэг жижиглэн худалдааны цэг, цайны газар, дэлгүүртэй байгаа нь хүүхдүүд илүүдэл жинтэй болоход голлон нөлөөлж байна. Сүүлийн 10 гаруй жилд илүүдэл жинтэй хүүхдийн тоо тогтмол өсөж, тархалт хурдацтай нэмэгдлээ.
Энэ талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа “10 орчим жилийн өмнө 6-11 насныхны нэг орчим хувь нь таргалалттай байсан бол 2017 оны судалгаагаар зургаан хувь болж тав дахин нэмэгдсэн. Тиймээс хүүхдийн таргалалтад нөлөөлж байгаа хүчин зүйлсийг судлахдаа 0-5 хүртэлх насны, 5-18 насныхан гэж хоёр хувааж үзлээ. Ингэхэд тав хүртэлх насныхны 10 орчим хувь нь илүүдэл жинтэй байна. Үүнийг бүс нутгийн түвшинд өндөр тархалттай гэж үздэг. Эрүүл бус хүнсний үйлдвэрлэл, зар сурталчилгаа их байгаа нь үүнд нөлөөлж байна. Олон улсад хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний зар сурталчилгааг хязгаарладаг. Гэтэл манай улсад телевизийн сурталчилгааны 90 гаруй хувийг эрүүл бус хүнс эзэлж байна. Мөн түргэн хоолны салбарууд огцом нэмэгдсэн боловч хүүхдүүдийн дасгал хийх, спортоор хичээллэх боломж нь хязгаарлагдмал байна. Энэ бүхнээс илүүдэл жин, таргалалт үүсгэх орчны нөлөө их байна гэсэн үр дүн гарсан” гэв.
Азийн есөн орны хүүхдэд чиглэсэн телевизийн сурталчилгааны өнөөгийн байдлын харьцуулсан судалгааны урьдчилсан дүнгээр хүүхдэд чиглэсэн телевизийн сурталчилгааг эрүүл болон эрүүл бус хүнс гэж ангилж үзвэл эрүүл бус хүнсний сурталчилгаа 3-5 дахин их байна. Телевизийн оргил цагаар /18:00-23:00/ нэвтрүүлж байгаа хоол хүнсний сурталчилгаа бусад үеэс 1.5-2 дахин их байгаа судалгааны үр дүнг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар танилцууллаа.
Тэрбээр “Телевизүүдийн оргил цагийн эрүүл бус хүнсний сурталчилгаа гурав дахин их байна. Азийн хөгжиж буй орны хүүхдүүдийн таргалалт 2030 онд 30 хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан. Харин Европын орнууд хүүхдүүддээ багаас нь эрүүл, зөв хооллолтын талаар мэдлэгийг олгодог.
Хууль эрх зүйн бодлого арга хэмжээг маш сайн хэрэгжүүлдэг. Эрүүл бус хүнсэнд хязгаарлалт тавьж, эрүүл хүнс үйлдвэрлэлийг дэмждэг. Эдгээрийг цогцоор нь хэрэгжүүлснээр хүүхдийн илүүдэл жингийн асуудлаа шийдвэрлэж чадсан” гэсэн юм. Илүүдэл жинтэй хүүхэд өөрийгөө дорд үзэж, үе тэнгийнхний дарамтад өртөхийн сацуу сэтгэл гутралд ордог. Улмаар насанд хүрээд халдварт өвчинд өртөх, эрт нас барах эрсдэлтэйг НЭМҮТ судалгаагаар тогтоожээ.
ХҮҮХДҮҮД САРД 30 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ЧИХЭРЛЭГ УНДААНД ЗАРЦУУЛДАГ
Сахар их хэмжээгээр агуулсан амттан, идэвхигүй хөдөлгөөнөөс гадна чихэрлэг ундаа нь хүүхдүүд илүүдэл жинтэй болоход нөлөөлж байгаа нэн тэргүүний эрсдэлт хүчин зүйлд тооцогдож байна.
Тухайлбал, өдөр бүр 500 мл чихэрлэг ундаа хэрэглэх нь биеийн жингийн индексийг нэг нэгжээр нэмэгдүүлдэг гэдгийг ДЭМБ-аас мэдээлэв. Гэтэл манай улсад хүүхдүүд долоо хоногт дунджаар 500 грамм элсэн чихэрийг зөвхөн чихэрлэг ундаанаас авч байгаа нь хэрэглээг нь хязгаарлах зайлшгүй шаардлага ирснийг баталж байна.
Энэ нь чихрийн шижингээр өвдөх нас залуужих суурь болж байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмч М.Нармандах манай сонинд өгсөн ярилцлагадаа “20 нас хүрээгүй жаахан охин чихрийн шижин өвчнөөс болоод хараагүй боллоо гэвэл та итгэх үү. Тухайн өвчтөнг судалж үзэхэд багаасаа чихэрлэг ундаа, амттан, түргэн хоолыг тогтмол хэрэглэдэг байсан нь энэ өвчний суурь болчихсон. Ингээд бодохоор бид эрүүл мэндээ хамгаалъя л гэвэл ходоодоо зөв захирч, аль болох чихэрлэг зүйл, түргэн хоолноос татгалзах хэрэгтэй” гэж ярьсан юм.
Сэтгэгдэл
зочин [122.201.24.161] 2022-06-10 08:55:35
ЁСТОЙ ЗӨВ, БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА. Бүх төрлийн жигнэмэг, гоймон, зайрмаг, бохь, гаа, цэлцэгнүүр, хөөсөн чихэр, хийжүүлсэн ундаа, халуун ногоо амтлагч, боловсруулсан мах хиам зайдас, утсан мах-загас, чихэр, шоколад, архи дарс пиво, бэлэн ба түргэн хоол, цагаан гурил ба цагаан гурилан боов боорцог, бялуу, цагаан будаа зэргээс Монголчууд минь ээ бүх нийтээрээ татгалзаач ээ, учир нь тэдгээр нь хорт хавдрын эсийг тэжээгчид юм биш үү?
зочин [66.181.160.3] 2022-06-10 04:58:22
мааш зөв зөв