Эмээлтийн хэдэн махны ченж, Хятадуудын эрх ашиг Монголын ард түмнийхээс дээгүүр болчихсон юм уу?
Хараат хатангир зах зээл үү? Үйлдвэрлэгч тусгаар тогтнол уу?
БНХАУ-аас 90 гаруй хувийн хараат эдийн засагтай Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж, экспортоо тасралтгүй нэмэгдүүлэх нь амь тариа шиг чухал төдийгүй наанадаж Монгол улсынхаа хүн амд аюулгүй, эрүүл, хүрэлцээтэй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг үйлдвэрлэгчдээ дэмжих нь уналт сүйрлээс аврах дархлаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлын тухай уриалсан нь алга ташмаар ч араар нь тонуулчдын бүлэглэл үндэсний шалгарсан үйлдвэрүүдийг шахан мохоох, шалган тарчлаах нь төр авлигачдаа хүчрэхгүй дээрэлхүүлж, ард түмний эрх ашиг шороотой хутгалдаж буйгаар нотлогдох нь.
Монголчуудын хүнсний уламжлалт гол хэрэгцээ махны зах зээлийн дийлэнхийг харийнханд даатгачихаад, бохир мах илэрч эхлэнгүүт сэтгүүлч, МХЕГ хоёр нь чанаж амталж үзээд шалгасан болчихдог, даварсан Хятадуудыг хянаж, шалгахаас урьтан далан жилийн түүхтэй мах боловсруулах ганц үйлдвэрээ боорлохоор турхирахыг “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн” гэхээс өөр тайлбар олдохгүй. Өндөр төрийн нэр хүндээр өөнтөгч, өлөнгүүд яаж ч наадахыг цаашид таашгүй. Даяарчлагдсан дэлхийд буутай цэргүүд тусгаар улсынхаа хилийг манаад газар нутаг тайван байх ч но-той харийнхан боловсон маягаар дотроос нь дээрэмдэж, өөрсдөө идэх хоолоо боловсруулж чадахгүйд хүргэн доройтуулж дээ. Эмээлтийн хэдэн махны ченж, хужаа нарын эрх ашиг монголын ард түмний эрх ашгаас дээгүүр алхдаг болсон уу?
Нийслэлийн статистикийн газрын мэдээгээр 2022 оны 05 дугаар сарын V долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 12712 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 15220 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 200 (1.3%) төгрөгөөр өссөн хэдий ч үхрийн цул махны үнэ 387 (2.2%) төгрөгөөр буурсан байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хар хорин” захад хамгийн хямд буюу 12500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна. Хамгийн хямд мах 1кг нь 12500. Дундаж эр хонины тураг мах ястайгаа 22 кг орчим ба үржвэл 1 хонины дан мах 275000. Гэтэл малчин хонио нэг дахин бага үнээр зарж чадвал аз чадахгүй бол хохь байдгийг бүгд мэднэ. Малын арьс шир, толгой, цувдай зэрэг бүтээгдэхүүн нь үнэгүй. Малын хотноос хэрэглэгчийн гарт маш олон дамжиж хүрдэг нь үнийн хөөргөдөл үүсэхэд нөлөөлдөг аж. Монгол Улс дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмжин, орчин үеийн технологид суурилсан, эрүүл, цэвэр мах идэх боломжоо дэлхийд бохир заваанаараа жигшигддэг хятадуудын гарт алдчихаад тэднийг яс горьдсон нохой шиг тойглоод суух нь ямар бодлого вэ?
Цар тахлын шинэ нөхцөл бүхнийг өөрөөр харах шаардлага тулган дэлхийн хүн ам жил ирэх тутам аймшигтай өлсгөлөнд нэрвэгдэхийг шинжээчид сануулаад удаж байгааг юман чинээнд тоохгүйгээ таван хошуу малын мах, тал дүүрэн тариа будаандаа эрдсэнийх гэвэл эндүүрэл болохгүй биз.
Гэхдээ энэ бол 21-р зуун учир мах гурилаа идээд манайхан өлсөхгүй гээд таг харанхуй суугаад байвал элэг доог болно.
Улс шиг улс болъё гэвэл юун түрүүнд 180 мянга орчим малчин өрхийг орлогожуулах, хөдөө аж ахуйн биржээ амилуулах, малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 сумд бий болгох, 21 аймагт боловсруулах үйлдвэрүүдийг барих, газар тариалангийн салбарын экспортыг нэмэгдүүлэх, Дархан арьс ширний үйлдвэрийг яаралтай ажиллуулах, нүүрс, зэс, төмрийн хүдрийг боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, экспортлох, эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангах, гадны зах зээлд нийлүүлэх зэрэг дорвитой цогц арга хэмжээг авалгүй улс төржилт, хийрхлийн дон шүглэж, хямралдаан, цумралдаанаасаа ч толгой өндийлгөж чадахгүй байсаар байтал Монгол залуус сайхан амьдрах боломж эрэлхийлэн мянга мянгаараа нүдээ шалгуулж, шүдээ тоолуулаад харийн оронд харж ажил хийхээр дараалал үүсгэлээ
Сэтгэгдэл
Иргэн [93.174.89.130] 2022-06-10 04:43:18
ЕТГД Я.Содбаатарын УБ хотын баруун зүүнд ХБ-с авсан зээлээр баригдаж байгаа 2 маш том махны үйлдвэр, агуулах ашиглалтанд орох дөхөөд том процесс эхлэж байна даа. Содоо ахаасаа л мах авдаг, зардаг болж байгаагаа мэдэж байгаа биз УБ-чуудаа
Зочин [64.119.22.225] 2022-06-10 03:13:22
EMEELTIIG YAARALTAI HAAAAAAA TEGEED MAHAAA OORSDOO BELDDEG BOL MAHIIG MASH HATUU HYNALT DOR BELDEH HERGTEI BID IIDDEG GANTS ZUIL SHUU DEE ZUGEER L EMEELTIIG HAAAAAA
Зочин [139.5.218.199] 2022-06-10 02:45:30
,Ихэнх нь ченж нэртэй хэл ам нь ойлгогдохгүй увс этгээдүүд байдаг ба тэд хужаа нартай хамтарч ажилладаг.
Зочин [202.21.98.238] 2022-06-10 02:05:09
МОНГОЛ АРДЫН НАМ, ЗАСГИЙН ГАЗАР, ЦАГДАА, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ТАГНУУЛ, ГАДААДЫН ИРГЭН ХАРЪЯАТЫН ГАЗАР НАР ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГУУД БОЛСОН БОЛОЛТОЙ!!!