Ч.Эрдэнэбат: Барилгын гол нэрийн бүтээгдэхүүн дээр дэлхийн хамгийн өндөр үнийн жишгээр татвар ногдуулдаг
Замын-Үүдийн жолооч нар барилгын гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох арматурын гаалийн татварын тухай тодруулж өгөхийг хүссэн юм. Энэ талаар бид сурвалжиллаа.
Зуун айл барилгын материалын захаар явж лангуун дээр зарагдаж байгаа үнийг судлав. Цагаан замаск 30 кг-тай нь 12000 төгрөг. Пильта нэг ширхэг нь 5000, обой 13000 мянгаас эхлээд 18000, 20000, 25000, 28000 гэх мэтээр өснө. Хямдарсан обой 10000 төгрөг. Нэг бүтэн обойг 5 м.кв талбайд наана. Хуулга 1 м.кв нь 22000-30000 төгрөг. Будаг 20 литртэй нь 75000-115000 төгрөг хүртэл үнэтэй. 20 литртэй нэг будгаар 54 м.кв талбайг будна. Будаг шингэлэгч ширхэг нь 4500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Манай барилгын салбарынхны хамгийн өргөн хэрэглэдэг цонхны шил нь 4 мм зузаантай гэнэ. Энэхүү шил Зуун айлын барилгын материалын захаар 45000-60000 төгрөгөөр зарагдаж байна.
Харин арматур нийлүүлдэг томоохон компаниуд болох “Бетон арматур”, “Агь трейд”, “Цамхаг гүүр”, “Металл опт” зэрэг компаниуд арматураа 3.1-3.15 сая төгрөгөөр дотооддоо борлуулж байна. Нэг ширхэг нь 12 метрийн урттай, 0.676 кг жинтэй. Нэг боодол нь 2.2 тонн жинтэй байдаг ажээ. 10 см-ийн голчтой нарийн арматур 3.15 сая төгрөг бол 14-өөс дээш голчтой бүдүүн нь 3.1 сая төгрөгөөр зарагддаг байна.
Тэгвэл Эрээний хилээр барилгын хамгийн гол нэрийн бүтээгдэхүүн болох арматур нь 500 мянган төгрөгөөр орж ирдэг боловч гаалийн татвар нь тухайн барааны 15.5 хувь байх ёстой атал өөрийнх нь үнийг дахин нэмдэг тухай Замын-Үүдийн жолооч нар хэлж буй юм. Энэ тухай “Борхойн тал” авто тээвэрчдийн нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбат ярихдаа “Хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг 4 мм-ийн зузаантай шилний үнэ урдаас 1 м.куб нь 200 мянгаар орж ирдэг. Гэтэл гаалийн татвар нь тавин хувь шахуу нэмэгддэг. Дээрээс нь барилгын хамгийн гол түүхий эд болох арматур байна. Арматур төмөргүй ямар ч барилга босохгүй. Эрээнээс наашаа 500 мянган төгрөгөөр орж ирдэг. Гэтэл эндхийн гаалийнхан хуулиндаа тухайн барааны үнийн 15.5 хувийг гаалийн татварт авна гэчихсэн байтал Европын ч юмуу, дэлхийн хамгийн өндөр үнийн жишгээр татвар ногдуулдаг. Тэр нь Монголд хамаагүй Хятадын үнээр ч юмуу, өөр стандартын дэлхийн үнийг тавьж байгаад татвар аваад байна. Уг нь бол бодит үнээс авах ёстой шүү дээ. Би барилгын материал оруулж ирдэг. Тэр тусмаа арматурын төмөр. Миний худалдаж авсан үнийн дүнтэй гэрээ байгаа шүү дээ. Жишээбэл, хамгийн хямддаа 1 тн арматурыг би 4500 юаниар худалдаж авдаг. Тухайн авсан барааны гэрээ хэлэлцээр бичиг баримт бүх зүйл бий. Гэтэл бичиг баримтаа үзүүлээд байхад л тийм зүйл байхгүй. Ерөнхий газраас ийм ханш тогтоосон гээд маш өндөр дүнтэй татвар авч байна. Улаанбаатарт яаж байна гэхээр танил талтай, мөнгө төгрөг, хээл хахууль өгч авдаг зарим хүмүүс нь бага татвартай гаргачихаад байгаа. Тэгэхээр нөгөө шударга өрсөлдөөн гэж юм чинь байхгүй болно. Адилхан л бараа зөөж мөнгө олж байгаа хүмүүс. Танил талтай нь бага татвар төлөөд, танил талгүй нь өндөр татвар төлдөг ийм байдал үүсчихсэн.
Хил гааль нээгдэх сураг ажиг алга. Хилийн цаана үлдсэн 300 контейнероо зөөж байна. Түүнийгээ өнөө маргаашгүй зөөгөөд дуусчихвал манай энүүгээр хөл хөдөлгөөнгүй нам зогсоно. Хятадын талаас ч ямар нэгэн хариу байхгүй. Хятадууд урьд нь авч байсан арга хэмжээгээ л авч байна. Уг нь бол Замын-Үүдийн боомт экспорт импортын 70 хувийг оруулж гаргадаг тоомоохон боомт. Гэтэл манай төрийнхөн яриа хэлэлцээрээ хийж чадахгүй байна. Үүнээс болж бараа материалын үнэ тэнгэрт хадаж монголчууд ямар байдалд орж байгааг бэлхнээ харж байгаа биз дээ. Манайхан ажлаа хийж чадахгүй ийм байдалд хүргэлээ” гэв.
Харин гаалийн татварын талаар Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газраас тодруулахад “Бид ямар нэгэн гаалийн татварын үнийг нэмсэн зүйл байхгүй. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухайн бараа бүтээгдэхүүний үнийн 15.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татварт ногдуулан авдаг. Үүний 10 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвар, 5 хувь нь гаалийн татвар нийлээд 15.5 хувь болдог” хэмээв.
С.ОТГОНБАЯР Б.ОТГОНЗАЯА
Сэтгэгдэл
Зочин [64.119.22.151] 2022-06-12 16:05:48
10см голч бишээ 10мм Мэдээг тэгс гээд бичдэгээ болих хэрэгтэй
зочин [103.57.94.45] 2022-06-12 07:46:17
Банкны хамгаалагч ажилд авна 94046410