“Цусны донорын дэлхийн өдөр” тохиож байна

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, хариу нэхдэггүй хүмүүнлэгийн үйлсийн эздийг алдаршуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Цусаа бэлэглэж, эв нэгдлийг эрхэмлэн бусдын амь насыг аварцгаая” уриан дор улс орнууд нэгдэж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.06.13/ “Цусны донорын дэлхийн өдөр”-т зориулсан “Нээлттэй хаалганы өдөр”-т оролцож, цусаа хандивлаж, хүрэлцэн ирсэн хүндэт доноруудад талархал илэрхийлэв. Энэ үеэр цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, аюулгүй байдлыг хангах зэрэг бодлогын түвшинд олон ажил хэрэгжүүлэхээс гадна донорын хувьд ч үүргээ тогтмол биелүүлнэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн нийт ард иргэдэд хандаж цусаа хандивлаж хүний амь нас аврах гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалав.

Манай улс 19 дэх удаагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн Цусны салбар төвүүдэд “Хүндэт донор”-уудаа хүлээн авч, олон нийтэд уриалга, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Энэ онд шинээр 160 "Хүндэт донор" төрсөн байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-өөр байгууллага хамт олноороо цусаа бэлэглэж донорын эгнээнд нэгдэн, донорын үйлсийг талархан дэмжиж, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулж, онцгойлон баяр хүргэсэн юм.

Тус төвөөс улирлын хамааралтай цусны нөөц буурахаас урьдчилан сэргийлэх, сайн дурын цусны донорын үйлсийг сурталчлан таниулах зорилгоор цогц сургалт, мэдээллийн 21 хоногийн аяныг эхлүүлжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.