Төрийн өмчит компанийг алдагдалтай ажиллуулсан ТУЗ, удирдлагыг чөлөөлнө

Aдмин / Хууль

Улстөрчид, олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй хууль бол Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл юм. Төрийн өмчийн оролцоотой 105 компанитай холбоотой асуудлыг цэгцлэх хууль авлига, ашиг сонирхлыг хөндөж буй учраас арайхийж парламентын босго алхаж буйг ажлын хэсгийнхэн хэлж байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн гол үзэл баримтлалыг “30 жилийн системийг өөрчлөх гэж хуулийн төслийг оруулж ирсэн. Төрийн өмчит компани алдагдалтай ажилладаг, алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй, ТУЗ-д төрийн төлөөллүүд ордог тогтолцоог халахын тулд хуулийн төсөл оруулж ирлээ. ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулалтаар авна.

Гүйцэтгэх удирдлагыг мөн ялгаагүй ТУЗ-ийн баталсан дүрмээр, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн өмчийн оролцоотой компаниудад тавьдаг тогтолцоог бий болгох нь энэ хуулийн үзэл баримтлал юм. Төрийн өмчит компанийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг чөлөөлнө. Чөлөөлөх үндэслэл болно.

Дараагийн өөр төрийн өмчит компанид, ТУЗ болон захирлаар очих нөхцөл бололцоог хаана. ТУЗ-д нөөцийн систем бүрдүүлнэ. Төрийн төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно гэсэн агуулгаар орж ирж байна” гэж танилцуулав. Төрийн өмчийн компанийг цэгцлэхэд төрийн түшээд болон ажлын хэсгийнхэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ЦЭГЦЛЭХЭД ТӨРИЙН ТҮШЭЭД ЮУ ГЭЖ ХЭЛЭВ

С.Бямбацогт:

-Төрийн өмчит компаниуд “Угжны хурга” шиг тэтгүүлдэг. Шоовдор хүүхдүүд нь хувийн хэвшлийнхэн, айлын эрх танхи хүүхдүүд нь төрийн өмчит компаниуд байна. Төрийн өмчит компаниудад дарга, даамлын “халаасны” хүмүүс, “цүнх баригч” нар томилогддог. Үүнийг цэгцлэх ёстой.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж, 10.6 их наядын орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 8.7 хувь буюу 860 тэрбум, цэвэр ашгийн хэмжээ 830 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн өмчийн оролцоотой 105 компани бий. Өр авлагын тухайд 18 их наядын өр төлбөртэй байна.

Н.Наранбаатар:

-Орон нутагт улстөржилт, хахуул бий болгодог газар нь орон нутгийн өмчийн оролцоотой компаниуд байдаг. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчийн компанийн ТУЗ-д орно. Цалин урамшуулал авна.

Б.Энхбаяр:

-Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн тухай хууль олон саад бэрхшээл туулж энэ танхимд орж ирсэн. Энэ танхимд оруулахгүй байх их том мөнгөний сонирхол байж ирсэн. Уг хуулиар авлигачдын эрх ашгийг хөндөж буй.

Г.Тэмүүлэн:

-Төрийн нөлөөллийг илүү ихэсгэх, компани бие дааж шийдвэр гаргах эрхэд нь нөлөөлөх хууль болох гээд байна. Энэ хууль зөв гарсан бол төрийн өмчийн хороо татан буугдах ёстой. Томилгоог Засаг дарга, ТУЗ-ийг яамд томилох гэж байна.

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг:

-Хуульд Сангийн яам гэдэг юм уу төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх агуулга байхгүй. Мэдээж төрийн өмчийн компани байгуулж байгаа бол ногдол ашгийн бодлогоор Сангийн яамтай уялдана.

Ж.Сүхбаатар:

-Төрийн өмчийн нэгдсэн бүртгэл байхгүй учраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам, Аудитын газар гурван өөр тоо хэлж байна. Үнэндээ төр өмчөө мэдэхгүй байна. Улс төрийн албан тушаалтныг ТУЗ-д оруулахгүй нь зөв.

Ц.Даваасүрэн:

-Шударга зарчмаар сонгон шалгаруулалт явуулна гэнэ. Шударга болж “яг харагдаач”. Банкуудаа, ЖДҮ-ээ дуусгаад одоо төрийн өмчийн компаниудаа дуусгах хууль орж байгаа юм байна.

Б.Пүрэвдорж:

-Эрх баригчид иргэн бүрийн халаас руу дайрч орж байна. Инфялцаар хулгайлж байна. Төсвөөс 2.5 дахин их гадаад өртэй. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нөлөөлж байгаа. АН, МАН адилхан цүнх баригч нараа аваачиж удирдлагаар нь тавьж ТУЗ-ийг бүрдүүлээд идэж уудаг.

Г.Ганболд:

-Төрийн өмчит хувьчилж буй компаниудаа цаашдаа хувийнханд алдах эхлэл. Энэ хуульд хоёр компанийн ТУЗ-ийг тус тусад нь өөр заалтаар оруулж ирэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АТҮТ [202.21.125.150] 2022-06-15 01:12:48

АТҮТ -Н ДАРГА ГҮРСОРОНЗОН ГЭЖ БААРНЫ ХАМГААЛАГЧ АТҮТ-Н ДАРГА БОЛООД ТЭРБУМ ДАВСАН БАЙРАНД ОРСОН ГЭХЭЭР ИХ Л САЙН ХУЛГАЙЛСАН БАЙГАА ЮМ ДАА.... ДАРГАДАА АШИГТАЙ ТӨРИЙН ӨМЧИТ ХХК -НУУД

Эрдэм [103.161.242.139] 2022-06-14 23:22:21

Чөлөөлөөд зогсохгүй хариуцлага тооцох хэхэгтэй.

Зочин [66.181.160.39] 2022-06-14 05:54:22

Төрийн өмчийн ААНэгжүүдийн алдагдалтай ажиллахад хүргэж буй нэг зүйл ТУЗ гэгч мөнөөс мөн.Цаашид ийм нүсэр ТУЗ байгуулахыг хориглох хэрэгтэй . Түүгээрч барахгүй энэ хэд чинь нөгөө шахаа хийдэг,зуучилдаг гол нөхөд чинь эд нар шүү дээ. Амьдрал дээр ийм л байсан,одоо зах зухаасаа харагдаж байх шиг байна.Зөв л алхам гэж харж байна.

Хариуцлага [202.9.41.27] 2022-06-14 05:18:13

Хариуцлага тооцох ёстой биш үү

зочин [202.131.229.246] 2022-06-14 04:32:54

хөгжлийн банкнаас дутахгүй нэг том авилгын нүхийг таглаж чадах юм болвуу л гэж харж байна

Ганбаа [202.126.90.93] 2022-06-14 03:51:02

Хөгжлийн банкинд хамгийн их өртэй ТЭЦ-4 захирал Төмөрхуяг хамгийн эхэнд чөлөөлөгдөх ёстой.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.