Үнгэгдсэн Үндсэн хууль
ҮНДСЭН ХУУЛИЙГ ҮНГЭЖ ҮНС НУРАМ БОЛГОХ НЬ УУ?
Монгол Улс бүх ард түмнээрээ 1992 онд хэлэлцэн баталсан Үндсэн хуульдаа “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж тунхаглаад Мөн Нэгдүгээр бүлэг Монгол Улсын бүрэн эрхт байдал, нэгдүгээр зүйлийн хоёрт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээсэн ч өдгөө хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн үндсэн шинж нэгэнт алдагдаж, харгислал, хүчирхийлэл нийгэмд газар авсан төдийгүй, ардчилсан ёсны үндсэн зарчим алдагдаж, шударга бус байдлын туйлд хүрч, хүн бүр эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломж хомсдон, нийгмийн ялгарал ард түмний дунд нүүрлэж, үндэсний эв нэгдэл салбар бүрд сарнин бутарч, төрийн үйл ажиллагаа хууль үл хэрэгсэх байдал руу орсон өнөөгийн нөхцөлд аливаа бугшсан хямралыг улс нийтээрээ дүгнэн хэлэлцэж, ул суурьтай нэгдсэн зөв шийдэлд хүрэхээс цааргалж, цар тахал, эдийн засгийн уналтыг далимдуулан өөрсдийн унхиагүй үйл ажиллагаа, уруудсан нэр хүндийг аврах, төрийн эрх мэдэлд хүчээр дулдуйдан үлдэх башир явцуу санаархалдаа автсан эрх баригчид Монгол Улсын эцэг хуулийг дурын навтарга мэтээр засварлан, хоёр гуравхан жилд болхи гараар, бүдүүлгээр халддаг байдалд олон нийт эрс шүүмжлэлтэй хандаж байна.
Саяхан буюу 2019 онд баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачлагчид нь амаа олохгүй магтаж байсныг түмэн мартах болоогүй. Энэ талаар нэгэн иргэн сошиал хуудаснаа ийн өгүүлсэн нь ....Гуравхан жилийн өмнө хамгийн төгс төгөлдөр өөрчлөлт хийчихлээ гэсэн бүрэлдэхүүн өнөөдөр ч яг хэвээрээ шахуу байгаа. Гэсэн атал одоо дахиад өөрчилчихвөл яг алаад өгнө гэж худлаа яриад, өөрсдийнхөө хэтэвчний нам болох ХҮН-аар өөрчлөх төсөл санаачлуулаад, ард иргэдэд төрийн сүлд гэдэг хэрүүлийн сэдэв хаяж өгөх гээд байж байна. Ард иргэд төрийн сүлд гоё муухай, морь нь тарган туранхай гэж мэтгэлцэж байх хооронд эрх баригчид өөрсдөдөө ашигтай зүйл заалтыг хийх гээд сууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ. УИХ-ын гишүүдийг давхар дээлтэй болгоно гэх мэт. Гуравхан жилийн өмнө Үндсэн хууль өөрчилсөн УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр ч сандал суудалдаа хэвээрээ, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч болоод дэвшчихсэн. Тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ эдүгээ Ерөнхий сайд болчихсон. Тэр үеийн УИХ-ын бүтэц бүрэлдэхүүн үндсэндээ хэвээрээ байгаа. Тэгсэн атал өөрсдийн хийсэн хамаг буруу ажлаа Үндсэн хуульд чихэх гээд ичих ч үгүй сууж байна. Одоо л өөрчилчихвөл алах юм байхаа. Түүн шиг үлгэр гэж хаа байх билээ. Манай улс шиг Үндсэн хуульдаа гурван жил болоод гар дүрээд, өөрчлөөд байдаг улс энэ дэлхийд лав үгүй. Хэдүүлээ 100, 101 жил гэж огшиж дуусаагүй байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Та бид төрийн сүлдний морь ярьж хэрэлдэж байх хооронд бүх муу муухай зүйл аль хэдийн болчих нь... Гэсэн нь МАН- ын аливаа будилаан хутгахдаа хэрэглэж дадсан бохир технологийг судалсан хүний үг гэлтэй. Г. Занданшатарын яриад яваа зөвшилцөх ардчилал гэх нэр томьёо, онолын батлагдсан үндэслэл байхгүйг ч судлаачид хэлж, Т. Доржханд гишүүний сумдыг нэгтгэх асуудлыг Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюултай гэж судлаачид шүүмжилж байна. Нийгэм судлаачдын бодит шүүмжлэлийг олон нийтэд хүргэхээс айцгааж, судлаач Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Уянга нарын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаарх хэвлэлийн хурлыг зориуд сошиал орчинд дарагдуулж, анхаарлын төвөөс зайлуулж чадаж байна. Иргэн Д.Ламжав: “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол энэ нь “ Ард түмэнд олгосон эрхийг хураан авч буй ухралт” болно. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэрийн дор МҮОНРТ-ээр хэлэлцүүлгүүд гарсан нь ард түмнийг хууран мэхлэх дайнд мордсоныг харуулж байна...” хэмээсэн нь эрх баригчид өнгөц өөрчлөлтийг сандруу хийж саар санаархал гүйцэлдүүлэх гэж байгааг олоод харчихсан хөгшин чонын сануулга мөн бололтой.
Монгол Улсын нийт иргэдийн аюулгүй байдал, амьдрах таатай орчин, улс төр, нийгмийн тогтвортой байдал, эв нэгдлийг хангах, нийгмийн аюулгүй байдалд тулгуурлах, Монгол Улсын төрийн эрх барих тулгуур хоёр хүчний нэг Ардчилсан намыг хагалан бутаргахаар санаархагчдын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, сөрөг хүчний үүргээ биелүүлэх боломж олгох, ардчиллын зарчмыг шударгаар мөрдөх, төрд нүүрлэсэн хулгайн тогтолцоог арилгах, хууль, шүүхийн байгууллага улс төрчдийн нөлөөнд автахаас сэргийлэх, авилгаасхараат бус ажиллах, хуулиа мөрдөх боломж бүрдүүлэх зэргээр урьдаар тулгамдсан амин чухал ажлуудаа цэгцлэхийг яаравчлахын сацуу “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ”-д заасны дагуу МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ” тогтвортой дархлаатай байх үндсийг бүрдүүлэх, асуудалд шинжлэх ухаанч байр сууринаас хандаж аливаа батлагдаагүй онол практикт нийцэхгүй зарчим, үйл ажиллагааг газар авхуулалгүй Монгол улсын тусгаар тогтнол,газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хамгаалах үүднээс холбогдох заалт, журмыг сайтар нягтлах, мөрдөж ажиллахын зэрэгцээ “Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл”-д олон нийтийн бодит оролцоо, саналыг сайтар тусган чамбайруулж, мянга мянган жилийн асар арвин түүхтэй өндөр төрийн түүх уламжлалаа эрхэмлэн, олон улсад Монгол Улсын парламентын ардчиллын нэр хүнд сэвтэхээс сэргийлэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны үзсэнчлэн нэгдүгээрт улс үндэстний эрх ашиг, хоёрдугаарт нам бүлгийн эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашиг гэсэн эрэмбийг огтхон ч үл мартахыг сануулан эцэг хуульдаа эх суурьтай хандахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн Газараас дахин дахин шаардмаар...
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [202.179.25.136] 2022-06-15 09:51:14
ЗҮГЭЭР Л ХЭН ДУРТАЙ НЬ ГУТГА ХАНЦУЙЛААД Л ХОТ РУУГАА ОРДОГ БОЛЖ. МОНГОЛЫГ АРД ТҮМЭН МАЙЙ Ч МАЙЛАХГҮЙ ТЭЭ. ӨӨД НЬ ХАРУУЛААД Л ЗУРЖ ОРХИХ НЭ...
Зочин [192.82.77.79] 2022-06-15 03:40:09
ХҮРЭЛ СҮХЭД МОД, ИДЭЖ УУХ ЗҮЙЛ ЯРИХААС ЦААШ БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ ШҮҮДЭЭ. ИЙМ АРЧААГҮЙ ПОП ЭТГЭЭД ТӨРИЙН СЭНТЙ ЗАЙДЛААД Л. МОНГОЛЧУУДЫН НЭГЭН ЦАГИЙН ҮЙЛИЙН ҮР ЮМУУДАА
Зочин [66.181.160.86] 2022-06-15 01:55:06
Ядарсан төр \ Занданшатар \ - ядарсан засгийн гэзар \ Оюунэрдэнэ \ ХОЁР САЙД аа томилж чадахгүй ҮХ - ээ ҮХҮҮЛЖ амар схахандаа жаргах гэж байгаа хэрэг ... Ерөнхийлөгч хөөрхий муйхралчих боломжгүй болсон , тэгээд ч тариа ногоо - хоол хүнс яриад явж байсан нь хамаагүй дээр дээ ...