Амрагчид Горхи-Тэрэлжийн бүс нутагт жилд дунджаар 3000 тонн хог хаядаг

Aдмин / Нүүр

Зургадугаар сарын 13-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Горхи-Тэрэлжийн бүс нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчил болоод байгалийн унаган төрх сүйдэж буйг нийслэлийн удирдлагууд хөндөж, анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бий болсныг дурдсан. Тухайлбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайд хашаа татжээ. Мөн иргэд ил задгай зугаалдаг байдал нэмэгдэж, амралтын өдөр гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасардаггүй байна. Налайх дүүрэг 40 мянган хүн амтай ч энэ тооноос хоёр дахин их тооны хүнд үйлчилгээ үзүүлдэг.

2022 он гарснаас хойш эхний таван сарын байдлаар Горхи-Тэрэлжийн чиглэлд нийт 98.032 иргэн, 38.152 тээврийн хэрэгсэлтэй зорчсон нь өмнөх жилүүдийн мөн үеэс өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байв. Ийм тооны иргэд тус чиглэлд аялал зугаалгаар зорчин, өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, гол гатлах, усанд сэлэх, хувийн бэлтгэлгүйгээр ууланд авирах зэргээс үүдэлтэй гамшиг, ослын дуудлагын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа юм.

Тоо дурдахад, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2021 онд гамшиг ослын 46 дуудлага ирж, 79 иргэний амь аварсан бол есөн иргэн харамсалтайгаар энджээ. Үүнд, долоон иргэн усанд осолдож, нэг иргэн сураггүй алга болж, мөн нэг иргэн амиа хорлосон байна. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид усанд осолдсон 70 иргэн, авто замын осолд орсон долоон иргэн, ууланд төөрч, осолдсон нэг иргэн, үер усны осолд өртсөн хоёр иргэнийг авран хамгаалжээ. Тухайн оны эхний хагас жилд дутуу хөлдсөн гол дээгүүр автомашинтай зорчсоноос голын усанд цөмөрч орсон хоёр дуудлагад ажиллан, найман иргэний амийг аварсан байна. Түүнчлэн тус бүсэд хүн алга болсон гэх эрлийн дуудлагаар хоёр иргэнийг олж, авран хамгаалжээ.

Амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3000 тонн гаруй хог хаягдлыг ил задгай хаядаг бөгөөд энэ нь голыг ихээр бохирдуулж, усны нөөц багасахад хүргэж байна. Ганцхан жишээ дурдахад, 2021 оны баяр наадмын үеэр буюу 10-15 хоногийн хугацаанд тус бүсэд зорчсон 90 мянга орчим аялагч нийт 452 тонн хог хаягдал үүсгэжээ. Тус хог хаягдлыг цэвэрлэхэд 74 төрийн албан хаагч ажиллан, 88 рейсээр тээвэрлэсэн байдаг. Түүнчлэн аялагчид ил задгай бие засах, жуулчны баазууд стандартын шаардлага хангахааргүй нүхэн жорлонг олноор барьснаар хөрсний бохирдол нэмэгдэх шалтгаан болж буй. Мөн тус бүсэд нам даралтын болон энгийн зуух ашигладаг 73 аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд агаарын бохирдолд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Энэ мэтчилэн Горхи-Тэрэлж орчмын бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил болоод байгаль орчны бохирдол нэмэгдэж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.83] 2022-06-15 11:38:13

Туулын бургас шугуй болгонд хүмүүс ирж амраад хогоо хаячихаад бургасандаа бааж шээчихээд хончихоод яваад өгдөг үнэн заваан шүү дээ оркууд аа гэж

Бумнанжид [66.181.161.84] 2022-06-15 07:28:40

Хүн бүр байгалийн сайханд аялах эрхтэй харин орчинг нь бүрдүүлж авдаг татвар хураамжаа авч орчин тойронг нь дордуулахгүй байх нь эвэртэн туурайтны ганц үүрэг нь.хэдэн томхон жорлон,зогсоол,хогийн цэг байрлуулаад л орц гарцан дээр нь татвараа аваад цэгцэлчих нь юу нь хэцүү байгааг ойлгох ухаан хайрла.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.