Шөлний хонь 250-350 мянган төгрөгийн үнэтэй байна
Наадмын өмнө буюу өдийд монголчууд “шинэ ногоо идсэн малын шөл уух сайн” гэж ярьдаг. Тиймээс өдийд амьд малын худалдаа илүү эрэлттэй байдаг билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эмээлт” зах орлоо. Тус захад байрлах амьд малын худалдаанд хонь, ямаа зэрэг бог мал ихэвчлэн худалдаалагдаж байна.
Хоёр настай буюу шүдлэн хонь 250 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол нас бие гүйцсэн тарган эр хонь 350 мянган төгрөгийн үнэтэй байна. Дундаж хонь 270 мянган төгрөгийн үнэтэй. Ямааны үнэ 200 мянган төгрөгөөс эхэлж байна.
Хэрэв тухайн авсан малаа муулуулах буюу төхөөрүүлэх бол тусдаа 20 мянган төгрөгийн үнэтэй. Мөн гэдэс дотрыг нь арилгах, толгой шийрийг нь хуйхлах гээд тусдаа үнэ ханштай байна.
Хамгийн гол нь иргэд мал таних тал дээр тааруу байгаа нь ажиглагдлаа. Тиймээс тарган мал хэрхэн шинжиж авах талаар товчхон зөвлөмж хүргэж байна.
ЗӨВЛӨМЖ: Хонь, ямааны тарганыг хэрхэн мэдэж авах вэ?
ХОНЬ:
-Хонины сүүл том байх тусмаа сайн. Ялангуяа хонь ноослох болоогүй цагт хонины хэнхдэг болон хонго, сүүлний ноос зумарч унасан байвал шинэ ногоо идэж тарга хүч суусан байна гэж ойлгож болох нь.
-Гэхдээ сүүл том хэдий ч өөх багатай байж болно. Тиймээс сүүжний ясны хавьцаа гараараа дарж үзэхэд илүүдэхгүй. Гараараа дарахад яс нь мэдэгдэхгүй бол тарган байна гэсэн үг.
ЯМАА:
-Цавь, суганы үс нь унаж өнгө засаад эхэлсэн харагдвал тарга хүч ороод эхэлжээ гэж хэлж болно.
-Ямааны хүзүүг гараараа базаж үзэхэд гарт яс мэдрэгдэхгүй зузаарсан байх ёстой. Мөн хавирга хавьцаа гараараа нааш, цааш нидэрч үзэхэд яс мэдэгдэхгүй бол тарган гэсэн үг. Мах, өөх суугаагүй ямааны хавирганы яс гар хүрэхэд л мэдэгдээд андашгүй байх нь.
Сэтгэгдэл