Гол, мөрөн аюултай түвшинг даван хүчтэй үерлэж буйг онцгойлон анхаарууллаа
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Зэгстэй болон Сэлэнгэ мөрөн Хялганат баг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ.
Харин Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10-45 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 22-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 35 см, цаашлаад 25-26-ны өдрүүдэд Чингис хот орчмоор 30-50 см нэмэгдэн үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэнэ.
Түүнчлэн маргааш буюу 22-ны өдөр Туул гол Алтанбулаг, Онон гол Дадал сум орчимд усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл